|

С.Оюунцэцэг: Энэ 3 хүн БИШ гэж мэдүүлсэн Б.Булганыг болон хэрэг гарах үед Т.Чимгээг Дорноговьд байсныг нотолсон баримтуудыг маань шүүх танхим руу оруулаагүй

munkhbat 2019/04/01 645 0

С.Оюунцэцэг: Энэ 3 хүн БИШ гэж мэдүүлсэн Б.Булганыг болон хэрэг гарах үед Т.Чимгээг Дорноговьд байсныг нотолсон баримтуудыг маань шүүх танхим руу оруулаагүй

 

"Т.Чимгээг охиных нь ажил явдалд оруулах нь битгий хэл тэр өдөр нь байцаалт авсан"

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал нэлээн ноцтой яригдаж байна. Тус хэргийг шалгасан ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгээс дөрвөн хүн эрүүдэн шүүсэн гэх асуудлаар саатуулагдан шалгагдаж байна. Мөн уг бичлэгийг ЗГХЭГ, ХЗДХЯ-наас УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. 

Ингээд энэ асуудлаар Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй ярилцлаа. 

"Ц.Амгаланбаатар хорих ангиас Б.Содномдаржаа руу 263 удаа, Т.Чимгээ рүү 49 удаа холбогдож мессеж бичиж, ярьсан байдаг"

-Т.Чимгээг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон хэмээн ХЗДХ-ийн сайд мэдэгдэж, ар гэрийнхнээс нь уучлал гуйлаа. Тэгвэл Т.Чимгээ яагаад анхнаасаа энэ хэрэгт холбогдож, ял авах болов. Яагаад түүнийг сонгосон юм бол гэдгээс яриагаа эхлэх үү? 

-Тэгье... 1998 оны аравдугаар сарын 2-нд Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт амьдарч байсан бөгөөд хоёр настай хөхүүл хүүхэдтэй, нэгдүгээр ангийн болон гуравдугаар ангид сурдаг гурван хүүхэдтэйгээ өндөр настай эмээгээ асарч байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. 

-Тэгээд яагаад энэ хэрэгт холбогдчихов? 

-Т.Чимгээгийн нөхөр н.Бямбасүрэн гэж хүн бий. Түүний талын хамаатан н.Цэвэлмаа гэх эмэгтэй Ц.Амгаланбаатарыг өргөж авсан байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээгийн нөхөр н.Бямбасүрэн Ц.Амгаланбаатарын хамаатны ах болсон гэсэн үг. Тэгэхээр Ц.Амгаланбаатар нь ойр дотны хүмүүсээ буюу хамаатны ахынхаа эхнэр Т.Чимгээ, саахалт айлын Б.Содномдаржааг гүтгэчихлээ гэж би боддог юм. Үүгээрээ л холбогдож энэ хэрэгт анх шалгагдаж эхэлсэн шүү дээ. 

-Тэгэхээр юу гэсэн үг вэ. Ойр байсан, хамт байсан гээд л шууд хэрэгт гүтгэчихэж байгаа юм уу? 

-Энэ хэргийн хавтаст хэргийг бүтэн уншсан ганцхан өмгөөлөгч бол би. Шүүх хурал болоход хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан, Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр хоёр 10, 10 хавтаст хэрэг буюу нийлээд 5000 гаруй хуудас баримтыг огт уншаагүй байсан. Шүүх хурал мэтгэлцэх зарчмаар явагдах ёстой. Тэгэхээр өмгөөлөгчид хэргээ бүтэн уншиж байж мэтгэлцэнэ. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавихад хүлээж авалгүй энэ хэрэг тэр чигтээ л явчихсан. 61 хавтаст хэргийг би 46 хоногийн турш уншсан. 

