|

С.Эрдэнэбат: Монголын уул уурхайн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц мэргэжлийн сэтгүүлтэй боллоо

bayaraa 2015/01/09 3774 426
С.Эрдэнэбат: Монголын уул уурхайн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц мэргэжлийн сэтгүүлтэй боллоо Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль "Erdenet Development сэтгүүлийг эрхлэн гаргаж, оны өмнөхөн 50 дахь дугаараа олон нийтэд хүргээд байна. Уг сэтгүүлийн эрхлэгч, Технологийн сургуулийн захирал, доктор С.Эрдэнэбаттай дээрх сэдвээр ярилцсан юм.

-Танай сургууль уг сэтгүүлийг өмнө нь эрхлэн гаргадаг байснаас багагүй өөрчлөлтүүд хийжээ. 50 дахь дугаарын онцлог юу вэ?

-Монгол улсын уул уурхайн тэргүүлэгч компани "Эрдэнэт үйлдвэр” салбартаа жишиг болохуйц мэргэжлийн санал бодол, судалгааны ажлаа сэтгүүлийнхээ шинэхэн дугаарт багтаалаа. Уг сэтгүүлийн 50 дахь дугаарт шинэ санаа бүтээмж, инноваци, баяжуулах үйлдвэрийн технологийн онцлог зэрэг мэргэжлийн судлаач, докторуудын үнэтэй санал, нийтлэлүүд гарсан. Сэтгүүлийг "Эрдэнэт хөгжил” нэртэйгээр Мэдээлэл сурталчилгааны алба эрхлэн бэлтгэдэг байсныг манай сургууль дээр шилжүүлсэн. Үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн захирал маань мэргэжлийн хүний хувьд үнэтэй зөвлөгөө өгч, манайх сэтгүүлчтэй болсон байгаа. Тиймээс 50 дахь дугаар маань мэргэжлийн түвшинд чанартай бүтээлүүдээр бэлтгэгдсэн гэж үзэж байна.

-"Эрдэнэт үйлдвэр” 2015 оноос шинэ концепциээр ажиллаж эхлэх гэж байна. Шинэ концепцийн онцлог, гол зорилго болоод зорилтын талаар сэтгүүлд ямар материалууд орсон бэ?

2015-1-8-Setguul

- Үйлдвэрийн хаалтын менежментийг ярьж эхэлсэн энэ үед зэсийн баяжмал хайлах үйлдвэр барих талаар баримталж буй бодлого, Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн "Ажлын мэдлэг, туршлагатай хүмүүсийн оюуны чадварыг эргэлтэнд оруулах ёстой” гэсэн дэлгэрэнгүй ярилцлага гарсныг "Erdenet Development” сэтгүүлээс уншигч та унших боломжтой. Мөн шинэ технологи инновацийн хогноос тос гаргах арга, дижитал үйлдвэрлэлд шилжих үндэслэл зэрэг материалыг сэтгүүлдээ оруулсан. Үүний зэрэгцээ төр нийгмийн нэрт зүтгэлтэн, геологи эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцын "Эрдэнэт үйлдвэр маш богино хугацаанд боссон” сонирхолтой дурсамж ярилцлагыг сэтгүүлийн 86 дахь нүүрэнд нийтлэсэн байгаа. Уг сэтгүүл зөвхөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн төдийгүй Монголын уул уурхайн хөгжилд зохих хувь нэмрээ оруулахуйц мэргэжлийн сэтгүүл болсон. Сэтгүүлийн нийтлэлчдийн албанд "Эрдэнэт үйлдвэр”-ээс төрсөн төрийн соёрхолт, докторуудын баг байнга ажиллах юм. Сэтгүүл улирал бүр шинэ мэдээлэл, уул уурхай, геологи эрдэс судлал зэрэг салбарын мэдээлэл, шинжлэх ухааны үндэслэлтэй материалуудаар баяжигдан хэвлэгдэж байх болно. Бид сэтгүүлээ Монголын мэргэжлийн салбарынхандаа хүргэж эхэллээ.

М.Мөнх erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top