|

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхээр болов

saikhnaa 2019/04/11 444 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулсантай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал гаргав. 

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн асуудлыг шалгах түр хороо байгуулах асуудлыг хойшлуулахгүйгээр эхэнд нь хэлэлцэж өгөөч. Энэ долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдчихвэл ирэх долоо хоногт хэлэлцээд эхлэх юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Олон улсын парламентийн холбоо энэ асуудалд анхаарахыг сануулсан. Гадныхан энэ хэрэгт анхаараад байхад мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаар байгаад гурван жилийн нүүр үзэж байна. Тийм учраас түр хороо байгуулах асуудлыг өнөөдөр хэлэлцүүлэхийг хүсч байна. 

2016 оны намар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн шүүх хурал болохоос өмнө би МАН-ын бүлгийн хурал дээр энэ хэрэгт анхаарахгүй бол болохгүй гэж анхааруулж байсан. Гэвч миний төсөөлж байснаас ноцтой юм болсон байна. Энэ түр хороонд зөв юмны араас явдаг цөөхөн хүн оруулж өгөөч гэж хүсч байна. Миний ярьж байгаа зүйл энэ хэргийн өчүүхэн хэсэг нь шүү. 

Ийнхүү гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахаар болов.

Энэ хаврын чуулганаас УИХ-ын гишүүд ирц бүртгүүлэх болон санал хураалтад оролцохдоо хурууны хээ уншуулдаг болоод байгаа билээ. Ингэснээр хүний өмнөөс санал өгөх, ирц бүртгүүлэх асуудал цэгцэрдэг болно хэмээн УИХ-ын дарга мэдэгдэж байсан. 

Гишүүд санал хураалтад оролцохдоо дэмжих татгалзахын аль нэгийг сонгоод хурууны хээгээ уншуулах ёстой. Гэтэл техникийн саатлаас шалтгаалан зарим гишүүний санал бүртгэгдэхгүй, эсрэгээр бүртгэгдэх зэрэг асуудлууд гарсаар байгаа нь байнгын хороо болон чуулган хуралдааны үеэр ажиглагдсаар байдаг. 

Энэ байдал өнөөдрийн чуулганы хуралдаан дээр ч давтагдав. Гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулах үед дэмжсэн, татгалзсан хоёрын байр солигдсон. Олон удаа санал хураалт явуулсан боловч гишүүдийн дарсан санал эсрэгээр гарсаар байсан учир санал хураалт явуулах боломжгүй болсон юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газрынхнаас тайлбар шаардсан. 

УИХ-ын даргын шаардлагад "Программ техникт асуудал байхгүй. Ирцээ бүртгүүлж болж байгаа учраас санал хураалт алдаатай гарах ёсгүй. Хуруугаа яаж уншуулж байгаагаас шалтгаалж алдаа гарч байгаа. УИХ-ын дэгийн тухай тухай хууль санал хураалтыг гар өргөн явуулж болно гэж заасан байдаг” гэсэн тайлбарыг УИХ-ын Тамгын газраас өгөв. 

Энэ дагуу санал хураалтыг гар өргөн явууллаа. Ингээд Л.Болд, Ц.Нямдорж нарын гаргасан С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах түр хороо байгуулах асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлыг дараалалт оруулахыг 100 хувь дэмжив.

Санал болгох

Сэтгэгдэл

top