Хавтаст хэргийн материалаас харахад Ц.Амгаланбаатар шоронд байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр луу хорих ангис мессеж бичсэн байдаг. Тодруулбал, Б.Содномдаржаа руу 263 удаа, Т.Чимгээ рүү 49 удаа холбогдож мессеж бичиж, ярьсан байдаг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 

Мессежүүд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн "аймар, аймар үгтэй" байсан нь үнэн. Гэрийнх нь гаднаас тандаад байгаа юм шиг, эсвэл гэрт нь камер суулгачихсан ч юм шиг. Жишээ нь, хүү чинь тийм хувцастай явж байна. Хөшгөө хаагаач гэдэг ч юм уу. Т.Чимгээг гэртээ хоноогүй үед "Гичий минь чи хаагуур хонов. Өчигдөр хаачсан бэ. Яагаад гэртээ ирээгүй вэ" гэхчлэн аймар мессежүүдийг Т.Чимгээ рүү бичсэн байдаг. Тэгээд л "Чи хүн алсан биздээ. Хэргээ хүлээ. С.Зоригийн хэрэгт чи холбоотой" гэхчлэн мессеж явуулсан байдаг. 

-Тухайн үед тэр мессежүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулсан уу? 

-Мэдээж Т.Чимгээ ханддаг газар нь хандсан байдаг. Тодруулбал, Ц.Амгаланбаатараас ирсэн мессежүүдийг цаасан дээр хувилаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан байдаг. "Ц.Амгаланбаатар гэж хүн шоронд байж яагаад элдэв мессеж бичээд дарамтлаад байна. Намайг С.Зоригийн хэрэгт холбоотой гээд байна. Үүнийг шалгаж өгнө үү" гэсэн өргөдөл, гомдол өгсөн. Гэтэл үүнийг нь хавтаст хэрэгт хийгээгүй байна лээ. Мөн Т.Чимгээг эмнэлэгт хэвтэж байхад хадам ээж нь утсаар яриад "Яаанаа энд хачин юм болоод байна, миний охион. Хашаан дээгүүр хүний цогцос давуулаад шидчихлээ. Цагдаа дуудчихлаа" гэсэн байдаг. Энэ мэт дарамтууд Т.Чимгээд асар их ирсэн. 

Т.Чимгээ: Би хэзээ ч хүн алаагүй. Жирийн эх хүн 

-Энэ бүх дарамтаас айгаад хэрэг хүлээчихсэн юм уу? 

-Үгүй. Т.Чимгээ хэзээ ч хэрэг хүлээгээгүй. Энэ бүх дарамт явсаар байгаад Т.Чимгээг хорих ангид хорьсон. Хавтаст хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүх мэдүүлэг бий. Т.Чимгээ хэзээ ч хэрэг хүлээж байгаагүй. "Би хэзээ ч хүн алаагүй. Жирийн эх хүн. С.Зориг гэдэг хүний нэрийг л сонсож байснаас царай зүс, гэрийг нь ч хаана байдгийг мэдэхгүй байж би яаж хүн алдаг юм бэ. Надад алах ч шаардлага байхгүй. Гэр орныг нь хаана байдгийг мэдэхгүй, гэрт нь юу байгааг ч мэдэхгүй байж юу гэж шунахайн сэдлээр хүн алах юм бэ" гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Энэ хэрэгт амьд гурван гэрч бий. Тодруулбал, орцонд зогсож байсан хоёр хүүхэд, С.Зориг агсны гэргий Б.Булган. Энэ гурван гэрч гурвуулаа амьд бөгөөд Т.Чимгээг хараад тухайн үед харсан эмэгтэй биш гэж мэдүүлсэн байдаг. 

-Энэ хэргийн цор ганц гэрч бол Б.Булганыг гэдэг. Та ер нь тэр хүнтэй уулзаж байв уу. Б.Булганы мэдүүлэгтэй танилцаж байсан уу? 

-Б.Булган Т.Чимгээгийн тухай "Таних ажиллагаанд фото зургаар хийгдсэн эмэгтэйтэй төстэй боловч нас нь залуу байна. Энэ хүнийг манайд баттай орсон гэж хэлэхгүй ээ. Энэ гурав бол манайд орсон хүн биш байна" гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр Б.Булган энэ гурвыг хэрэгтнүүд биш гэж хэлсэн учраас түүнийг шүүх хуралд оруулахаас татгалзсан юм байна гэж ойлгосон. 

Харин Б.Булганыг Ц.Амгаланбаатартай хоёр гурван удаа гэрчээр байцаалт авахад "Би эмч хүн. Тэр тусмаа хүүхдийн эмч хүн. Манайд хүүхэд орж ирээгүй. Энэ хүүхдийн сэтгэцийг шалгуулаач ээ. Энэ Ц.Амгаланбаатар гээд залуугийн яриад байгаа зүйлийг сонсохоор тухайн үед би гэртээ байгаагүй ч юм шиг сэтгэгдэл төрж байна" гэж мэдүүлсэн байдаг. 

-Мэдүүлгээс харахад эрүүдэн шүүж, хилсээр ял тулгасан нь үнэн юм шиг санагдаж байна л даа. Өнгөрсөн баасан гаригт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн. Мэдээж эрүү шүүлт явагдсан нь аймар санагдсан. Та өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүдэн шүүлт явагдсаныг мэдэж байсан уу. Энэ тухай Т.Чимгээ танд хэлж байв уу? 

-Эрүүдэн шүүлтийн хамгийн эхний хэлбэр бол байгаа газраас нь өөр газар аваачиж хорих явдал. Т.Чимгээг Төв аймгийн хорих ангийн зоорийн давхарт хорьж байсан. Хоригдож байсан өрөө нь цана цохиод, ус гоожсон. Агааржуулалт байхгүй. Цонхгүй, цементэн шалтай, орон дээр нь нимгэн гудас, нимгэн хөнжил тавьчихсан. Хоёр гурван сар хувцсыг нь солиогүй байсан. 

Намайг хамгийн анх өмгөөлөгчөөр өмгөөлөхөөр очиход Т.Чимгээ "Чам шиг юмыг хэн өмгөөлөх вэ дээ. Хэн ч өмгөөлөхгүй гээд байсан. Та намайг өмгөөлөх гэж ирж байгаа юм уу. Баярлалаа танд" гээд уйлж байсан. Тэр үедээ "Би эмэгтэй хүн. Хоёр сар шахуу болж байж нэг удаа эргэлт авсан. Хувцсаа сольмоор байна. Дээрээс нь үзэг, цаас хэрэгтэй байна. Надад бал, цаас ерөөсөө өгдөггүй" гэж хэлж байсан. 

Тэгээд гэрийнхэн нь ХЭҮК-т өргөдөл гаргаж байж, бал, цаас Т.Чимгээд өгүүлж, хувцас хунарыг нь солиулсан. Хоригдож байгаа өрөөнийх нь хажууд бие засах өрөө байсаар байтал Т.Чимгээг өрөөнд нь түмпэнд бие засуулдаг байсан. Энэ мөн л эрүү шүүлтийн нэг хэлбэр. Хэдий шорон ч гэлээ эмэгтэй хүн байхад ариун цэвэр, ая тухтай унтах ч газаргүй байлгаж байсан. 

-Бичлэгээс харахад Ц.Амгаланбаатар Т.Чимгээг хэргээ хүлээ гэж их дарамталдаг байсан юм билээ?

