|

УИХ Монголын эмгэнэлт хувь заяаны эзэн, гавьяатан, буруутан

batdorj 2019/09/04 375 0

УИХ ба Зөвлөлийн засаглал
Монголын Франкенштейний хөнөөлийн гол эх сурвалж, голомт нь Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч, шүүх ч, ҮХЦ ч биш. Харин Монголын ард түмний ардчилсан эрх, эрх чөлөөний биелэл, "нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэх” ёстой "ард түмний элч” нараас бүрдсэн "төрийн эрх барих дээд байгууллага” болох УИХ. Парламент ард түмний эзэн буюу бүрэн эрхийн (popular sovereignty) биелэл, ард түмний хүсэл зоригийг тээгч, түүнийг хуульчлагч байгууллага. Тиймээс ч хууль тогтоох ёстой юм. Парламент хууль тогтоох нь бүгд найрамдах байгууллын, түүний дотор ерөнхийлөгчийн ч, парламентын ч, зөвлөлийн засаглалын ч тогтсон ёс. Гэхдээ бүгд найрамдах буюу үндсэн хуульт байгуулал, ялангуяа, түүний биелэл болсон АНУ-ын засаглалд парламентын хууль тогтоох эрх мэдлийг үндсэн хуулиараа хязгаарласан байх. Бүгд найрамдах байгууллын суурь үзэл санаанд "төрийн эрх барих дээд байгууллага” гэж байх ёстой бол тэр нь улсын иргэн бүгдийн, бүгдийнхээ төлөө, бүгдээрээ байгуулсан гэрээ-суурь үндсэн хууль нь юм. Учир нь үндсэн хууль нь бүгд найрамдах улсын иргэдийн суурь гэрээ, зохион байгуулах засаглал юм. Чухам тийм ч учир үндсэн хууль, хуулийн засаглал, тиймээс ч шүүх нь парламентын гаргаж байгаа хууль, тогтоомжийг үндсэн хуулийн үүднээс шүүн тунгааж хүчингүй болгох ёстой байдаг юм. Тиймээс ч шүүхийн шийдвэр нь эцсийн байх учиртай.  
Монгол улсад Үндсэн хууль бүтээсэн нь ч, ҮХЦ-ийг байгуулсан нь ч энэ үзэл санааных. Нийгмийн суурь гэрээ, зохион байгуулах засаглал болох үндсэн хуулийг түүгээр байгуулагдсан парламент өөрчлөх ёсгүй юм.
Харин УИХ тийм биш. Түүний эрх мэдэл хязгааргүй. Учир нь зөвлөлийн засаглалын хөдөлмөрчин ард түмний, эсвэл пролетарийн диктатурын үзэл санаа нь нийгмийн гэрээ, зохион байгуулах засаглалыг үгүйсгэдэг тул пролетарийн эрх мэдэлд хязгаар байх ёсгүй. Мөн парламентын засаглалын (хааны эсрэг) парламентын эзэн буюу бүрэн эрхийн (parliamentary sovereignty) үзэл санаа нь мөн тийм хязгаарын үл зөвшөөрдөг. Чухам тиймээс УИХ нь "төрийн эрх барих дээд байгууллага” ба хязгааргүй хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд зөвлөлийн засаглалын АИХ болон парламентын засаглалын парламент хоёрын хослол.
