|

Ерөнхий сайд аа! ЖДҮ бол МАН-ын хийгээд таны хувьд дүүжлүүрийн олс

batdorj 2019/08/19 260 0

Монголчууд тийм ой санамж муутай ард түмэн гэж үү! Эрх баригч хэн боловч бидний тухайд ийн бодоод байх шиг байна. УИХ-ын гишүүдийн нөгөө дээрэм, луйвар, ЖДҮ-тэй холбоотой хэрэг яалаа? Монголын Гадаад харилцааны яамаар нэг дүүрсэн хар тамхи, контрабандын наймаачин, гэмт хэрэгтнүүдийн шившигт хэрэг явдлууд яалаа! Энэ бүхэн яаж, хэрхэн шийдэгдсэн бэ? Намаржин үргэлжлэх найр наадам, түрүү бөхтэй холбоотой допингийн дуулиан шуугиан, Үндсэн хуультай холбоотой хэлэлцүүлэг энэ тэр тэгээд дээрх хэргүүдийг мартагнуулж, цагаатгах шалтгаан болох ёстой юу? Үгүй байх аа! Би л хувьдаа ийн бодож байна. Харин та юу гэж бодож байна даа! Юутай ч, Ухнаагийн Хүрэлсүх ерөнхий сайд маань аймаар шударгуу, басхүү ширүүн, дориун байгааг бид харж байна. Уул, уурхай болон байгаль орчны сайд нараа Тост, Тосон Бумбын нуруу орчмын орд газруудын лицензтэй холбоотойгоор хэрхэн жижигрүүлж, цагдаа, тагнуулын удирдлагуудыг өмнөө нахилзуулж, тахилзуулахыг нь харцгаалаа. Сайн байна. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд хүнд ийм дайны зангараг даанч нэг баймаар даа. Энд түүний өгсөн үүрэг, даалгаварын зөв, буруу эсэхийн тухайд биш ерөөсөө л асуудалд хандаж байгаа хандлагынх нь талаар магтан, басхүү талархаж буйгаа дурдсу. Тэгэхдээ нэг, хоёрмуухай зүйлийг эрхэм Ерөнхий сайдад сануулах гэж байгаагаа дашрамддуулгая! Яагаад гэвэл эл асуудалд мөн лүгээ шударга, шуурхай хандаасаа хэмээн хүсэх бөлгөө. 

Өгүүлэх нь: Таны Засгийн газрыг маш муухайгаар харагдуулах болсон ЖДҮ-ийн хэмээх хэрэг яагаад таг чиг болчихов оо! Яг үнэндээ нягтлаад үзэх аваас ЖДҮ-ээс тэрбум, тэрбумаар нь "хуссан” гишүүд нэгэн цагт таны кабинетэд нь багтаж асан С.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах кнопыг хэлэлцсэн мэт бүгд дарцгаасан байдаг юм билээ. Үүнийг тохиолдол гэж үзэж болох ч, хөдөлмөр бизнес эрхлэх гэж мянган бэрхшээл, түмэн зовлонг туулж буй иргэд,аж ахуйн нэгжүүдэд очих ёстой хамгийн бага хүүтэй зээлийн боломжийг бүлэглэн хулгайлсан улстөрчдийн дээрмийн хэргийг тохиолдол гэж үзэж яав ч үл болно. Ямар нэгэн байдлаар мартагнуулж, манантуулж өнгөрөөхийг хүсвэл та өөрийгөө болон намаа ирэх сонгуулиар "цаазын тавцанд” хүргэгдсэн байгаагаар төсөөлж болно. Баталгаатай. Үнэндээ ЖДҮ хэмээх дүүжлүүрийн олсонд хүзүүгээ углах гээгүй л юм бол "шударга ёсны төлөө үхэж ч чадна” гэж хэдэнтэй хэлсэн амлалтдаа эр хүн шиг, жинхэнэ "мужик” ёсоор хүрэх л хэрэгтэй болно доо. Нэгэнтээ "Монгол Улсын Засгийн газар өнөөгийн ханшаар 195 ширхэг ланд круйзер машин буюу ердөө 36 тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй” гэж яригдах болсон нь гашуун сонсогддог. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын өртөг ийм хямдхан гэсэн үг мөн биз! 

