|

Ерөнхий сайдын хариуцлагагүй үгийн хариуцлагыг хэн хүлээх вэ

batdorj 2019/08/20 396 0

-Ерөнхий сайд зангарагтай байж болох ч Засгийн газрын тэргүүн гэдгээ мартах учиргүй-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ олон нийтэд таалагдах бас тэднийг цочирдуулах хэд хэдэн үг хэлсэн.Тодруулбал, "...гурил, махан дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой. Энэ талаар би Ч.Улаан сайдад албан ёсоор үүрэг даалгавар өгөөд байна. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд өөрөө толгойгоороо хариуцна гэдгийг би эртхэн хэлье. Эртхэн шиг энэ тал дээр зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай ХХААХҮЯамны холбогдох хүмүүс ээ. Мал нядлагаа эхлэхээс өмнө би Ерөнхий сайдын хувьд хэллээ шүү...” гэхчилэн хэд хэдэн сайдад үүрэг өгч, хариуцлага тооцох тухайгаа дуулгасан.

Харин цочирдуулам үг нь "Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах ёстой. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл хэдэн тонуулч нар ухаад дууслаа.” гэх үг байв. Мэдээж эх орныхоо баялгийг хамгаалах нь зүй ёсны хэрэг.Гэвч цэрэг, цагдаа хөдөлгөх нь тийм зохистой асуудал мөн гэж үү.

Одоо нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа Монгол Улсын үндсэн хуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн байна гэж заасан байдаг. Мөн Ерөнхийлөгчийн тухай хуульд "Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг хууль тогтоомжид заасны дагуу зарлана”, "Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэр гаргана”, "Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно” зэрэг бүрэн эрхийг заасан байдаг.

Гэтэл түүний энэхүү бүрэн эрхийн өмнүүр Ерөнхий сайд орж цэрэг, цагдаагаа хөдөлгөе хэмээсэн нь зохистой зүйл мөн гэж үү. Байгалийн баялгаа авч  үлдэж, экологийн тэнцвэрт байдалд анхаарахын тулд нэгэнт ажиллаж буй уул, уурхайн салбарт цэрэг, цагдаагийн хүч ашиглахаас түрүүнд тэдгээрт хууль зөрчиж лиценз, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудтайгаа тэмцэх учиртайсан.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Тост Тосон бумбын ордыг авч чадсандаа эрдэж, олон нийтэд таалагдахын тулд Ерөнхий сайдын зангараг харуулж буй мэт үүрэгдэж, даалгахдаа аливаа хууль, дүрэм, журмыг хөсөр хаяж болмооргүй юм.

Эсвэл сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөн хэлсэн үг бол түүний бусад үгэнд ч итгэхэд бэрх болох биз ээ. Өөрийн тэргүүлж буй Засгийн газрын сайд нартай хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Өчигдөр хэлсэн үгийг нь сануулж, үүрэг хариуцлага нэхвэл цэрэг, цагдаа хөдөлгөх үгсээ мөн л санах уу. Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэн үг хоёр үзүүртэй зүү мэт үлдэж мэдэх юм. Юутай ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өөрийн мэт гэнэтхэн ийн "том” дуугарсан нь их хурын өмнөх шуурганы эхлэл л байж мэдэх юм.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top