Чухам тийм учир энэ институц ард түмний эзэн эрхийн биелэл, тэдний хүсэл зоригийг тээгч тиймээс ч "төрийн эрх барих дээд байгууллага”, тиймээс ч хязгааргүй эрх мэдэлтэй институц. Гэхдээ УИХ-д энэ эрх мэдлүүдийг парламентын засаглалын ёс гэхээсээ илүү түүний коммунист эцэг АИХ нь шууд өвлүүлж өгсөн юм. Тиймээс л УИХ-ын хууль тогтоох эрх АИХ шиг хязгааргүй. АИХ-ын адил өөрийгөө төрүүлсэн Үндсэн хуулиа ч эвдэнэ. Тиймээс тэрээр бусдыг дарангуйлж, эрх мэдлийг нь хураах төдийгүй өөрийн эрх мэдлийг ч дур зоргоороо нэмэх. Мөн тэрээр АИХ шиг өөртөө тусгай газар, хороо, зөвлөл, комисс гэх мэт нэртэй гүйцэтгэх эрх мэдлийн албадыг ч байгуулна. Тэр бодлого тодорхойлж, шийдвэр гаргаж түүнийгээ хуульчлах төдийгүй, түүнийгээ АИХ шиг Засгийн газар болон өөртөө "шууд…тайлагнадаг байгууллагуудаараа” хэрэгжүүлнэ. Тэрээр яг АИХ-ын нэг адил Засгийн газрын ч, өөртөө "шууд…тайлагнадаг байгууллагуудын” ч "бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх төдийгүй томилох, өөрчлөх, огцруулах”. Тэрээр АИХ-ын нэгэн адил "төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж…дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох” төдийгүй "төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах”. Товчхондоо дотоод, гадаад бүх хэргээр өөрөө сэтгэнэ, өөрөө тодорхойлно, өөрөө боловсруулна, өөрөө шийдвэрлэнэ, өөрөө хуульчилна, өөрөө хэрэгжүүлнэ. Мөн ҮХЦ-ийг ч томилно. Тэр бол эрх мэдлийн хязгааргүй ундарга. Энэ бүх эрх мэдэл нь АИХ-аас өвлөж ирсэн эрх мэдлүүд.
УИХ үнэхээр "төрийн эрх барих дээд байгууллага.” Энэ статусаа мөн л өөрийн эцэг АИХ-аас өвлөж авсан. Уг нь бүгд найрамдах байгууллын үзэл санаагаар үндсэн хууль ба хууль засаглахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд ба тэдгээрийг хэрэгжүүлэгч байгууллагууд нь бие биеэсээ харилцан хамааралгүй тус тусдаа зэрэгцэн оршиж тус тусын эрх мэдлийг хэрэгжүүлж байх ёстой.
Тиймээс эдгээр байгууллагууд, ялангуяа хууль тогтоох ба гүйцэтгэх байгууллагууд нь нэг нь нөгөөгөө байгуулах ёсгүй. Хэрвээ нэг нь нөгөөгөө байгуулбал тэдний хооронд эзэн албатын харилцаа (principal agent relationship) үүсэж, эзэн этгээдийн засаглал тогтох нь зүй тогтол. Гэтэл зөвлөлийн засаглалын үзэл санаанд зөвлөл засаглаж байх ёстой учир зөвлөл нь, тухайлбал АИХ нь "төрийн эрх барих дээд байгууллага” байх ба гүйцэтгэх ба шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч СнЗ ба шүүх нь түүний доор, хэрэг дээрээ түүний гар хөл нь байх учиртай, байсан ч юм. Нөгөө талд парламентын засаглалын системд парламент нь хаантай тэмцэлдэж эрх мэдлээ олж авсан учир хааны эсрэг парламентын эзэн буюу бүрэн эрх (parliamentary sovereignty) гэдэг үзэл санааг дэвшүүлж парламент эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэдэг ёсыг тогтоосон юм. Тиймээс л парламент засгийн газрыг хааны бус харин парламентын итгэлийг даах, парламентын өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үздэг учир өөрийн итгэлийг даах хүмүүс буюу өөрсдийн дотроос бүрдүүлдэг болсон юм. Чухам парламентын засаглалын энэ үзэл санаа нь УИХ-ын "төрийн эрх барих дээд байгууллага” хэмээх үзэл санааг бэхжүүлж өгдөг юм.
Гэхдээ УИХ нь Засгийн газрыг өмнөө хариуцлага хүлээлгэх, өөрийн гар хөл байлгах үзэл санааг парламентын засаглалаас бус харин зөвлөлийн засаглалаас, тухайлбал АИХ- аас өвлөж авсан бөгөөд тийм ч учир УИХ, Засгийн газрын харилцаа нь АИХ ба СнЗ-ын өөрөөр хэлбэл эзэн албатын харилцаа шиг байх ёстой гэж үздэг юм. Тийм ч учир УИХ нь дээд байгууллага. Тиймээс ч УИХ нь АИХ-аас "төрийн эрх барих дээд байгууллагаа” өвлөж авсан бол, Засгийн газар нь СнЗ-ийн "төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага”-аас "төрийн гүйцэтгэх дээд байгууллагаа” өвлөж авсан хэрэг. Тиймээс ч УИХ нь өөрийгөө төрийн бүх байгууллагын орой дээр сууж байх ёстой, тэднийг захирч байх ёстой гэж үздэг юм. Тиймээс ч Засгийн газартай зэрэгцэн орших бус харин Засгийн газрыг өөрийнхөө цэрэг шиг байх ёстой гэж үздэг юм. Гэвч хэрэг дээрээ СнЗ ч АИХ-д захирагдаж байгаагүй харин ч АИХ нь СнЗ-ийнхөө ёсчлогч нь л байсан юм. Мөн парламентын засаглалын системд ч кабинет нь үргэлж парламентаа ёсчлогч болгодог юм. Тийм ч учраас УИХ, Засгийн газрын хооронд хэн нь хэнийхээ дээр гарах вэ гэдэг тэмцэл явагддаг юм.
