Засгийн газрыг огцруулах асуудлаар улс төрд дэгдсэн шуурганд хамгийн түрүүнд туугдсан нь УИХ дахь АН-ын бүлгийн хоёр гишүүн. Тухайн асуудлаар бүлгийнхээ байр суурийг баримтлаагүй гэдэг шалтгаанаар АН-ын удирдлага УИХ-ын гишүүн, Ж.Батзанданг намаасаа хөөсөн бол Л.Болдыг ирэх 2020 оны сонгуулиар АН-аас нэр дэвших эрхийг нь хассан. Намынхаа энэ шийдвэрийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас гарахаа мэдэгдснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.
Л.Болд гишүүний АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа өчигдөр АН-ын удирдлагууд мэдээллээ. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн хэмжээнд оршин тогтнох боломжгүй болж байна. Учир нь УИХ-д 8-аас дээш суудал авсан нам бүлэг байгуулах хуулийн зохицуулалттай.
Ингэснээр АН-ын хувьд өмнөх түүхээ давтаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойшхи 27 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа УИХ-д бүлэггүй болж, зөвлөлийн статустайгаар ажиллахаар болж байгаа нь энэ юм. Тодруулбал, 2004 оны УИХ-ын сонгуульд "Эх орон-Ардчилал" эвсэл байгуулж оролцсон намууд сонгуулийн дараа эвслээсээ гарснаар АН бүлэггүй болж, зөвлөл байгуулан даргаар нь УИХ-ын гишүүн Л.Гансүхийг томилж байсан удаатай.
АН бүлэггүй болсноор ямар боломжоо алдах вэ
УИХ дахь АН-ын бүлэг задарч байгаатай уялдуулан парламент сөрөг хүчингүй боллоо гэсэн санаа бодлыг иргэд цахим орчинд түлхүү илэрхийлж байна. Үүнтэй 100 хувь санал нийлэх аргагүй ч угаас үнэмлэхүй олны давамгайлсан парламентын улс төрийн шийдэлд нэр нөлөө, жин бан багатай байсан АН-ын бүлгийн хувьд хүсээд байх зүйл биш гэдэг нь тодорхой. Том жижгээсээ үл хамааран УИХ-ын бүлэг гэсэн бүтэц бүрэлдэхүүн нь хуулиар олгогдсон эрх ямба, үүрэг хариуцлагатай ажилладаг, боломж бололцооны давуу байдалтай байдгийг санах хэрэгтэй байх.
УИХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлд Бүлгийн эрх, үүргийг ийн тодорхойлжээ.
27.1.1. хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх;
27.1.2. ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллын талаар Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргад саналаа илэрхийлэх;
27.1.3. нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;
27.1.4.нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах;
27.1.5. Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
27.1.7 бүлгийн төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;
27.1.8. нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах, хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах;
27.1.9. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
27.1.10. бүлгийн ажлын албаны ажилтныг ажилд томилох, чөлөөлөх.
27.2.Бүлэг нь бодлогоо боловсруулах, зохион байгуулалтын туслалцаа авах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд түүний гүйцэтгэх үүргийг нь бүлгийн дүрмээр зохицуулна
Хуулийн энэ заалтаас харахад БҮЛЭГ нь багагүй эрх эдэлдэг, энэ хэрээрээ хууль тогтоох үйл явцад үүрэг нөлөө багагүй байдгийг анзаарч болмоор байна. Гэхдээ олонх нь хэт олуулаа өнөөдрийнх шиг тохиолдолд дөнгөн данган бүлэг байгаад ч нэмэргүй байгаа нь үнэн. Ямар сайндаа л 5 хүртэлх хоногоор өгдөг завсарлагыг энэ удаагийн АН-ын бүлэгт цагаар өгч байх вэ дээ.
