|

11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

tonshuul 2015/04/13 187593 17463

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл улсын хэмжээнд өрнүүлсэн "Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Дэд бүтцийн хяналтын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хийсэн ажлаа тайлагналаа.

Дээрх салбаруудад гарч байгаа осол аваарийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, газар хөдлөлтийн үеийн бат бэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулжээ.

 

11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

 

 

Улсын хэмжээнд 275 барилга байгууламжид хяналт шалгалт хийснээс өсвийн хөрөнгөөр баригдсан 39, төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан 27, осол гарсан 28 барилгын 94 аж ахуйн нэгж, 42 иргэний барилга байгууламж, барилгын материалын 6 үйлдвэр, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, замын байгууламжийн ашиглалт, шинэчлэлт, засвар арчлалт, Улаанбаатар болон Өмнөговь аймгийн 25 лифтийн шинэчлэл, "Ургах наран” хорооллын бохир усны гадна шугам сүлжээ, "Налайх-Улаанбаатар”, "Туул-1” бохир ус цуглуулах гол шугам сүлжээний 2 дугаар үе шатны ажил хамрагдсан байна.

Хяналт шалгалтаар 2479 зөрчил илрүүлж 669 буюу 27 хувийг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн эрсдэл ихтэй 53, дунд эрсдэлтэй 61, бага эрсдэлтэй 161 объект байгааг тогтоосон байна.

Барилга байгууламжийн чанар, техникийн аюулгүй байдалтай холбоотой 1844 зөрчил илэрснээс 31.4 хувь нь техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэд, 5.8 хувь нь зураг төслийн боловсруулалтад, 38.9 хувь нь барилга угсралтад,9.5 хувь нь материалын чанар байдалд, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой 635 зөрчил илэрсний 69.1 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалд, 30.9 хувь нь хөдөлмөрийн харилцаанд  илэрчээ.

Аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын систем  хангалтгүй, хэрэгжүүлдэггүй,мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжлийн ажилчидгүй, машин техник, тоног төхөөрөмж муу аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулдаг, барилга байгууламж, авто зам, гүүрийн зураг төсөл нь норм дүрэм, стандартын шаардлага хангахгүй, хайгуул, судалгааны ажил дутуу, техник-ашиглалтын түвшингийн судалгааг нарийвчлан тогтоогоогүй, инженер-геологийн судалгаа нь бодит байдалтай нийцдэггүй зэргээс зөрчил дутагдал гарч байна.

Мөнулсын экспертизийн албань илэрч байгаа зөрчил дутагдалд судалгаа дүгнэлт хийдэггүй, зураг төсөл зохиогч болон экспертүүдэд хариуцлага тооцдоггүй, хяналт тавьдаггүй, барилга, байгууламжийн байршлыг өөрчлөх, батлагдсан зураг төслийн дагуу барьдаггүй, зураг төслийг дур мэдэн өөрчилдөг, баримт бичиг дутуу, зураг төсөл хянагдаж баталгаажигдаагүй байхад барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгодог нь зөрчил гарах нөхцлийг бүрдүүлжээ.

 

11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

 

 

Өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан, баталгаажилтгүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангадаггүй, хэрэглүүлж хэвшээгүй, аюулгүйн бүс шаардлага хангадаггүй, аюулгүй ажиллагааны дүрэм журамгүй, мэргэжлийн бус иргэдийг ажиллуулдаг, ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургаж, зааварчилгаа өгдөггүй, дотоод хяналт тогтмолжоогүй, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрөнгө төсөвлөдөггүйгээс осол аваар гарч байна.

Хяналт шалгалтаар илэрсэн, зөрчил дутагдал арилаагүй байхад улсын комисс барилгыг хүлээн авдаг гээд хариуцлага сул, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар Барилгын тухай хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй, тэдний хайнга, буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчил дутагдал ч байна.

Хяналт шалгалтын дүнг үндэслэн удаа дараа осол гаргаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр доорх нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх саналыг холбогдох яаманд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн Барилга, хот байгуулалт, Сангийн яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль хяналтын байгууллагад хандан цаашид авах арга хэмжээний саналаа хүргүүлэхээр боллоо.

Тухайлбал тендерт шалгарч төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг "Хар жагсаалт”-д бүртгэн дахиж тендерт оролцуулахгүй байх, хуулийн байгууллагад асуудлыг нь тавих, нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдийн барьж байгаа барилгуудыг эрчим хүчээр хангахгүй байх, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлөх тухай албан тоот илгээхээр шийдвэрлэлээ.

Аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг төсөвлөж зарцуулж байх, аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа барилгын ажлаа эхлүүлэх, дотоод хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаас гаргасан дээрх шийдвэр нь барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хааж боосон хэрэг биш. Гагцхүү хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй ослоос зайлсхийх зорилготой гэдгийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд тэмдэглэлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор 90 гаруй хүн амиа алдсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top