|

Охиндоо бичсэн ээжийн захидал

saikhnaa 2019/02/26 876 0

"Хайрт охин минь, өтлөх тэр л өдрүүдийг минь үзэхдээ тэвчээртэй байгаарай гэж ээж нь чамаас гуйя, гэхдээ хамгаас чухал нь юу туулж ирсэнийг минь ойлгохыг хичээгээрэй. Чамтай ярихдаа ээж нь нэг зүйлээ мянгантаа давтвал, "Та хормын өмнөхөн яг адилхан зүйл хэлсэн шүү дээ" гэж хэлэлгүй зүгээр л сонсоорой.

Балчир байхад чинь чамайг унтахыг хүлээж шөнө болгон нэг л түүхийг ахин дахин уншиж өгдөг байсныг санаарай. Усанд орохыг хүсэхгүй байвал ээждээ битгий уурлаарай, намайг битгий ичээгээрэй. Жаахан охин чинийхээ араас хөөцөлдөж, элдвийн шалтаг олон шүршүүрт оруулах гэж гүйлдэж байсныг санаж байна уу? Шинэ зүйлс, технологитой харьцаж мэдэхгүй байвал, надад суралцах цаг олгоорой, битгий төвөгшөөгөөрэй. Хонгор минь, ээж нь чамдаа яаж зөв хооллохыг, хэрхэн хувцаслахыг, үсээ яаж самнахыг, амьдралд тулгарах асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг гээд олон зүйлийг тэвчээртэйгээр зааж өгснийг санаарай…

Өтлөх тэр л өдрүүдийг минь үзэхдээ тэвчээртэй байгаарай гэж ээж нь чамаас гуйя, гэхдээ хамгаас чухал нь юу туулж ирсэнийг минь ойлгохыг хичээгээрэй. Заримдаа чамтай ярьсан зүйлээ мартчихаад байвал, санатал минь хүлээгээрэй. Хэрвээ тэгэж чадахгүй бол сандарч тэвчээргүйтэн бүү хямсаганаарай. Зүрх сэтгэлд чинь хамт байх л надад хамгаас чухал билээ.

Хөгширч ядарсан хөл минь урьдынх шигээ хурдан хөдөлж чадахгүй байвал анх хөлд ороход чинь өөдөөс чинь тоссон шиг ээждээ гараа сунгаарай. Ийм л өдрүүд нэгэнтээ ирэх цагт миний охин битгий гуниглаарай. Зүгээр л дэргэд минь байж, амьдрал минь хайраар төгсөх хүртэл намайг ойлгоорой. Чинийхээ бэлэглэсэн баяр баясал, хамтдаа хуваалцсан цаг хугацааг би үргэлж нандигнан талархах болно. Жаргал дүүрэн инээмсэглэл, хэмжээлшгүй хайрыг би үргэлж чамдаа зориулж өөртөө хадгалсаар ирсэн юм шүү. Би чамдаа хайртай гэж л хэлэхийг хүсч байна хонгорхон охин минь."

Орчуулсан: Лаачин Чанцаа.
BRIGHT MONGOLIA AGENCY

Санал болгох

Сэтгэгдэл

top