|

УЛС ТӨРД НАС ЧУХАЛ УУ?

saikhnaa 2019/02/14 78 0

Зөвлөлт болон Оросын төр, нийгмийн зүтгэлтэн, ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачев нэгэнтээ "Улстөрч хүний нас 65 байхад болно. Түүнээс хойш зөнөг залгачихдаг” хэмээсэн түүхтэй.

 

15083118.559655.3610 Улс төрд нас чухал уу?
 
 
 

 

Михаил Горбачев

Түүнчлэн Боливын Ерөнхийлөгч Эво Моралес ч өндөр настай хүмүүсийг улс орон удирдахад тохиромжгүй гэжээ. Улстөрчдөд насны дээд хязгаар тогтоохыг санал болгосон тэрбээр "Засгийн эрхэнд сонгогдох насны дээд хязгаар бол 65. Хэрвээ тухайн хүн 65 хүрсэн бол сонгогдох боломжгүй болно гэсэн үг” гэж хэлж байжээ.

Харин Эртний Грекийн түүхээс авч үзвэл Сократ өндөр хүмүүстэй ярилцах дуртай байсан. Платон, Аристотель нар улс орныг ахмадууд удирдах ёстой гэж үздэг байв. Учир нь зөвхөн настайчууд л өөрийн алдаа, ялагдлыг хүлээн зөвшөөрч, бусдыг үүнээс хамгаалж, ойр дотныхон болон нийгмийн сайн сайхны төлөө амссан зовлонгоо давтагдуулахгүйг хичээдэг гэнэ.

Эрт дээр үеэс ахмадууд улс төр, шашинд голлох үүрэг гүйцэтгэж байсны тод жишээ бол Эртний Грек. Энд Афин, Спартын дээд зөвлөлд 60 хүрсэн хүмүүсийг гишүүнээр томилдог байжээ.

 

25194055.306614.3339 Улс төрд нас чухал уу?
 
 
 

 

Наполеон

Үүнээс гадна улс төрийн амьдрал нийгмийн амьдралаас харьцангуй богино гэсэн ойлголт ч байдаг. Биеийн үхлээсээ түрүүлээд олон нийт, улс төрийн амьдралаасаа салдаг жишээ ч их. Наполеон хаан л гэхэд Ариун Еленагийн аралд ганцаардал дунд өөд болсон иргэн Бонапартаас эрт үхсэн. Түүнтэй адил ЗХУ-ын Ерөнхийлөч М.С.Горбачев ч бие эрүүл ч нас минь боллоо хэмээн улс төрийн карьераа орхиж байсан түүхтэй.

Гэтэл хөгширч, бие нь муудсан ч улс төрийн амьдралаасаа салаагүй олон улстөрч байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт тэргэнцэр дээр суугаад улс орноо удирдаж байсан шиг Аденауэр, де Голль, Черчилль зэрэг улстөрч бие хөгширсөн ч улс төрөө орхих бодолгүй байсан гэдэг. Гэсэн хэдий ч эрийг нас, уулыг цас дардаг болохоор улс төрийн хөгшрөлт биеийн хөгшрөлттэй адил явагддаг гэлцдэг.

Өндөр настнууд улс төрд

Ер нь улс төрд нас үнэхээр чухал уу. Үнэхээр чухал юм бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад 60-аас дээш насныхан өрсөлддөг вэ?

2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Хиллари Клинтон 69, Берни Сандерс 75 настай байв.

 

1487971318_0_14_4075_2326_600x0_80_0_0_7c93edede7032793c30258d6fb02a367 Улс төрд нас чухал уу?
 
 
 

 

Хиллари Клинтон

Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп 70, Жон Кейсик 64-тэй байсан. Тус намын нэр дэвшигч, 46 настай Тед Крузыг бодвол бусад нь бүгд л сонгуульд өрсөлдөхийг "хориглоод байгаа” 65 насны босгыг давсан буюу дөхөж очжээ.

Улс орон удирдаж байсан хамгийн ахмад настай хүмүүсийн түүхийг сөхөж үзвэл 100 гаруй насандаа улсаа захирч байсан остготовын хаан Германарихын нэр заавал сөхөгдөнө. Гагцхүү түүний төрсөн он сар тодорхойгүй учраас хамгийн хөгшин удирдагч гээд шууд нэрлэхэд учир дутагдалтай. Түүнчлэн Ромын пап Агафон 104 насандаа өөд болсон. Түүний төрсөн он ч маргаантай бөгөөд улс орон захирч байгаагүй гэхээр энэ ангилалд багтахгүй.