 -Тийм. Т.Чимгээг хоригдсон өдөр л Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн өрөөний хаалганы нүхээр "Өө муу п...... Т.Чимгээ хулгайч минь хэргээ хүлээгээрэй" гэж орилсон байдаг. Мөн Т.Чимгээ "Үнэхээр үнэн худал хэлж байгааг гаргаад ирдэг бол би маргааш наад Полиграф аппаратад чинь оръё" гэхэд шөнө нь Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн өрөөнд цээж нүцгэн орж ирээд хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод "хэргээ хүлээгээрэй чи муу, дуугүй байхад давраад байна уу, үгүй юу. Би чамайг энд алчихсан байхад хэн чиний амийг нэхдэг юм" гээд айлган сүрдүүлж, хоёр тамхи татаад нэгийг нь орон доогуур, нөгөөгийнхөө ишийг цонхны тийшээ шидсэн байдаг тухай Т.Чимгээ ярьж байсан. Тэгээд маргааш нь аппаратандаа ороход нь байцаагч нь "Та тайван байх ёстой. Сайхан амарч хонож чадав уу" гэхэд Т.Чимгээ "Би ер тайван амарч чадсангүй. Шөнө Ц.Амгаланбаатар өрөөнд орж ирээд хэргээ хүлээ гэж айлгаж, доромжилж байгаад тамхи татаад нэг тамхины ишээ орон доогуур, нөгөөхийг нь үүдний тийшээ шидчихсэн" гэж хариулсан байгаа юм. Гэтэл байцаагч нь гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирээд "За өнөөдөр аппаратанд оруулахгүй. Чи өрөөндөө ор" гэхэд өрөөг нь аль хэдийн цэвэрлэчихсэн. Тамхины иш ч байхгүй болчихсон байсан гэсэн. Энэ мэтчилэн Т.Чимгээд сэтгэл санааны асар их дарамт ирдэг байсан.

Хүүхдээ алдсан эх хүнд "Нүгэл чинь нүдээрээ гарч байна" гэсэн харгис үгийг хэлсэн байдаг

 -Бас хоригдож байх хугацаанд нь том охин нь авто ослоор өнгөрсөн шүү дээ?

 -Тийм. Т.Чимгээг хоригдож байхад том охин нь авто ослоор өнгөрсөн. Ээжийнхээ төлөө бүхнээ зориулж, ээжийгээ суллуулахаар улайраад явж байсан том охин нь. Охиных нь ажил явдалд оруулмаар байна гэхэд байцаагчийнх нь зүгээс "Та бичиг баримтаа бүрдүүлээд тагнуулын байгууллагад өг" гэсэн. За ямартай ч охинтой нь салах ёс хийхийг зөвшөөрөх юм байна гэж бодоод батлан даалтад гаргах, бүх бичиг баримтыг нь цуглуулаад очиход "Хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэсэн хариу байдаг. Тэрийг сонсоод Т.Чимгээ байтугай би ч их хямарсан. Хүүхдээ алдсан эх хүн. Тэгээд бүр ажил явдалд нь ч оролцож чадахгүй гэхээр ямар байх уу.

 -Тэгээд охиныхоо ажил явдалд оролцож чадаагүй юм уу?

 -Тийм. Тэр бүү хэл охиных нь ажил явдлын өмнөх өдөр Т.Чимгээг хариуцаж байсан байцаагч н.Бархасбадь гэдэг мөрдөгч надруу залгаад "Маргааш Төв аймгийн хорих анги дээр бэлэн байгаарай. Т.Чимгээгээс байцаалт авна шүү" гэсэн. Би гайхаад "Юун байцаалт. Юу яриад байгаа юм бэ. Маргааш охиных нь ажил явдал шүү дээ. Хүүхдээ алдсан эх хүний сэтгэл санааг бодооч. Яаж байцаалтад орох юм бэ" гэхэд "Би ажлаа хийж байна. Та ажилд битгий саад болоорой. Би цаг хугацаатай ажил хийдэг шүү" гэсэн. Би бүр үнэндээ гайхаад "Чиний цаг хугацаатай ажил хийж байгааг би үгүйсгээгүй. Гэхдээ хүүхдээ алдсан эх хүний сэтгэл санааг бодоод үзээч. Чамд байцаалт өгч чадах уу. Т.Чимгээ байтугай миний даралт ихдээд байна. Та нар хүүхэдтэй нь салах ёс хийлгүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Одоо гэтэл ажил явдлынх нь өдөр ээжээс нь байцаалт авна гэж байх юм. Миний хүртэл даралт ихдээд байна. Би очиж чадахгүй. Тэр хүн ч байцаалт өгч чадахгүй байх" гэсэн чинь "За маргааш заавал ирээрэй. Байцаалт авна шүү" гээд утсаа тасалсан.

 -Ямар муухай юм бэ?