Жишээлбэл, би ерөнхий сайд болохыг хүсвэл өнөөдрийн энэ аймаар хувийн ашиг сонирхолтой 76 гишүүнээс ердөө 36-д нь тэрбум, тэрбум төгрөгийн авлига өгөхөд л гүйцээ, хаваасаг. Манайд засгийн газар ийм өртгөөр онхолдож болдог жишиг тогтсон. Ард олны дунд У.Хүрэлсүхийн Засгийн газар "ЖДҮ-ийн зээл” гэсэн хаяг дор авлигаар боссон хэмээн яригдах болсоныг би хувьдаа үгүйсгэж чаддаггүй юм. Яагаад гэвэл үүнийг нотлосон "МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахаар тохиролцож, үгссэн. Түүнийхээ шан, хөлсөнд ЖДҮХС-аас зээл авсан. Энэ бол зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг байсан юм шүү” хэмээн тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан,гишүүн Д.Хаянхярваагийн хэлсэн үг байдаг юм. Хуульчдын хэлж, ярьж байгаар бол ЖДҮ сангаас мөнгө авсан албан тушаалтнуудын хулгай бол урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттай, албаны эрх мэдлээ ашигласан, үргэлжлэн шалгагдаж байгаа гэмт хэрэг юм билээ. Юутай ч, ЖДҮ санг хуурайлсан хулгайч гишүүдийн уршгаар өнөөдрийг хүртэл жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгч ард иргэд санхүүгийн эх үүсвэргүй болж, өндөр хүүтэй зээлийн хүүд баригдан, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажлын байр шинээр бий болгохаргагүй болсон. Хамгийн харамсалтай нь эрхмүүд ЖДҮ-ийн сангаас жилийн гуравхан хувийн хүүтэй зээл тэрбумаар нь авчихаад эргүүлээд ард түмэнд сарын арав, хорин хувийн хүүтэйгээр зээлж мөнгө хүүлсэн луйварыг нь бодохоос дотор жихүүцэж, хорсол төрдөг юм. Яг үнэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой байсан ч, хоёр сайдынхаа ажлыг сольсон төдийгээр асуудлыг шийдчихсэн гэж үзэж байгаа бол түүн шиг эндүүрэл үгүй ээ! ЖДҮ-ийн хэрэг бол МАН-ынхан болоод тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд хоолойд нь тулгасан хутга шиг ямагт аюултай байж, хариуцлага нэхэн болно. Энэ хэрэг МАН-ынхны хувьд зүгээр нэг "поопроод” байдаг сэдэв огт биш билээ.

Өгүүлэх нь: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан нэгэн Москвад суугч манай дипломатуудтай уулзахдаа " Та минь ээ! Баригдаж улс орныхоо нэрийг хөөдчих л үгүй шиг наад тамхиныхаа наймааг хийж үзээрэй!” гэсэн гэдэг. Магадгүй онигоо байж болох ч нэг талаасаа манай дипломат алба хэрхэн дампуурч байсанг илтгэсэн үг мөн байгаа биз. Үүнийг арав гаруй жилийн өмнөх явдал гэж үзвэл өнөөдөр Монгол Улсын дипломат алба жинхэнэ утгаараа дампуурчихаад байх шиг байна. Монгол Улсын дипломат албаны нэр хүнд олон улсын тавцанд шалдаа бууж, дэлхий дахинаа ичгүүртэйгээр шившиглэгдэж байгаа нь тэсч, тэвчихийн эцэсгүй гутамшиг болж байна. Монгол Улс гадаад, дотоодод ингэж шившиг болж, булайгаараа дуудуулж байсангүй. Тэр тусмаа төрт ёсыг дэлхий дахинаа анхлан таниулж, олон улсын харилцаанд дипломат албыг үндэслэсэн үндэстэн атлаа өдгөө XXI зууны эхний хорин жилд ингэж гутамшиглагдах гэж! Нэг талаар манай дипломат албаны сүйрэл Монголын төр, засаг ямар их доройтож, сульдсаныг ард түмэнд тов тодорхой нотлон харуулж байгаа нь сайн хэрэг гэж бодном. Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн, тэр тусмаа Европын хэвлэлүүдээр байсхийгээд л Монголын дипломатуудын үйлдсэн хууль бус наймаа, контрабандын гэмт хэргийн талаар бичдэг боллоо. Тэр тусмаа дипломат халдашгүй бүрэн эрхийнхээ халхавч дор бүр эртнээс хар тамхины наймааны сүлжээнд орсон байж болох ноцтой баримтуудыг гаргаж тавьж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу 3 сая еврогийн үнэ бүхий геройныг албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдаж, хоригдоод байна. 

