|

Йим нэгэн "Ротаци"

bayaraa 2015/01/16 4075 859

Йим нэгэн "Ротаци" Аймгийн АН-ын хороо 93 гишүүнтэй. Өнгөрсөн хугацаанд хоёр гишүүн нь бурхан болж, найман хүн төрийн жинхэнэ албан хаагчаар дэвшжээ. Ингээд 10 орон тоон дээр нөхөн сонгууль буюу АН-ынханы нэршлээр ротаци явагдлаа, өнгөрөгч ням гарагт. Уурхайчин, Согоот, Булаг, Наран, Цагаанчулуут, Эрдэнэ, Шанд, Баянцагаан, Жаргалант зэрэг 9 баг, сумын намын үүр дээр ротаци болсон. Дээрх 9 үүрээс Эрдэнэ багт 2 бусдад нь тус бүр нэг мандаттайгаар нөхөн сонгууль явагдсан байна. Нөхөн сонгуулийг явуулах тухай аймгийн АН-ын дарга М.Батчимэгийн шийдвэр гарч, намын хорооныхон ротацийг зохион байгуулжээ. М.Батчимэг дарга ч энэ өдрүүдэд Орхон аймагт ажиллаж нөхөн сонгуулийн ажиллагааг өөрийн биеэр удирдсан байна. Нөхөн сонгуулийн талаарх албан ёсны мэдээллийг авахаар аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Хайратад хандтал "Намын дарга Орхон аймагт байгаа. Даргаас авсан нь зөв байх” гэлээ. Үүний дагуу аймгийн АН-ын даргын туслахын гар утас руу залгаж учир явдлаа тоочсон юм. Даргын туслах төд удалгүй "М.Батчимэг гишүүн энэ удаагийн нөхөн сонгууль аймгийн АН-ын дотоод хэрэг учраас хэвлэлд хандах шаардлагагүй гэж үзэж байна” гэв. Энэ удаагийн ротацийн 10 мандат дээр Уурхайчин багт 2, Согоотод 2, Цагаанчулуутад 3, Баянцагаанд 3, Наранд 4, Шандад 4, Жаргалантад 4, Эрдэнэ багт 7, Булагт 7 хүн нэрээ дэвшүүлж нийтдээ 36 эрхэм аймгийн АН-ын хорооны гишүүн болохын тулд намынхаа дансанд тус бүр 60 мянган төгрөг тушаасан аж. Нэр дэвшигчдийн дунд "Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал Д.Даваасамбуугаас эхлээд энэ цагийн өнгө болсон байгууллагын дарга, даамал, намын идэвхтэй дэмжигчид оролцсон гэнэ. Иймээс АН-ын энэ удаагийн ротацийн эргэн тойронд өрнөсөн үйл явц, олон нийтийн дунд яригдаж байгаа мессежийн талаар сонирхсон юм.

Эрдэнэ багт гишүүдийн тоо нэг өдөрт 300-г давж "хөөсрөв”

"Хоёрхон жилийн өмнө АН-аас аймаг, сумын ИТХ-д нэр дэвшээч гэж санал болгоход манайхан бараг л зугатдаг байлаа. Гэтэл өнөөдөр эрх мэдэл, мөнгөтэй болонгуут нэг баг дээр дээд тал нь 7 хүн өрсөлдөж, нэг багийн намын үүр 300 гаруй гишүүнтэй болчихоод багтаж шингэхгүй дээрээ тулаад байна. Хүн гэдэг чинь цагаа тулаад ирэхлээр нохойноос ч дор юм даа” гэх АН-ын гишүүнтэй ч таарлаа. Эрдэнэ багийн АН-ын үүр ганцхан өдрийн дотор гэнэтхэн 300 гаруй гишүүнтэй болж багийнхаа байранд багтахгүй аймгийн АН-ын хурлын зааланд ч шингэхгүй болоод адаг сүүлдээ "Горняк”-ын их заалыг мөнгөөр зодон "худалдаж аваад” шөнө дөл болтол хуралдсан аж. Нэг намын үүр нэг өдрийн дотор 300 хүнээр бүл нэмсэний учир нь намын зарим удирдлага "АН-ын гишүүн мөн” гэсэн хуурамч үнэмлэхийг баруун солгойгүй тараасны уршиг ч гэж зарим нь чулуу өшиглөж байна. "Үнэмлэх дээрх Г.Зоригт даргын гарын үсэг хуурамч байсан. Үнэмлэхийг хавтгайруулж олгосон учраас нэр дэвшигчид өөртөө санал өгүүлэхээр "хөлсний санал өгөгчид хөлсөлсөн” гэж гомдоллох нэгэн ч явна. "Нөхөн сонгууль халуухан болсон уу гэвэл халуунаасаа илүү маапаантай боллоо. Нэг баг дээр хэзээ ч намын үүрийн 300 гишүүн гэж байхгүй. Санал авахын төлөө ганц, хоёрхон өдрийн дотор 100 сая төгрөг манай намыг тойрон эргэлдлээ. Энэ талаар дээш нь бичнэ, арай дэндэж байна” гээд намын буянаар томоохон ажил албан тушаал дээр очсон дарга үзэг цаас нийлүүлж уурласан дарга ч байна. Эрдэнэ багийн АН-ын үүрийн дарга нь аргаа бараад "Энэ 300 хүний дотор манай үүрт бүртгэлтэй хүн цөөхөн байна. Манай үүр 150 орчим хүний бүртгэлтэй. Тэдний 60-70 нь л хуралд оролцдог. Гэтэл өнөөдөр 300 гарсныг үнэндээ ойлгохгүй байна” гэсэн тайлбар хийжээ. Эрх баригчдын энэ удаагийн ротацийн талаар цахим ертөнцөд "Алсын удирдлагатай АН-ынхан аратаацаа хийх гэж мөнгө, архи хоёрт живж байна” гэсэн мэдээлэл ч гарсан. Энэ бүхнээс харвал эрх баригч намын дарга нар яаж хор найруулдаг, хэрхэн үймүүлдэг, дүрмээ яаж зөрчдөгийг хараад жирийн гишүүд нь шооконд орсон бололтой.

