|

Өршөөлийн хууль эдийн засгийн хямралаас гарахад ихээхэн тус хүргэсэн

tonshuul 2015/01/16 2242 135
Өршөөлийн хууль эдийн засгийн хямралаас гарахад ихээхэн тус хүргэсэнЗасгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холботойгоор зөв, буруу гэх мэтгэлцээн нийгэмд газар авах бололтой. Засгийн газрын зүгээс УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд "Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, илтод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу боловсруулсан хэмээж байгаа.
 
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан.
 
Угтаа бол Засгийн газраас элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа дотоодын нөөц бололцоогоо ашиглан бага багаар сэхээх арга хэмжээ авахын тулд дээрх хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн нь тодорхой. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжихийн тулд тодорхой хэмжээний өршөөл үзүүлэх нь ч зайлшгүй үзэгдэл.
 
Гэтэл олон нийтийн дунд эдийн засгийн гэмт хэрэгт үндсэндээ цагаан захтнууд, эсвэл бизнесийн хүрээний томчууд холбогддог гэдэг утгаар нь улстөрчид өөрсдийн эргэн тойрныхоо хүмүүсийн арьсыг хамгаалах хуулийн төсөл өргөн барьлаа гэж хардаж байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл энэ удаагийн хуулийн төслүүд эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд илүү хамааралтай гэгдэж байгаа.
 
Тодруулбал, Эдийн зас­гийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд тусгаснаар Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих, 158.1-ийн Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих, 159 дүгээр зүйлийн Аудитын
тухай хууль тогтоомж зөрчих, 161-ийн Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх, 166-ын Татвар төлөхөөс зайлсхийх, 168-ын Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах, 175-ын Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, 175.1-ийн Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн этгээд энэхүү өршөөлд хамрагдах боломжтой.
 
Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаарт заасан Худалдаа, үйлчилгээний журам зөрчих, 43-т заасан Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журмыг зөрчсөн этгээдүүд хамрагдахаар заагдсан байгаа юм. Гэхдээ энэ удаагийн хуулийн төсөлд тусгаснаар нэлээд өргөн хүрээг хамарч байгаа тул элгээрээ хэвтчихээд байгаа Монголын эдийн засагт багагүй хувь нэмрээ үзүүлнэ гэдгийг ихэнх эх сурвалж хэлсээр байгаа юм.
 
Учир нь 2007 оны татварын өршөөлийн хууль 2009 оны санхүүгийн хямралыг давахад ихээхэн тус болсон гэж үздэг. Тухайн үед 44 мянган аж ахуйн нэгжийг уг өршөөлд хамруулахаар тооцоолсон ч 28 мянга нь л төрийн "ивээлийг” хүртэн, үүцээ задалж, дөрвөн тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан түүхтэй. Гэхдээ тухайн үед Монгол Улсын жилийн төсөв ганцхан тэрбум ам.доллараар хэмжигддэг байсан юм шүү. Харин өнөөдөр Монголын далд эдийн засагт хэчнээн тэрбум ам.доллар эргэлдэж байгааг хэлэх боломжгүй. Тиймээс ч нэлээд өргөн цар хүрээг хамааруулан хуулийн төслөө боловсруулсан бололтой.
 
Дээрх хуулиуд батлагдаж хэрэгжснээр богино хугацаанд тодорхой хэм­жээний хөрөнгийн эх үүсвэр бий болно. Нэгэнт өршөөгдөн ил тод байдал руу шилжчихвэл татварын тогтолцоо ч сайжрах боломж­той гэж үзэж байгаа. Тэгээд ч нэгэнтээ "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээмэг, бөгжөө хандивлаж эх орны эдийн засагт хувь нэмрээ оруул гэлээ, муу тэнэг” гэхчилэн загнаж, чичилж байсан хүмүүс төрийн ивээлд хамрагдан, хариугаа татвараар төлөхөд буруу нь юу байх вэ дээ. Аяганы хариу өдөртөө гэдэг биз дээ.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Санал болгох

Сэтгэгдэл

top