Хар тамхины наймаа нь хүн төрөлхтний эсрэг өдүүлж буй гэмт хэрэгт тооцогддог. Асар их мөнгө эргэлддэг энэ наймааны сүлжээг таслан зогсоох гэж дэлхийн улс орнууд олон зуун жил тэмцэж ирсэн түүхтэй. Хар тамхины наймааг дагаж бүхий л төрлийн гэмт хэрэг, хүчирхийлэл "цэцэглэдэг” болохоор үндсээр нь таслан зогсоохын төлөө улс орнуудын үе үеийнтөр,засгууд хүнд хүчир тэмцэл хийж ирснийг бид мэднэ. Гэтэл Монгол Улсыг гадаадад төлөөлж буй манай дипломат алба, тэнд ажиллагсад энэ наймааны сүлжээнд эртнээс орж, бүр гаршсан байсаныг одоо л мэдэж байгаа юм шиг эрх баригчиддүр эсгэж, жүжиг тавьж, арьсаа хамгаалах гэж мурчигнаж байгааг хараад зарим нэг баримт дэлгэмээр санагдлаа. 

Ерээд оны дунд үеэс эхлэн улстөрч, эрх мэдэлтнүүддипломат албанд хувийн эрх ашиг, сонирхолоо ил тодоор шургуулж эхэлсэн байдаг юм. Гадаад харилцааны яаманд мэргэшсэн мэргэжлийн дипломатчид биш улс төрийн томилгоогоор төрийн түшээд, сайд, дарга нар төрийн томчуудын садан хамаатан, ах дүүс, найз нөхөд, тойрон хүрээлэгч нар пиг дүүрч, Монголын дипломат албаны нэр хүндяг энэ цаг үеэс хойш гадаад ертөнцөд ханш нь унасан хувьцаа шиг үнэгүйдэх болсон нь гашуун үнэн. 

Энэ талаар манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголын дипломат алба ураг, садан төрлийн алба боллоо гэдгийг олон жил сануулж бичиж ирснийг тод санаж байна. Гадаад харилцааны яам төдийгүй гадаад улс дахь ЭСЯ-дуудад тэр чигээрээ улстөрчдийн шахааны, шагналын, өр төлөөсний хүмүүс томилогддог болсноор энэ байдал улам даамжирч, өнөөдөр ГХЯ-нд бараг жишиг журам болоод хэвшчихсэн гэж хэлэхэд хилс огт биш. Дипломат албаны тухай хуулинд "Монгол Улсынхууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ” гээд уг ньтодорхой зааж бичсэн байдаг ч, ГХЯ эсрэгээр нь хэрэгжүүлдэг газар болж хувирсан гэдгийг тус яамны томилгоонуудаас харж болдог. Европын хамтын нийгэмлэгийн улс орнуудын тусгай албад, хар тамхи, контрабандын наймааны эсрэг тэмцдэг бүтцүүд, хил, гаалийнхан Монголын дипломат албанынханд итгэхээ байж, хамгийн сэжигтэйд тооцох боллоо. Аль ч улс орны дипломат эрх дарх нэн хүндэтгэлтэй байдаг бол Монголынх тийм биш болсон. 

Сарын өмнө манай нэг салбарын сайд Европын хил дээр саатуулагдаж, бүх ачаа бараагаа шалгуулж, нэлээд хэл ам таталж бөөн асуудал үүсгэж, арай гэж салсан байсан. 