 -Хэлээд юу гэхэв. Тэгээд би маргааш нь Төв аймгийн хорих ангид очиж байцаалтад оролцсон. Гэтэл "Чи хэргээ хүлээ" гээд л Т.Чимгээг байцаагаад байсан. Би түрхэн зуур бие засах өрөө орчихоод ирсэн чинь Т.Чимгээ байдгаараа салгалчихсан, уйлчихсан сууж байна. Гайхаад чи чинь яачихваа гэсэн чинь "Таныг байхгүй хойгуур байцаагч нүгэл чинь нүдээрээ гарч байгаа юм гээд тавлаад басамжлаад байна. Би ямар нүгэл хийсэн юм бэ" гээд охиноо яриад уйлаад байсан. Сүүлдээ би ч дагаж уйлдсан. Хүүхдээ алдсан эх хүний шаналан гэдэг хэцүү. Гэтэл хүүхдээ алдсан эх хүнд, тэгээд бүр салах ёс ч хийлгүүлээгүй байж яаж тийм муухай харгис хэрцгий үг хэлж чаддаг байна аа. Одоо ч ярихаар сэтгэл өвдөөд гол харлаад байх юм. /уйлав.сурв/

 .....Би н.Бархасбадь байцаагчид "Танд хүнийг гэх зүрх байна уу. Би эх хүн. Би уйлаад байцаалтад оролцож чадахгүй байхад энэ хүн одоо байцаалт өгч чадахгүй. Наад байцаалтаа дуусга" гэсээр байгаад байцаалтыг дуусгаж байсан. Энэ мэтчилэн Т.Чимгээд сэтгэл зүйн хувьд асар их дарамт, доромжлол ирсэн. н.Мөнхтөр өмгөөлөгчийн хэлж байгаагаар Б.Содномдаржаад Т.Чимгээгээс илүү их дарамт, эрүү шүүлт ирсэн гэж бодохоор маш их өрөвдөж, хэцүү санагддаг.

 -Мэдээж хүүхдээ алдчихсан, тэгээд энэ их дарамт, эрүү шүүлтэд хоригдож байсан хүний сэтгэл санаа хүнд байсан нь тодорхой?

 -Тийм. Заримдаа эргэлтээр Т.Чимгээтэй уулзахаар очиход газар сөхөрч суугаад л.... Хүн аргаа барахаараа бачуураад орилдог шүү дээ. Намайг яагаад ингээд байгаа юм бэ. Би одоо яах юм бэ гээд уйлаад орилдог байсан. Анх өмгөөлөл үзүүлэхээр уулзахад аятайхан царайлаг охин байсан чинь сүүлд шүднүүд нь байхгүй, үс нь унаад шингэрчихсэн, бүр эмгэн шиг болчихсон байсан. Эрүүл мэндийн хувьд нүүр ам нь хавдаад, шулуун гэдсээрээ цус алдаад, нойр булчирхай нь өвддөг болчихсон. Бөөр нь үрэвсээд биегүй болсон. Сэтгэл санааг бол яриад ч яахав дээ. Охиноо алдаад салах ёс ч хийж чадаагүй хүн ямар олиг байх вэ дээ.

 Т.Чимгээ "Би яахаараа огт таньдаггүй хүний өмнөөс 20-30 жилийн хорих ял авч байгаа юм бэ. Намайг авраач дээ өмгөөлөгчөө" гээд орилдог байсан. Энэ бүхнийг харж байгаа өмгөөлөгч надад ямар байх уу. Би ч гэсэн адилхан эмэгтэй хүн, эх хүн шүү дээ. Шүүх хурлын дараа миний бие нэг хэсэг өвдсөн. Хүн хилс хэргээр явчихлаа даа гэж бодохоор л өрөвдөөд хэцүү байдаг. Энэ бүхнийг ярихаар сэтгэл өвдөөд уйлчих гээд байдаг юм. /уйлав. сурв/

 ......Хүмүүс намайг энэ хүнээс их мөнгө авчихаад өмгөөлөөд байна гэж боддог. Би энэ хүнээс их мөнгө төгрөг аваагүй. Өмгөөлөгч хүн мөнгөний төлөө байдаггүй. Энэ хүнийг өмгөөлөөд өгөөч гэж надруу өмгөөлөгч хүн хандсан учир өмгөөлсөн. Харин өмгөөлж байх хугацаанд түүний амссан зовлон, шаналал бүх мөчүүд санаанаас огт гарахгүй юм.

