|

Батмөнх Даян хааны мэндэлсний 555 жилийн ойг тэмдэглэнэ

batdorj 2019/05/13 260 0

Өмнөговь аймагт энэ жил Батмөнх Даян хааны мэндэлсний 555 жилийн ойг тэмдэглэнэ. Ардын хувьсгалын яруу алдарт 98 жилийн ой, Өмнөговь аймгийг үүсэн байгуулсны түүхт 88 жилийн ойг Батмөнх даян хааны мэндэлсний ойтой хамтатган тэмдэглэхээр болжээ.

Уг баяр наадмыг долдугаар сарын 6, 7-ны өдөр зохион байгуулах аж. Энэхүү баяр наадмаар Батмөнх даян хааны түүхэн гавьяаг олон нийтэд сурталчлах, ирээдүй хойч үедээ эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, түүний түүхэн гавьяаг дуурсгах бүтээн байгуулалтын ажлуудыг зохион байгуулах юм байна. Тус ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж хийх ажлуудаа төлөвлөсөн байна.

Батмөнх даян хаан нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Тулга багийн нутаг Худагт цагаан дэрс гэдэг газар 1464 онд төрсөн гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Тэрээр Монголын төрийг хамгийн удаан буюу 1480-1517 оны хооронд 37 жил төр барьсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ. Тэрээр төр барихдаа Монголчуудын хоорондын тэмцлийг эцэслэн, амар амгаланг авч ирсэн гэдгээрээ алдартай юм. 

Батмөнх Даян хааны хөшөөг Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны төв талбайд босгосон бөгөөд мөн Хүрмэн сумын төвд түүний хөшөөг босгон мөнхөлсөн байдаг. 

Д.Мишигсүрэн

 

Санал болгох

Сэтгэгдэл

top