Бидний нэр хүнд гадаад ертөнцөд ингэтлээ унаж. Магадгүй энэ байдлаараа Монголын дипломатуудыгЕвропын улс орнуудад визтэй зорчдог болгочихож мэдэхээр тийм нөхцөл байдлыг манай "контрабандчин-хар тамхины наймаачин” дипломатчидөөрсдөө үүсгэж байна. Энэ бүхэнд ГХЯ-аас гадна үе үеийн төр, засаг буруутай. 

Монголын ГХЯ-нь бараг бодлогоор тамхи, хар тамхины болон бусад хориотой барааны наймаа хийхийг ажилтнууддаа зөвшөөрч, дэмжиж байсан байдаг гэвэл баргийн хүн итгэхгүй л дээ. Би энд хэнийг ч гүтгээгүй. 

Гагцхүү гадна, дотнын хэвлэлд гарч байгаа баримт, эрэн сурвалжилсан мэдээлэлдээтулгуурласан гэдгээ өчих нь зөв болно байх. 

Хэрвээ хэн нэгнийг гүтгэж, хилсдүүлж, дэгсдүүлсэн байх аваас хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ бас дурдсу.

Монгол Улсын дипломат албанд томилогдсон хүн төр, улс, ард түмэндээ тангараг өргөдөг юм. Тэд"Монгол Улсын иргэн би Монгол Улсынхаа тусгаар тогтнол,бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг ямагт дээдлэн, Монгол Улсынхаа гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд үйлст үнэнч шударгаар хичээн зүтгэж, дипломат ажилтны нэр төр, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн биелүүлж, төрийн нууцыг чандлан явахаа тангаргалъя. 

Хэрэв өргөсөн тангарагаасаа няцвал төрийн хуулиар хатуу цээрлэл хүлээнэ” гэж тангаргалдаг. Харамсалтай нь тангарагаасаа няцсан олон олон хүн, жишээ хөвөрсөөр..ч, хэн нь ч хариуцлага, цээрлэл хүлээсэн тохиолдол байдаггүй юм. Харин ч өргөсөн тангарагаа зөрчих бүрий албан тушаал ахиж, баян тансаг амьдарч байгаа жишээ олон. Монголд хар тамхи, амны тамхи, автомашины хууль бус наймаа гээд асар унацтай атлаа хориотой наймаа нь гагцхүү ГХЯ-ныхны хийдэг монополь бизнес болохыг бид саяханаас мэдэх болсон.

Дипломатуудын хар тамхины наймааг эхлүүлсэн хүн нь Каирт  Элчин сайд байсан К.Сайраан гэдэг. Түүний охин нь Туркийн хар тамхины наймааны сүлжээнд холбогдож Туркээс Грек рүү хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдан Европын гянданд бүх насаараа хоригдох ял сонсоод баларч байхад нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди Грекийн Ерөнхийлөгчид захидал бичин гуйжбайж ялаас мулталсан байдгийг мэдэх хүн тийм ч цөөн биш байх аа. 

Хэрэвзээ, тэр үед Н.Багабандихожим эх орноосоо урвасан К.Сайраанд тал засахаасаа илүү Монголын ирээдүйн төлөө шийдвэр гаргаж чадсан бол гэх харамсал одоо ч дотроос хөндүүрлэдэг юм..

Ер нь Болгар, Туркэд хар тамхины наймааны гэмт хэрэгт өртөх, олзлогдох, урхинд орох магадлал нэн өндөр гэдгийг 2006 онд 120 кг хар тамхи зөөж яваад баригдсан дипломатч Д.Шатарбалын хэрэг, хоёр сарын өмнө Германд мөрдөнд орсон хоёр нөхөр нотолж байна. Олон улсад хар данстай "Black Morgan” хэмээх хар тамхины наймааны байгууллагын сүлжээнд манай олон дипломатч орсон байх магадлалтайг Европын хэвлэлд бичиж байгааг үндэслэлгүй гэж үзэж болохгүй юм. Тамхины наймаагаар гаршаад хэл ам татлан Европоос хөөгдөж ирсэн нэг нөхрийг ГХЯ-наасаа хөөгдөхөд Т.Бадамжунай сайд байхдаа дэргэдээ авч дараахан нь Европын Холбооны дэргэд суух Элчин сайдаар эргүүлэн томилж байсан баримт хуучраагүй байна. 