 -Ар гэрийнхэн нь бас Т.Чимгээтэй хамт давхар яллагдаж байна. Сэтгэл санааны хувьд хэцүү л байдаг байх?

61 хавтаст хэргийн 30-40 хувь нь цоо шинэ хуудастай бусад нь шарлачихсан хуудастай байдаг

 -Т.Чимгээгийн хойно байгаа ар гэр, хань ижлийнх нь шаналал зовлонг үгээр хэлэхийн аргагүй.

 -Мөрдөн байцаалтын үеэр Т.Чимгээ хэдэн удаа байцаалтад орсон байдаг юм бэ. Байцаалт бүр дээр нь та хамт оролцсон уу?

 -5-6 удаа байцаалтад орсон. Би байцаалт бүрт нь хамт байлцсан.

 -Шүүх хурлын үеэр Т.Чимгээг хэрэг гарах үед Дорноговь аймагт байсныг нотолж чадаагүй юм уу?

 -Т.Чимгээг хэрэг гарах үед Дорноговь аймагт байсныг нотлохын тулд би Дорноговь аймгийн 10 жилийн сургуулиудаас нэг болон гуравдугаар ангид сурч байсан хүүхдүүдийнх нь ирцийн бүртгэл, сургуулийн тодорхойлолт, сурлагын хүснэгт, хичээлийн хуваарь, эмээ нь хэвтэрт өвчтэй байсныг баримтаар нотолж, 20-иод хуудас бүхий баримт аваад шүүх хуралд очсон. Шүүх хуралд орохын тулд хил гаалиар гарч байгаа аятай гараа өргөж байгаад л метр, метрийн зайтай хоёр гурван шалгалтаар орсон. Гэтэл цүнхтэй юмаа орхиод зөвхөн үзэг, хууль хоёроо аваад ор гэсэн. Тэгэхээр нь би "Яаж байгаа юм бэ. Би 20 гаруй хуудас нотлох баримтаа авч орно" гэхэд оруулахгүй гээд тэрнээс болж маргалдаад миний даралт 180, 200 болж эмч дуудаж байсан нь тэр.

 -Тэгээд нотлох баримтуудаа авч орж чадаагүй гэсэн үг үү?

 -Тийм. Анхан шатны шүүх хурал дээр нотлох баримтуудаа өгөөгүй болохоор тэрийг цуглуулсаны хэрэг гараагүй. Ямар ч хэрэггүй болсон. Гэтэл шүүх хуралд Тунгалаг гээд Эрдэнэт хотод биеэ үнэлэгч байсан хүүхэн ороод ирсэн. Түүнээс би "Биеийн байцаалт байна уу" гэхэд байхгүй гэсэн. Гайхаад "Тэгээд яаж энэ олон шалгалтыг даваад ороод ирэв ээ" гэхэд тагнуулынхан намайг авчирсан шүү дээ гээд л ямар ч бичиг баримтгүй ороод ирсэн байсан. Энэ мэтчилэнгээр өмгөөлөгч нар их дарамттай байсан. Биднийг тагнаж, чагнадаг байсан. Шүүх хурлын дараа дор хаяж хоёр машин дагана. Сүүлдээ нөгөө машиных нь дугаарыг мэддэг болчихсон. Өнөөх чинь дагаж байна даа гэж боддог байсан.