Ахин бүлэгтэй болох алтан боломж АН-д ирэх үү
2020 оны сонгуулиас наана Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль гэж улс төрийн нам болон улстөрчдийн чансааг шалгах марофон бий. УИХ-ын энэ нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд товдогдоод байгаа. Гол өрсөлдөөн мэдээж, МАН, АН гэсэн голлох хоёр намын хооронд болно гэж байгаа ч МАХН гэсэн улстөрийн гурав дахь хүчнээс хэн нэр дэвших вэ гэдэг нь таамаглалыг тарааж мэдэх юм. УИХ-д АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай намын захын хүн ялна” гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан нь бий. Үнэхээр тус тойргийн сонгууль бүлэггүй бүдэрч зүдэрч яваа АН-ын хувьд "хонгилын үзүүр дэхь гэрэл” байхыг үгүйсгэхгүй. Дараагийн сонгууль хүртэл дахиад нэг жил бүлэгтэй явчихвал АН-ын дуу хоолой сонгууль ойртсон тэр эгзэгтэй цаг үед илүү тод томруун дуулдаж, хувь гишүүний бус улс төрийн намын байр суурь гэсэн утгаар сонгогчдын сонорт хүрч сонголтод нь нөлөөлөх магадлал өндөр.
Хэнтийн нөхөн сонгуульд тус намаас Ж.Оюунбаатар, М.Хүдэрбаатар, Б.Гарамгайбаатар нарын нэр илүүтэй яригдаж байх шиг байна. Харин эдгээрээс Б.Гарамгайбаатарын хувьд Халзанбүргэдтэй- Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын асуудал хууль шүүх дээр явж байгаа болохоор юун сонгууль манатай байж мэднэ. Өнгөрсөн оны зун хийсэн судалгаагаар өмнөх дөрвөн жил Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг нэр дэвшихийг Хэнтийн иргэдийн 20 орчим хувь нь дэмжсэн судалгаа гарсан гэдэг. Харин М.Хүдэрбаатарын хувьд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
АН-ын хувьд Хэнтийн нөхөн сонгуулиас чулуу атгаж чадах юм бол бүлэгтэй болоод зогсохгүй сонгуулийн өмнөх хамгийн сайн дохио болж чансаагаа цэгнэх боломж ирнэ.
Өөд нь хаясан чулуу өрийн толгой дээр гэгч үү
УИХ дахь АН-ын бүлэг задарч байгааг "Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэсэн байр сууринаас хүлээж авч байгаа хүн цөөнгүй байх шиг байна. Өөрөөр хэлбэл АН-ын бүлэг ирэх сонгуульд суудал авч ирэх магадлалтай хоёр гишүүнээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө цааш түлхэж байгаа нь АН-д ардчилал үгүй болсныг харуулж байна гэж шүүмжилж байгаа юм.
Гэхдээ энэ бол намын шийдвэр. Нэгэнт тэд намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж намаасаа нэр дэвшиж сонгогдсон нь үнэн. Гэвч бүлгийн байр суурийг сөрж давхиж, "айлын хоттой хонинд” очоод нийлчихсэн болохоор намын удирдлагууд нь хариуцлага тооцсоныг буруутгах аргагүй. УИХ-д суудал авчирсан юм даа гэж тал засалгүйгээр хариуцлага тооцож чадаж байна гэдэг чинь бас ардчилсан зарчим мөнөөс мөн биз дээ. Улс төрчийн хариуцлага, хууль журмын өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим, бүр томоор харвал шударга ёс гэдэг чинь энэ мэтээс л эхэлнэ шүү дээ. Нэгэнт л намаар дамжиж улс төрд дөрөөлж байгаа ийм нөхцөлд намын төлөвшилд ийм хариуцлагын тогтолцоо хэрэгтэй юу гэвэл үүн шиг хэрэгтэй юм үгүй. Тэгээд ч нам гэдэг чинь дотоод дүрэм, журамтай төрийн бус байгууллага. Ямар ч албан байгууллага хариуцлага алдсан ажилтандаа хариуцлага тооцдог бус уу.
Г.Хантулга
http://www.zaluu.com/read/2hg9bb634