|

О.Эрдэнэтуяа: Цагаан тоосыг гурван аргаар дарж байна

saikhnaa 2019/05/30 109 0

Эрдэнэт үйлдвэр 41 жилийн хугацаанд 855 сая тонн хүдэр боловсруулжээ. Үүний хоёр хувийг нь зэс молибдений баяжмал болгон үйлдвэрлэсэн бол үлдсэн 98 хувь буюу 837,9 сая тонн нь 80 метр зузаан элс болон хаягдлын аж ахуйд хуримтлагдаад байгаа юм. Нэг ёсондоо нэг уулыг нүүлгэж үүсмэл ордыг бий болгосон гэсэн үг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хаягдлын аж ахуйд цагаан элсний үүсмэл орд нэмэгдэж байна.

Хавар намрын улиралд хүчтэй салхи шуурганаас болж цагаан тоос дэгдэлт нэмэгддэг. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоос дарах хөтөлбөр боловсруулан шат дараатай үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн боловч өнөөдрийнх шиг нийт талбайгаас 70 орчим хувийн цагаан тоос дэгдэлтийг дарсан удаа байхгүй юм.

Цагаан тоос нь үйлдвэрлэлийн шат дамжлагын явцад бутлагдан, нунтаглагдан гурилаас ч нарийн ширхэгтэй, зэс молибден агуулсан цагаан элс юм. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан дүгнэлтүүдээр удаа дараа хүний биед сөрөг нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон. Түүнчлэн ургамал амьтан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхэд мөн л хортой элемент гараагүй аж

Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт зөвхөн цагаан тоос дарах орон тооны алба байгуулан техник технологи, урвалж бодис зэргийг ханган өгч тэрбум 300 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа юм. Хаягдлын аж ахуй нийт 2033 га талбайтай. Үүний 1300 га талбайд цагаан тоосны дэгдэлт гардаг юм. Өнөөдрийн байдлаар 577 га талбайн цагаан тоосыг дарагч урвалжаар, 300 га талбайн цагаан тоосыг технологийн аргаар дараад байна. Үлдсэн 200 гаруй га талбайд зуны хаялга өгөхтэй холбогдуулан цагаан тоос дарах ажил хүлээгдээд байгаа юм. Энэ нь далангийн тогтвор суурьшилттай холбоотой. Ийнхүү гурван төрлийн аргаар шат дараатай арга хэмжээ авч хаягдлын аж ахуйн цагаан тоос дарах ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байгаа ажээ. 

Эрдэнэт үйлдвэрийн БОНХХ-ийн дарга О.Эрдэнэтуяатай энэ асуудлаар ярилцлаа.

-Хүнд даацын техникээр далангийн захаас шүрших, барьцалдуулагч бодис ашиглах аргаар цагаан тоос дарж байна. Эхлээд та мэргэжлийн хүний хувьд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн энэ технологийн талаар тайлбарлана уу?

-Цагаан тоосыг гурван аргаар дарж байна. Нэгдүгээрт, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгож байна. Өөрөөр хэлбэл дарагч бодис маань нарийн ширхэгтэй элсийг барьцалдуулж өгдөг, физик шинж чанартай. Энэ аргаар бид 543 га газрын тоосыг дарлаа. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах арга хэрэглэж байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглана. Нуурын шаварт суучхааргүй зориулалтын техник захиалсан. Удахгүй ирнэ. Дараагийнх нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байна. Өнөөдрийн байдлаар Хаягдлын аж ахуйн тоос босож буй 543 га талбайн цагаан тоосыг дарагч урвалжаар, 300 га талбайн цагаан тоосыг үйлдвэрлэлийн технологийн аргаар дарсан. Үлдсэн 200 гаруй га талбайд зуны хаялга өгөхтэй холбогдуулан цагаан тоос дарах ажил хүлээгдэж байгаа.

- Барьцалдуулагч бодисын хүрэлцээ хэр байгаа вэ?

- Одоогоор 40 тонн нөөцтэй байна. Олон төрлийн барьцалдуулагч бодис байдаг. Бид үйлдвэрлэлийн технологийн процесст огт нөлөөгүйг нь сонгосон.

- Өмнө нь цагаан тоос дарах үйлдвэрлэлийн ямар технологи нэвтрүүлж байсан бэ? Цаасны үйлдвэрийн хаягдал лигнин хэмээх бодис хүртэл ашигласан санагдана?

- Өвлийн улиралд хөрсөөр дардаг байсан. Энэ нь маш сайн арга. Ер нь тоос босохгүй шүү. Онцлог нь өвөлжин ажиллана. Хүн, хүч, техник, зардал их ордог. Гэвч ажлын үр дүн сайтай. Хөрсөөр дарах ажил өвлийн улиралд хийгддэг байсан. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах алба байгуулсан. Энэ албаны хүмүүс шинэ тоног төхөөрөмж ажиллуулна. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улиралд цагаан тоос дарах ажлыг гүйцэтгэнэ.

- Ажлын хүндрэл бэрхшээл гарах юм уу?

-Далангийн дагуу хэсгийн 200 гаруй га газарт бид хүрч ажиллаж чадахгүй байна. Энэ далангийн хэсэг өвөл хөлддөг. Тэгэхээр энэ нь үйлдвэрлэлийн тодорхой стандартын хэмжээнд хүртэл гэсэх ёстой. Гэсээгүй тохиолдолд цагаан тоос дарах үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлбэл далангийн тогтвортой байдалд нөлөөлөх аюултай. Иймд далангийн аюулгүй байдлыг хариуцдаг хүмүүс үйлдвэрлэлийн зуны хаялга өгөх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Одоо уг далангийн тоос дарах ажил хүлээгдэж байна.

- Нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн нөхөн сэргээлтийн ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

- 2019 онд Баян-Өндөр ууланд дүйцүүлэх нөхөн сэргээлт хийнэ. Одоогоор бид 120 модны хожуул цэвэрлэж, аймгийн Байгаль орчны газрын хашаанд буулгалаа. Хожуулын нүхийг хар шороон хөрсөөр дүүргэж тэгшилсэн. Энд 900 гаруй мод тарина. Ил уурхайн гуравдугаар овоолгын дор хоёр га газар нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээд байна. Ногоон төгөлд шинээр 500 мод тарилаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top