Намайг сонговол намын байрны мөнгийг төсөвт суулгана гэжээ

Намын хорооны гишүүн болохын төлөө зарим нэг нэр дэвшигчид эгээтэй л өөрийгөө УИХ-д өрсөлдөж байгаа мэтээр ойлгож амлалт өгсөн сурагтай. Тухайлбал, Баянцагаан багт өрсөлдөөд ялсан намын хорооны гишүүн болсон эрхэм "Би намынхаа үүрийн төлөө олон ажил хийнэ. Эхлээд намынхаа үүрийг байртай болгохын тулд аймгийн 2015 оны төсөвт намын байр барих хөрөнгө мөнгийг суулгана. Намын үүрээ байртай болгоно” гээд ичих ч үгүй амлалт өгчээ. Нөгөөдүүл нь намын байртай болохын тулд дээрх эрхмийг сонгож гэнэ. Монгол улсын төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхийг хориглосон байдгийг АН-ын гишүүд мэддэггүй юу, эсвэл мэдсэн ч олонхийн бяраар хийх гээд дайраад байна уу гэх сэтгэгдэл төрлөө. Намын хорооны гишүүн болохын тулд нэлээн их мөнгө цацсан эрхэм унаж гэнэ. Харин тэтгэвэртээ гараад та нарт даалуу тоглодог газар байгуулж өгнө гэж амласан том дарга ч байна.

Уурхайчинд болсон улаан луйвар

   Уурхайчин багт нэг мандат дээр хоёр эрхэм өрсөлджээ. Намын дүрэм журманд нь нөхөн сонгуулийг зохион байгуулах хэсгийн хорооны даргыг цаанаас нь томилж, санал хураалтыг нууцаар явуулна гэж заасан аж. Өөрийн фракцын нөхрийг гаргахын тулд "тэр дүрэм чинь чөтгөр лүүгээ тонил” гэж хашхирч байгаад улаан цайм луйвар хийжээ. Сонгуулийн хэсгийн хорооны даргаар томилогдсон н.Батмөнх "Энэ удаагийн хуралд хуурамч үнэмлэхтэй хүн олон орж ирсэн учраас хурал хэвийн явагдах боломжгүй боллоо. Намын үүрийн жинхэнэ гишүүд нь орж чадсангүй. Хурлыг эхлүүлэх ямар ч боломж алга” гээд гарч явжээ. "Хуурамч үнэмлэхтэн”-гүүд н.Батмөнхийг гарангуут дотроосоо сонгуулийн хэсгийн хорооны даргаа сонгоод хуурамч хурлаа эхлүүлжээ. Энэ үед хоёр нэр дэвшигчийн нэг н.Мэндбаяр "Дүрмийн дагуу сонгогдсон дарга хурлаа орхиод гарлаа. Би хурлыг хуралдах боломжгүй гэж харж байна” гээд мөн орхиж явжээ. Гэтэл үүнийг нь "хуурамч үнэмлэхтэнгүүд” овжин ашиглаад "Нэр дэвшигч Мэндбаяр нэрээ татлаа” гэж протокол бичээд үлдсэн ганц хүн болох н.Гантүшигийг гар өргөн илээр сонгож хурал дуусгажээ.

Өнгөцхөн харвал ийм л нэг дүр зурагтай ротаци болжээ. Болж байна гэсний учир нь зарим үүрийн хурал даваа гарагт хуралдсан, зарим нь хууль бус болсон гэж маргаан үүсгэж байгаа учраас тэр. Саяхан болсон аймгийн АН-ын хорооны даргыг сонгох хуралд 79 хүн оролцож М.Батчимэг гишүүн 40 хүний санал авсан. Энэ удаагийн ротаци 40:39 гэсэн тоонд өөрчлөлт оруулах ач холбогдолтой хурал аж. Өөрөөр хэлбэл ШАК болон МоАХ-ын хооронд өрсөлдөөн өрнөсөн бололтой. Зарим үүрт сонгуулийг дахих уу гэдгийг намын даргын гаргах шийдвэр эцэслэх гэнэ. Намын дарга М.Батчимэг "Манайхан чинь дотроо ийм аймаар болчихсон юм уу” хэмээн дуу алдсан сурагч ч байна.

 

 

эх сурвалж: erdenetnews.mn

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top