|

Э.Бат-Үүл ТОСК-ийн захирлыг дарамталдаг байсан уу?

batdorj 2019/02/14 673 0

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хүлээн авч хянаад, Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. 

Хэргийг эргэн санавал Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн "Төрийн орон сууцны корпорац”/ ТОСК/-ийн захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм,үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр "Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан "Хангай хотхон”-ны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ. 

А.Гантулгатай холбоотой үйлдэлд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Тодруулбал Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн "Гранд лайн” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд "Бэрэн групп”-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группын санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн 9 тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр "Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон гэлцдэг. 

Өөрөөр хэлбэл А.Гантулга ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа "Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны 8-р сард 5 тэрбум, 9-р сард 4 тэрбумыг "Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн гэх бөгөөд энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж. 

Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан "Гранд лайн” ХХК Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, "Улаанбаатар банк”-наас 3.3 тэрбум, Турк улсын "216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай компаниа "Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд 1 их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. 

Тухайн үед МАН-н төлөөлөгчид "Өнөөдөр хотын даргаар ажиллаж байгаа энэ хүн өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн тендер өгчихөөд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шударга ёс байдаг л юм бол хариуцлага хүлээх ёстой. Хотын даргын 2013 тавдугаар сарын 29-ний өдөр хүүгийнхээ "Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр баталсугай гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. 2013 онд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа хотын дарга маань "Грандлайн” компанийг огт дурдаагүй байдаг. Хүүгийнхээ бизнес гээд тэр хэсэг дээрээ "Сонор” рекордс гэж л бичсэн. Энэ бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хангалттай үндэслэл. Үүн дээр нь зарим хууль хяналтын байгууллагууд асуудал үүсгэдэггүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд сууж байдаг нь өнөөдөр шударга бус зүйл юм. Тийм учраас бид энэ асуудлыг эцэст нь тултал явна” хэмээж байсан ч асуудал шийдэгдэхгүй байсаар намжсан.  

Эцэст нь хэлэхэд Туркийн "216 Япи Үрэти худалддаа” гэх компани "Гранд лайн” ХХК-тай Гэр хороолллын дахин төлөвлөлтийн ажилд хамтарч ажиллахаар болж байсан ч явцын дунд асуудал үүсч тус компани бүх хувьцаа болон төслөө өндөр үнээр "Бэрэн групп”-т худалдсан гэгддэг.  Эрх мэдэл, ашиг сонирхолын зөрчил асуудал дагуулж мэдэх эрсдэлтэй учир гадны компани замын голоос буцсан байж мэдэх юм.  

Эх сурвалжууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг "Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг "Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан хэмээн мэдээлж байгаа билээ. 

Э.Мягмар

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top