 

12974 Улс төрд нас чухал уу?
 
 
 

 

Ромын пап

Харин орчин үеийн түүхээс сөхөж үзвэл Малави улсын Ерөнхийлөгч Хастингс Бандуг нэрлэж болно. Тэрээр 1994 онд 96 насандаа төрийн тэргүүний суудлаа орхисон юм. Гэхдээ бас л хэзээ төрсөн нь тодорхойгүй. Самоа улсын удирдагч, жанжин Малиетоа Танумафили II Сусуга 94 насандаа өөд болсон бол Шведийн өнөөгийн хааны элэнц өвөг V Густав хаан 92 онд хаан ширээнээсээ буусан түүхтэй.

Зимбабве улсын өнөөгийн Ерөнхийлөгч Роберт Мугабе 92 настай. Түүний араас Их Британийн хатан хаан, 89 настай II Елизавета, түүнтэй "он жав” Тунисын Ерөнхийлөгч Бежи Каид Эс-Себси орно. Олны танилаас Кубын Төрийн зөвлөлийн тэргүүн Рауль Кастро 1931 оны зургадугаар сард төрсөн, 85 настай.

Хөгшин удирдагчтай байх шалтгаан

Дэлхийн хүн ам, тэр дундаа хөгжингүй орнуудын хүн ам хөгширч, дундаж наслалтнэмэгдэж байна.Үүний хэрээр настнуудын тухай ойлголт ч өөрчлөгдөж байна. Сүүлийн 30-40 жилийн дотор насны тухай төсөөлөл эрс өөрчлөгджээ. А.Чеховын "Бяцхан нохойтой хатагтай” туужид "Ялтын ганган дэгжин хүмүүсээс хоёр эрхэм нүдэнд тусахаар байв. Энэ хоёр ахимаг настай хатагтай залуу хүмүүс шиг хувцасласан бөгөөд олон генерал байв” гэсэн хэсэг байдаг. Бас Тургеневийн нэгэн зохиолд "Өрөөнд 40 хэрийн насны өвгөн орж ирлээ” гэж бичсэн байдаг.

Харин өнөөдөр хүмүүс өөрийгөө хэдэн настай гэж мэдэрнэ, тэр насандаа амьдардаг болжээ. Томоохон хотуудын фитнесс клубт 60 гарсан эмэгтэйчүүд дүүрэн байдаг. Бас нас дээр гарсан эмэгтэйчүүд 30 настнуудын хувцас хунараар гангарахад хэн ч гайхахааргүй болсон. Түүнчлэн тэтгэвэртээ гарсан эрчүүд эмэгтэйчүүд ч эрч хүчээр дүүрэн ажлаа үргэлжлүүлсээр байна.

Дэлхий нийтээр ажил олгогчдын чиг хандлага ч өөрчлөгджээ. Орчин үед 50, 60 настнуудыг туршлагатай, ажиллах чадвартай, залуу гэж үздэг учраас улс төрд энэ насныхан, түүнээс өндөр настнууд ороход гайхах зүйл үгүй.

Сөрөг талууд 

Хүн ам хөгшрөх нь эдийн засагт төдийгүй улс төрд, тэр дундаа иргэний нийгэм, ардчиллын түвшинд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг тухай Оросын нийтлэлч Вячеслав Котиков бичжээ. Орост л гэхэд хүн ам хөгшрөхийн хэрээр хуучинсаг, төвийг сахисан байр суурь хүчтэй болж ирж байна. Сонгуулиудаар уламжлалт үнэт зүйлсээ хадгалсан, ахмад настнуудаа сонгох хандлага их гардаг. Харин зоримог шийдэл гаргахад талуудыг татахад илүү хүндрэлтэй.

Ерөнхийдөө дэлхийн улс төрд ахмадууд байр сууриа хадгалах үзэгдэл давамгайлж байна. Өнөө үед "Өрөөнд 40 хэрийн насны өвгөн орж ирлээ” гэсэн хэлц "Танхимд 70 гаруй насны залуухан сайд орж ирлээ” гэж солигдвол гайхах зүйл үгүй бололтой.

ЭХ СУРВАЛЖ: UPDOWN.MN


Санал болгох

Сэтгэгдэл

top