|

Г.Батхүүгийн хэргийн Номтыг С.Зоригийн хэргийн Б.Булганы хувь заяа хүлээж байна

batdorj 2019/06/11 117 0

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн сард Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан. Нэртэй улстөрч, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болж чадсан нэр нөлөө бүхий шилдэг бизнесмэн байсан учир түүний нас барсан гэнэтийн явдалд хүн бүр анхаарал хандуулж, дор бүрнээ шахуу таамаг, сэжиг хэлж байгаа. Уг хэргийг тойрсон үнэн, худал нь эс мэдэгдэх элдэв мэдээлэл цахим орчинд тархаж байна. Энэ бүхэн дунд уг хэргийг ямар ч хамаагүй аргаар Н.Номтойбаяр гишүүн рүү чиглүүлэх гэж улайрч буй үйлдлүүд харагдаад байгаа юм. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг гэгдээд буй гишүүн Н.Номтойбаяр эртхэн шиг энэ хэргээс нэрээ цэвэрлэж, баталгаатай болгож авахгүй бол түүнийг С.Зоригийн хэргийн гэрч гэгддэг Б.Булганы хувь заяа хүлээж байгаа гэдгийг мэдэж байгаа юу.

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган хэрэг гарсан өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд талийгаачтай хамт байсан хүн нь. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд цуг байсан хүн гэдгээрээ энэ эмэгтэй сүүлийн 20 жилд амьдаараа тамлагдаж байгаа. Тамд байгаа юм шиг л амьдарсан. Эхлээд хань ижлээ алдсан хохирогч гэгдэж байгаад гэрчээр тогтоогдож байлаа. Тэгтэл дараа нь түүнийг сэжигтэн хэмээн ярьцгааж байснаа сүүлдээ "С.Зоригийн аллагыг зохион байгуулсан гэж Б.Булганыг яллагдагчаар татлаа”, "С.Зоригийг хөнөөхөд Б.Булган оролцсон гэх баримт олджээ”, "С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Б.Булганыг гэрчээр биш, яллагдагчаар татлаа”, "Б.Булган С.Зоригийн хэргийн хань хамсаатан мөн үү”, "Тэр гэрч үү, эсвэл гэмт хэргийн хамжигч уу” гэх мэтээр хаягласан мэдээлэл хөвөрсөн ч алийг нь ч хэн ч батлаагүй. Нөгөөтэйгүүр энэ хүн гадаад дотоодоор чөлөөтэй явах нь бүү хэл нийгэмд ч ил гарч чаддаггүй, ядаж л хүн шиг наадмын талбайд инээмсэглэл тодруулаад алхаж байсныг нь харсан хүн байна уу, байхгүй шүү дээ. Энэ эмэгтэй тамд байгаа мэт 20 жилийг хүний амьдралыг туулахдаа мэдэрсэн. Өнгөрсөн хугацаанд энэ хүн юу эсийг үзэв дээ.

Үүн шиг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэргийн сэжигтэн гээд УИХ-аас мултлахад бэлэн болчихоод байна. Ийм эгзэгтэй үед хурдхан шиг нэрээ цэвэрлэж авахгүй бол, улс төрөөс энэ чигтээ гараад явчихвал дахиад улс төрд орох аргагүй болно. Тамд байгаа мэт амьдрал, хувь заяа түүнийг отож байгаа гэдгийг мэдээд үүсч байгаа нөхцөл байдлыг зальжин ашиглаж, далимдуулаад дээрэм, тонуул хийх санаатай хүмүүс түүнийг тойрч байна. Н.Номтойбаярын хувийнх нь болон хувьсгалынх нь бүхий л юман дээр луйвар, тонуул нүүрлэх бүрэн боломжтой. Наад зах нь гэхэд "Би наад хэргээс нэрийг чинь салгаж өгнө”, "Зүгээр болгоод өгье” гээд шан харамж нэхэхээс эхлүүлээд эд юмсыг нь луйвардаж авах гэсэн оролдлого гарна. Тэр мэдээж. Яагаад гэвэл Н.Номтойбаяр бол хөрөнгө мөнгөтэй хүн. Мөнгөтэй хүнийг сайн, муу ээлжлэн хүрээлэх гэхээсээ юм салгачих юмсан гэсэн бодолтой хүмүүс л ээрч тойрч байдаг нь жам.

Тухайн өдөр хэрэг гарсныг хараад цагдаад дуудлага өгсөн хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Энэ хүн мөнгөгүй юм чинь хэн ч түүнийг тоохгүй, хэргийн талаар ноцтой юм ярилаа ч сонсохгүй.