 Хэргийн материал уншингуут өөдөөс битүү масктай, буу шийдэм болчихсон зөвхөн нүд нь гарсан залуус 20, 20 минутаар солигдож хараа хяналт тавина. Бие засах газар ормоор байна гэхээр "Та хүлээж бай. Наанаа зогсож бай" гэнэ. Яагаад гэхээр "Дарга нар зөвшөөрөөгүй тохиолдолд бие засуулахгүй" гэнэ. Бие засахдаа хүртэл тэд нараас зөвшөөрөл авна. Арай ч араас дагаад бие засах газар орох нь холгүй л байдалтай байсан. Хэргээ уншаад дэвтэртээ тэмдэглэхээр дэвтэр хураагаад авчихна. Тэнд хоосон орж, хоосон гарна. Хуулийн байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа анх удаа л тийм дарамтад орж, дарамтад ажиллаж үзсэн. 

-Нотлох баримтыг нь оруулаагүй юм байна. Харин хавтаст хэргээс баримт гэх зүйл алга болох тохиолдол гарч байв уу?

-Хэргийн материалыг уншиж танилцаж байхдаа би хэргийн 20-иод хуудас алга болсон байна гээд дэвтэр дээрээ тэмдэглэсэн байсан. Гэтэл таны дэвтрийг хэн ч авахгүй битүүмжилчихнэ гээд авсан хэрнээ шүүх хурал дээр очоод уншина даа гэж бодоод дэвтрээ аваад танилцуулдах уу гэхэд миний тэдээс тэддүгээр хуудас алга байна гэсэн хуудсыг янзлаад бүрдүүлээд хийсэн байсан.

1998 оны хэргийн хуудас шарлачихсан байхад эхнийх нь хуудсууд шарласан хэрнээ нөгөө хуудаснууд нь цав цагаан өнгөтэй. 61 хавтаст хэргийн 30-40 хувь нь цоо шинэ хуудастай бусад нь шарлачихсан хуудастай байдаг. Үүнийг би нөхөж хийж дээ гэж боддог. Яагаад гэхээр нэг өдөр авсан хоёр байцаалтын хоёр хуудас хоёр ондоо болно гэдэг сонин биздээ. Энэ хэрэг ийм байдлаар явсан шүү.

-Та шүүх хуралд орохдоо Т.Чимгээг гэм буруугүйг батална гэсэн хэр итгэлтэй орсон бэ?

-Хоёр шатны шүүхээс ял онооход би Улсын дээд шүүхийн шүүгч нарт итгэж байсан. Дээд шүүхийн шүүгчид бүгд амарчихсан хэрнээ зөвхөн энэ хуралд зориулж, шүүгч нар ирж хурлаа хийж байсан. Тиймээс Монголын шүүгч нарын сор юм чинь наанатай, цаанатай бодох болов уу гэж бодсон ч ялыг хэвээр баталчихсан. Гэхдээ би энэ хүмүүсийг буруутгахгүй. Тэр энэ буруутай ч гэж хэлж чадахгүй. Хамгийн гол нь Т.Чимгээ С.Зоригийг хөнөөгөөгүй гэдэгт би бат итгэлтэй байсан. 

-Та өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг Т.Чимгээ хийгээгүй гэдэгт итгэлтэй байсан байж. Гол нь ямар нэг нотлох баримт байсан уу? 

-Гол нь энэ хэргийн гурван гэрч гурвуулаа амьд. Энэ гурав гурвуулаа эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр байсан гэж ярьдаг. Тухайн үеийн ам зургаар эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйн зурагт өргөн цээжтэй, эрэгтэйгээсээ өндөр эмэгтэй гардаг. Харин миний үйлчлүүлэгч Т.Чимгээ 20 см-ээс дээш татахгүй л бол үүнтэй нийцэхгүй. 160 см орчим эмэгтэйг яаж сунгаж татаад тэр хоёроос өндөр болгох вэ дээ. Хамгийн гол баримт энэ байсан. Өмгөөлөгч нар тав хоног маргалдсан. Тал талаас баримтуудаа гаргаж тавьсан. Би ч баримтуудаа хангалттай гаргасан. Гэтэл миний баримтыг үүгээр няцааж байна гэсэн мөртлөө хөдлөшгүй баримтаар няцааж чадаагүй.  Тийм байхад л Т.Чимгээгийн эсрэг шийдчихсэн. Ийм л байна. 

