|

Үндсэн хуулийг өөрчлөх нь хариуцлага болохоос харамж биш

batdorj 2019/06/19 93 0

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98,4 хувиар дэмжжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан "Нийт гишүүдийн 2/3 дэмжсэн байх” шаардлагыг хангасан тул хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсгийг Ө.Энхтүвшин гишүүн ахалж, бүрэлдэхүүнд Д.Лүндээжанцан, Б.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нарын гишүүд багтав. Мөн тэдэн дээр хуулийн төслийг боловсруулсан хуучин ажлын хэсэг нэмэгдэж ажиллана.

Ямартай ч гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ удаагийн парламент батлах нөхцөл нь бүрдчихлээ. Өмнөх гурван удаагийн парламентад улс төрийн хоёр том нам ойролцоо суудалтай байхдаа зөвшилцөлд хүрч, хийж чадаагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаа үнэмлэхүй олонхи суудал авсан нам дангаараа өөрчлөх бололцоотой гэж ажиглагчид хэлж байна. (Одоо ч эс бол дахиад 20 жилээр ухарна) Харин ямархуу түвшинд энэ өөрчлөлтийг хийж чадах вэ, өмнөхөөсөө сайжруулах уу, муужруулах уу? гэдэг нь дараа дараачийн хэлэлцүүлгээс харагдах биз.

Өнгөрсөн хоёр өдрийн хэлэлцүүлгээс харахад гишүүдийн дунд хэлэлцэж байгаа асуудлаасаа тэс өөр юм яриад сууж байсан нөхөд олон бий. Энэ чинь нэмэлт өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу? гэх мэт "танин мэдэхүйн” чанартай асуулт тавих хүн ч нэг бус. Ер нь бол хуулийн төслөө уншаад, түүнийгээ бүрэн ойлгоод ярьж байгаа нь тун цөөхөн байсан гэж болно. Эрхбиш ажлын хэсэг гараад ажиллавал өмнөхөөсөө арай нэг ахисан түвшний юм ярих байх л даа. Хамгийн гол нь манай нөхөд микрофоны өмнө очихоороо зорилгоо мартаад (заримынх нь ч бараг үндсэн ажил байх) зусардаад суучихдагаа л больчихвол ажил хэрэгт арай дөхөм болох гээд байдаг.

Шинээр байгуулсан ажлын хэсэгт Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ зэрэг анх удаагаа сонгогдсон шинэ гишүүд, Ж.Батзандан мэтийн "бүрээчин”-гүүдийг хүртэл оролцуулсан нь С.Бямбацогт гишүүний хэлснээр "тал талын” хүсэл сонирхлыг хангах гэсэн хэрэг биз. Гэвч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь өөрөө хязгаартай. Ажлын хэсэг тэр хязгаарт багтааж нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан гэж ойлгож байгаа.Хэрвээ хүн бүрийн саналыг тусгана гэвэл нэмэлт өөрчлөлт биш, шинэчилсэн найруулга, бүр цоо шинэ хууль ч өргөн барих хэрэг гарч мэднэ.

1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулиа баталснаас хойш 27 жилийн дараа, 2000 оны "дордуулсан долоо” гэх өөрчлөлтөөс хойш 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэлээд том хэмжээний өөрчлөлт хийх гэж байгаа учраас хүн бүр л хувь нэмрээ оруулах гэх нь аргагүй. Дахиад хорин жил өнгөрөхөд "Би энэ хуулийг баталсан юм шүү, ажлын хэсэгт нь орж ажилласан юм шүү” гэж хэлээд суух том амбицтай нөхөд ч захаас аван байгаа. Гэвч хожим тэр нь сайшаал болох уу, муушаал болох уу? гэдэг нь УИХ-ын батлан гаргах хуулиас шалтгаална.

Хаа очиж 1992 оны Үндсэн хуулийг баталсан нөхөд 27 жил өөдөө залагдлаа. Тэдний араас залагдахын тулд энэ удаагийн УИХ-д асар том хариуцлага ирж байна даа. Алс хэтийн том зорилт, зорилгоо умартаад өнөө маргаашийн хожоо, сонгогчдоос оноо авах гэсэн зусар үгээ шидээд суувал нөгөө "долоо”-гоосоо ч дордсон зүйл дээр унаж мэднэ. Тиймээс УИХ-ын гишүүдийн хувьд ажлын хэсгийн оруулж ирсэн төслийг сайжруулах гэхээсээ муужруулчихгүй гаргах нь бараг өлзийтэй болов уу.

Тэртэй тэргүй гишүүдийнх нь мэдлэгийн түвшин, ёс суртахууны байдлыг үнэлбэл гайхуулаад байхааргүй. Ганц авах юм нь 64 суудалтай нэг цул хүч байна. Энэ хар хүчийг ашиглаад нэг удаа ч гэсэн урагш алхахсан гэсэн хүлээлт нийгэмд байна. Түүнээс биш олон суудалтай том намд өгч байгаа шан харамж, гар цайлгах бэлэг биш.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top