Бид ийм л нийгэмд амьдарч байгаа. Хэргийн нөхцөл байдал гэхээсээ илүүтэй, энэ хэрэгт хөрөнгө мөнгөтэй ямар хүний нэрийг холбож байгаад юм салгах уу гэсэн тооцоололтой этгээдүүд шуналаа уралдуулж буй. Ингээд л Н.Номтойбаяр, Н.Номтойбаяр гэж ноцоод, далимдуулж мөнгө салгах гээд мэрж эхэлж байна.

Хүний нийгмийн бүхий л түүхээс харж байхад дэлхийн баячууд хөрөнгө мөнгө нь хуримтлагдаж, буян нь дэлгэрэхийн хэрээр улам даруу, дуугүй, нууцлагдмал амьдрал руу шилжсээр иржээ. Энэ бол нэг ёсны хамгаалалт. Хүн төрөлхтний хэдэн мянган жилийн хөгжлийн явцын сүүлийн хэдэн мянганд эдийн засгийн харилцаа үүсч, өмч гэж зүйл бий болж, арилжаа үүссэн үеэс хүмүүс хөрөнгө мөнгөөрөө ялгарч баян, ядуу гэх ойлголт үүссэн. Тэр үеэс өнөөдрийг хүрэхэд баячуудын явж ирсэн зам ерөнхийдөө даруу байх тусмаа хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөтэйгөө үлдэж чадсан байдаг бол, эсрэгээрээ дуугарч, олны нүдэнд байн байн гарч ирээд байвал түүнийг тал талаас нь хэмлээд амжилтаас нь татаад өмчийг нь хувийнх нь байна уу, хувьсгалынх байна уу хамаагүй тараагаад хаячихдаг гашуун түүх, үйл явдал олноор тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үүнээс л улбаалж "Баян хүн даруухан байх хэрэгтэй. Мөнгөтэй хүн дуугүй байх ёстой” гэдэг ганцхан л хууль дэлхий дээр үйлчилдэг. Энэ хуулийг дагаж дэлхийн баячууд дуугүй, даруу, чимээгүй аж төрсөөр ирсэн байдаг бол ганцхан "галзуу” өв залгамжлагч байгаа нь Н.Номтойбаяр. Энэ хүний хувийн амьдрал, бизнес, ажил хэрэг нь түмний нүдэнд ил, өөрөө ч нээлттэй, задгай арга барилтай болохоор нэг бол сайд ч хийж гүйж байх юм, эсвэл УИХ-д ч сууж байх шиг. Үнэхээр хашилт, нууцлалгүйгээр ил байгаа хөрөнгө мөнгөтэй залуу.

Гэтэл энэ байдлыг нь далимдуулж, хэрэгт холбож байгаад буюу нэг ёсондоо зовлонд түлхэж унагаж нүхэнд оруулаад аврах гэж байгаа дүр үзүүлж, хөрөнгө мөнгө нэхэх гэсэн хүмүүс түүнийг нохой мэт боорлож байна. Зуд болоход нохой зоолно гэгчийн үлгэрийг л Н.Номтойбаяр дээр биелүүлчих гээд байх шиг.

Г.Батхүү агсны хэрэгтэй ямар ч хамааралгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Гэтэл зориудаар энэ хэрэгт нэрийг нь хачирлаж оруулж, тийм ойлголтыг нийгэм даяар тархаах гэж хичээж байгаа оролдлогыг цааш нь түгээж боломгүй юм.

Хууль, шүүхээр тогтоогоогүй цагт хэн ч гэмт хэрэгтэн биш. Үүнийг Б.Булган амьдралаараа харуулсан. Гэвч нийгэм түүнийг гэрч, сэжигтэн, эцэст нь хэргийн хамаасан мэтээр ойлгосон нь энэ хүнийг хүний нийгэмд хүний ёсоор амьдрах эрхийг нь бүдүүлгээр зөрчөөд байгаа юм.

Н.Номтойбаяр үүсээд буй нөхцөл байдлыг ухаалгаар харж, хэргээс нэрээ цэвэрлэж авахгүй бол түүнийг С.Зоригийн хэргийн Б.Булганы хувь заяа хүлээж байна. Энэ хувь заяаг бүү давт.

Д.Гансаруул     

Эх сурвалж: Өдрийн сонин 

Санал болгох

Сэтгэгдэл

top