"Хүүг минь хар тамхины хэрэгт холбогдуулж эхэлсэн"

 -Өмгөөлөгчдөд өөр ямар нэг дарамт ирсэн үү? 

-Энийг л ярьчих юмсан гэхээр "Та нууцын баталгаа авсан шүү" гэнэ. Намайг ямар нэг зүйл ярьж магадгүй гээд миний хүүгээр оролдож эхэлсэн. Хүүг маань Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хүн худалдаалсан, хар тамхи худалдан борлуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирлээ. Тиймээс бид шалгаж байна гээд баривчилж байсан. Тэр үед БНСУ-д эмчилгээнд байсан. Тэгээд Монголын консулын машин ирээд л "Та яаралтай буц" гээд нөгөө олдохгүй байсан суудал чинь олдоод би Монголдоо яаралтайгаар ирсэн. Үүнийг би надад өгсөн сануулга буюу олон юм ярьвал ингэнэ шүү гэсэн анхааруулга гэж ойлгосон. Би чинь олон  хүүхэдтэй хүн. Өөрийн дөрвөн хүүхэд дээр нэмээд өрөөлийн бүтэн өнчин зургаан хүүхдийг авч өсгөсөн. Би бусдад хэрэггүй ч үр хүүхэд, ач зээ нартаа хэрэгтэй хүн. Тиймээс надаас болж хүүхдүүд минь зовох вий гэж их эмээдэг юм билээ. 

-Б.Булганы тухайд юу хэлэх вэ? 

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон жил сайд хийсэн хүнийхээ хувьд хуулийн хүрээнд ханатай л яриад байсан. Энэ шүүх хуралд хэргийн цор ганц гэрч гэгдэх Б.Булганыг яагаад оролцуулсангүй вэ. Олон нийтэд яагаад нээлттэй хийж болсонгүй вэ гээд л... Хуульч гишүүд ч яриад байсан. Энэ хүмүүс чинь гадарлаад байсан шүү дээ. Тэр битгий хэл Монголын ард түмэн ч мэдээд байсан. 

-Одоо эрүүдэн шүүсэн асуудал яригдаад нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Цаашид Т.Чимгээг дахин өмгөөлж, суллах хүртэл явах уу?

-Нааштай алхмууд гарч, шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийн дахин хэлэлцвэл би Т.Чимгээг өмгөөлж оролцоно. Нэгэнт л өмгөөлөгч хүний хувьд энэ хүний эрх ашгийг хамгаалж хуульчийн ёсзүйн дүрэм, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээ баримталж ажиллана. Би эцсээ хүртэл оролцох болно. Өөрийнхөө чадлаар бүх газарт гомдол гаргаж байсан ч хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг үнэн юм байна гэдгийг ойлгосон. 

-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе? 

-Өмгөөлөгч хүний хувьд нэг л зүйлийг хэлмээр байна. Сошиал ертөнц хоёр талтай юм байна. Үүнийг л ялгаж салгаж харах хэрэгтэй. Анх энэ хүмүүсийг энэ хэрэгт холбогдоход больж муу алуурчдыг шийтгээд өг гээд байсан. Гэтэл одоо болохоор шал өөрөөр ярьж байна шүү дээ. Хэрэг ч бас сошиал хэний талд байна тэр талд шийдвэр гараад байна гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

Дашрамд сануулахад, өнгөрсөн баасан гаригт ЗГХЭГ, ХЗДХЯ-наас хамтран сэтгүүлчдэд эрүүдэн шүүсэн 660 хоногийн эхний зургаан өдрийн бичлэгээс нууцын зэргээс ил болсон 26 минутын бичлэгийг үзүүлсэн. Бичлэгийн дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл өгөхдөө "Өмгөөлөгч нарт асар их дарамт шахалт ирж байсан. Заримынх нь хүүхдийг хар тамхины хэрэгт хүртэл холбосон. Ийм л дарамт шахалтан дунд өмгөөлөгч нар ажилласан" хэмээн мэдээлсэн байдаг. 



http://www.zaluu.com/read/32cb6968c

Санал болгох

Сэтгэгдэл

top