Манай Элчин сайд нар тамхины зөөврийн наймаа эрхэлж, зарим нь бүр амиа алдаж байсан харамсалтай түүх ч бий. Тухайлбал, Польшид сууж байсан Монголын Элчин сайд Герман  руу "бараа"-гаа оруулж өгчихөөд буцаж явахдаа хурдны зам дээр осолдож амиа алдсан талаарх мэдээг ГХЯ олон нийтээс нуусны балаг одоо ч үргэлжилсээр байна. Болгарт Элчин сайд байсан Г.Дашдаваа гэдэг эрхэм эхнэрийнхээ хамт тамхины наймааны хэрэгт холбогдож Европын тусгай албадад бүртгэгдсэн байдаг. Энэ эрхмийг тийм хэрэг үйлдлээ гэж сонсоод үнэмших аргагүй. 

Социализмын үед ГЯЯ-ны орлогч  сайд, социалист Кубад Элчин сайд байсан мэргэшсэн дипломатч хүн шүү дээ. Түүнчлэн эдүгээ Прагад сууж байгаа Элчин сайд Нямаагийн Наранбат гэдэг залуу Польшийн Эрүүгийн цагдаад эрэн сурвалжлагдаад Монголынхоо нэрийг шавартай хутгаж яваа талаар мэдээ дуулдаж байна. Тэдний гэр бүл Чехэд байх үедээ тамхины наймаа хийж, ашиг асар ихээр олж, Улаанбаатарт буцаж ирээд талбайн дэргэд ҮЭ-ийн төв байрны доод давхрын урд жигүүрийг тэр чигт нь авч, чех гутлын дэлгүүр, чех пивоны ресторан нээн ажиллуулж байсан нь тамхины наймааны орлогоос боссон бизнес байлаа. 

Ерөөсөө ийнхүү хар, бор тамхины наймаа дипломат албыг нөмрөх болсны бурууг тус яамны Төрийн албаны салбар зөвлөл, Төрийн захиргааны удирдлагын газрын удирдлага хүлээх ёстой. Өөрсдөө наймаанд оролцоод явдаггүй ч, бусдад дипломат болон албан паспорт шийтгэн олгодог, томилгоо хийдэг гол тушаалтнууд. Жолооч нарыг ажилд авдаг, томилдог Дипломат байгууллагуудын үйлчилгээ эрхлэх газар гэж үнэндээ бүрэн мафижсан байгууллага байдаг гэсэн. Тус байгууллагын дарга нар нь гадаадад дипломат албанд үйлчлэх жолооч нарыг томилохдоо урьдчилгаа мөнгө авдаг бичигдээгүй хуультай болоод удаж байгаа аж.Томилогдож очсон нөгөө нөхөр "шархаа” нөхөх гэж тамхины зөөвөр зайлшгүй хийх болдог тухайгаа мэддэг нэгний ярихыг сонсож байлаа. Арваад жилийн тэртээ авилгын айхтар сүлжээ илэрч байжээ. ДБҮЭГ-ын дэд дарга Д.Лхамсүрэн гэдэг эмэгтэй бүр ханш тогтоож, жолооч нарыг томилуулдаг, томилгоог

ТЗУГ-ын дарга Бат.Ганболд албажуулаад, ТНБД бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн даргад мэдүүлдэг, Р.Алтангэрэл нь томилдог сүлжээ ажиллаж байсан нь ГХ-ны сайдын сонорт хүрч, Д.Лхамсүрэнгхалаад Р.Алтангэрэл,  Б.Ганболд  нар тэр хатагтайг Казахстан руу томилж явуулжээ. Хэрэв томилолт өгөхгүй бол хам хэргээ дэлгэж, Р.Алтангэрэлийн элчин сайд болохыг болиулна гэдэгтээ тулж дарамталсан гэдгийг тус яамны ажилтнууд сайн мэддэг, ярьдаг юм билээ. Хатагтай Д.Лхамсүрэн харин Алма-Ата хотоос Европ руу тамхины зөөврийг гялалзуулж өгсөн гэдэг. Бүр тэтгэвэрт суутлаа тэр ажлаа дипломат албатайгаа хослуулжээ. Түүнийхүргэн Д.Батсайхан нь Г.Дашдаваа сайдтайгаа тамхины наймааг хамтран цэцэглүүлж явсан туршлагатай нэгэн ажээ.

