Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй, дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан гэх бөгөөд 310 дугаар ангийнхан түүнийг нь засаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Болсон явдлын тухай цухас дурдхад амиа алдсан ахлагч Налайхын элсний карьер орчимд 310 дугаар ангийн, Хүрэлхүү жолоочтой "Зил-130” машин эвдэрсэнтэй таарсан бөгөөд тэрээр ангийн захирагч Баянжаргалын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэдэнд туслахаар үлдсэн ажээ.
Харамсалтай нь талийгаач Г машины дугуйнд ивээс хийж байтал машин гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон байна. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал нь ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга болохоор нэр нь яригдаж байсан гэх бөгөөд сонирхуулхад Зэвсэгт хүчний "Найман шарга” амралтын орчимд өнгөрсөн жил 014 дүгээр ангийнхнаар бариулсан дээрх хоёр давхар 10 сууцны есөд нь ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтан генералууд орж, нэгд нь Налайх дүүргийн Засаг дарга орж буй гэсэн мэдээлэл байгаа юм.
Энэ мэтээр Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг, зөрчил удаа дараа гарч буй ч салбарын сайд нь ч, ЗХЖШ-ын удирдлага ч хариуцлага хүлээсэн тохиолдол гараагүй байгаа нь туйлын харамсалтай бөгөөд эцэст нь өгүүлхэд дахин хичнээн цэрэг эрсийн амь насаар тус салбарынхан "туг тахиж" байж эрүүл, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай салбар болох вэ гэдгийг батлан хамгаалах салбарын удирдлагуудаас өөрсдөөс нь асуумаар байна.
Ж.Чингис
BOLOD.mn