Түүнчлэн Будапештийн тамхины дипломат наймаачдын бүлэгт Цэдэнсодном, Дүүжий, Эрдэнэчулуун, Дөхөмбаяр гээд жагсаж байгаа тухай баримт гээд цувуулаад байвал их урт жагсаалт гарч ирэх аж. Энд хэн нэгнийг гүтгээгүй шигээ басхүү хэн нэгнийг нууж, хайцаалах ямар нэгэн шалтгаан надад алга. Нэгэн цагт БХ-ын сайд, ГХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Ц.Цолмон ОХУ-д Элчин сайд байхдаа ажилтнуудаа бүр хуваарьт оруулж, тамхины наймаа хийлгэдэг байсан нь манай дипломат алба хэрхэн дампуурсныг, ёс зүйн хувьд яаж ялзарч, цагаандаа гарсны жишээ биш гэж үү! 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар хар тамхины наймаачин дипломатуудын дуулиан ид өрнөж байхад даруй 67 хүнийг дипломат албанаас хална гэж мэдэгдсэн. Тэрхүү мэдэгдлээс хойшбүтэн зун өнгөрчихлөө. Ам, ажил ингэж зөрөөд л, хариуцлага суларсаар дараагийн сонгуультай золгоно гэсэн тооцоо түүнд байх шиг. Хүмүүс мартана гэж бодоод байх шиг байна. Манайд ажил яг ингэж явдаг.

Тэгээд ч эрхэм сайд 67 хүнийг халснаар Монголын дипломат алба цэвэршинэ гэж бодож байвал эндүүрэл. Хамгийн гол нь Монгол Улсын нүүр царай, нэр төр болсон энэ чухал салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, жинхэнэ мэргэшсэн, туршлагатай, тулхтай мэргэжилтнүүдийг ажиллуулж, гадаадад томилж чаддаг, тийм шударга тогтолцоог бий болгоогүй цагт дипломат нэрээр халхавчлаад гэмт хэрэг үйлдэгч шуналтнууд энэ албанд үржиж, хогийн ургамал шиг дийлдэхээ байх аюул салахгүй гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй ээ! Тиймийн тулд дипломат албыг бүр үндэс угаар нь цэвэрлэх ёстой болж байнаа даа. 

Дашрамд Гадаад хэргийн яамнаас хар тамхи, амны тамхины наймаа эрхэлж байсан эс бөгөөс ийм хэрэгт нэр холбогдсон нөхдүүд ШХАБ буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг ажиглагчийн статусаас нь ахиулж жинхэнэ гишүүн орон болгох гэж идэвхийлэн зүтгээд байгаа нь анзаарагддаг юм. Ямар учир шалтгаантайг нь мэдэхгүй ч, ШХАБ-ын гишүүн орнуудаас Тажикстан, Узбекстан, Кыргызстан, Казахстан бас Хятад, ОХУ-ыг хар тамхины наймааны сүлжээ хэрсэн байдаг гэдгийг мэднэ. Эцэст өгүүлэхэд монголчуудын ой санамж хэвээрэй шүү гэдгийг эрх баригч нарт сануулъя. Магадгүй асуудалд орсон нөхдүүд найр, наадам удаан үргэлжлээсэй, бороо улам ороосой, үер урсаасай, элдэв дуулиан босоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч байж болох л юм. Тэдэнд огт цаг хугацаа хожуулахгүйгээр, зохих хариуцлага хүлээлгэхийг л эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та бүхнээс ард түмэн хүсээд байгаа юм шүү дээ.

Ш.Даваадорж

Эх сурвалж: baabar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top