УИХ өөрөө үндсэн хуулийн, хуулийн, төрийн бусад байгууллагын дээр орших "дээд байгууллага” төдийгүй түүний гишүүд нь бас хуулийн, нийгмийн, ард түмний дээр оршино. Учир нь түүний гишүүдийн АИХ-аас өвлөж авсан "халдашгүй байдал” нь тэднийг хуулийн дээр байрлуулдаг. Эгэл ард түмэн "халдагдах байдалтай” учир, хуулийн дор. Тиймээс УИХ-ын гишүүд ба ард түмнийг ялгах шугам нь хууль. Тэд ард түмний дээр орших хуулийн дээр оршдог учир тэд хуулийн ч, нийгмийн ч, ард түмний ч дээр орших. Эрх мэдэлтэй төдийгүй бүхнээс, хуулийн, нийгмийн, ард түмний дээр орших учир тэд яах аргагүй ихэс-дээдэс. Энэ онцгой дээд статусаа цуцлах эсэх нь тэдний онц эрх.
Мөн тарах эсэх нь зөвхөн тэдний онц эрх. Тэд үнэхээр онц бүрэн эрхтэй ихэс-дээдэс. Гэвч тэд өөрсдийгөө "бага ард түмэн” гэж нэрлэх нь бий. Харин тэд бага ч биш бас ард түмэн ч биш. УИХ онц бүрэн эрхтэй ихэс-дээдсээс бүрдсэн хязгааргүй эрх мэдэлтэй, "төрийн эрх барих дээд байгууллага” төдийгүй тэрээр Монголын төрийн хамгийн хүчирхэг байгууллага. Тэрээр ард түмний эрх, эрх чөлөө, эзэн эрхийн биелэл, "ард түмний элч” тэдний хүсэл зоригийг тээгч, хуульчлагч. Тиймээс тэд Монголын ард түмнийг төдийгүй Монголын ард түмний бүх л нандин үнэт зүйлсийг бас төлөөлнө. Тэрээр эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрх, ардчилал, ардын эрхийн амилсан дүр, биелэл. Тиймээс түүний эсрэг үг хэлэх нь Монголын ард түмэнд төдийгүй эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрх, ардчилал, ардын эрхт ёсонд халдсан хэрэг болох.
Товчхондоо тэр ард түмнийг халаад өөрөө ард түмэн болчихсон байгууллага. Учир нь Монгол улсад "засгийн бүх эрх” "ард түмний мэдэлд” байдаг, тэр "ард түмэн төрийн хэрэгт шууд оролцдог” бол тэр "ард түмэн” нь зөвхөн тэд. Эгэл Монгол иргэн сонгуульд нэрээ шууд дэвшүүлэх эрхгүй. Нэг бол нэг тойргийн, бүх хэсэгт оршин суух 801 хүнээс, үгүй бол намын төв байгууллагаас виз авах ёстой. Ерөнхийлөгчид санаархвал бүр УИХ-д суудалтай намаас виз авах ёстой. Виз олгогч байгаа л бол саад байгаа хэрэг, саад байгаа л бол шууд биш. Хэн дуртайгаа сонгох, хэн дуртайдаа санал өгөх эрхгүй. Зөвхөн дээрх  
саадуудыг нэвтрэн гарч ирсэн этгээдүүдэд л санал өгөх эрхтэй. Шууд сонгох эрхтэй бол өөртөө ч, өрөөлд ч санал өгөх эрхтэй байх ёстой. Тийм ч учир АНУ, Франц, Бразил, Швед зэрэг олон улс орнуудад иргэдэд ийм эрх нь (write-in ballots) нээлттэй байдаг. Мөн АНУ, Европын холбоо зэрэг олон ардчилсан системд иргэд хууль, референдум санаачлах (citizen’s initiative) эрх эдлэх. Харин зөвлөлийн засаглалын жилүүдэд хууль санаачлах эрхийг АИХ хэдхэн дарга нартайгаа хамт өмчилдөг байсныгаа УИХ-д яг тэр чигээр нь өвлүүлж өгсөн учир Монголын ард түмэн эрх ашгаа хамгаалах, хэрэгцээгээ хангахын тулд хууль ч санаачлах эрхгүй. Чухам эл учир УИХ "Бүх эрх мэдлийг Зөвлөлд!” (Вся власть Советам!) гэхдээ зөвхөн ганц зөвлөлд хураагаад авчихсан, тиймээс зөвхөн тэд л "төрийн хэрэгт шууд оролцдог” юм. Бүх эрх мэдэл түүнд төдийгүй, тэрээр "төрийн эрх барих дээд байгууллага” учир УИХ нь Монгол улсын төр, засгийн биелэл. Тиймээс ч бусдыг "Монгол төр” гэж сүрдүүлнэ, сөхрүүлнэ. Түүний байр суурийн эсрэг байх нь бараг төрийн эсрэг гэмт хэрэг. Тэр мэдээж өөрийн засаглалыг парламентын засаглал гэдэг нэрээр улайран хамгаална. Асуудал энэ дээр хүрэхээр тэр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тусгаар тогтнол, тогтвортой хөгжил, гэрэлт ирээдүй, Үндсэн хуульт байгуулал зэргийн биелэл, баталгаа болж хувирах төдийгүй нэг хүний дарангуйлал, харгис дэглэм, колоничлолын эсрэг хана хэрэм болж хувирна. Гэвч тэр өөрөө Үндсэн хуульдаа халдах нь хууль ёсны нэмэлт, өөрчлөлт. Тэд өөрсдөө Үндсэн хуулиа засварлах гээд явж байхад нь Ерөнхийлөгч нь ч Үндсэн хуулийг нь засах, засварлах тухай үг хэлэх эрхгүй шахам. Учир нь Үндсэн хуулийг эвдэх, засварлах, дэвсэх нь зөвхөн УИХ-ын, түүний гишүүдийн онц эрх. Хэн нэгэн, түүний дотор Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч, түүний хэлтгий, хазгай, хэтэрхийг заавал тэд бүгдээр боорлоно. Ард түмний, ардчиллын, хүний эрх, эрх чөлөөний, Үндсэн хуулийг зөрчсөн, бараг л ардын, төрийн дайсан болгох нь халаггүй. Энэ бүх зан чанар нь ч АИХ-аас ул мөртэй. Тиймээс тэд ард түмэн-төрийн биелэл, ангид хүчирхэг этгээд.
Гэхдээ УИХ-ын АИХ-аас өвлөж авсан түлхүүр эрх мэдэл нь түүний гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө, өөрөөсөө шууд томилж байгуулдаг, төдийгүй тайлагнуулдаг эрх мэдэл. Өөрөөр хэлбэл УИХ яг АИХ-ын адил Засгийн газрын дээр орших босс нь. Энэ нь УИХ-ыг парламентаас, улмаар парламентын засаглалын парламентаас ялгах зарчмын гол ялгаа нь. Парламентын засаглалаас зөвлөлийн засаглалын ялгагдах нэг том ялгаа нь зөвлөлийн засаглал уг тодорхойлолтоороо коммуны, зөвлөлийн засаглал учир түүнд зөвлөлөөс гадна хаан, эсвэл ерөнхийлөгч байх тухай ойлголт байдаггүй.
 
Зөвлөл өөрөө л засаглах ёстой. Гэхдээ бүгд найрамдах байгуулалд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг өөр өөр байгууллагууд хэрэгжүүлдэг ёс нэгэнт тогтсон байсан учир зөвлөлийн засаглалд ч зөвлөл өөрөө, биеэрээ бүх эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй юм. Тиймээс тусдаа Ардын Комиссариат, Засгийн газар, СнЗ гэдэг байгууллага гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх. Харин зөвлөлийн засаглалыг парламентын засаглалаас ялгах зарчмын ялгаа нь зөвлөл өөрөө комиссаруудаа томилох, буюу АИХ нь СнЗ-өө өөрөө өөрөөсөө шууд томилдог явдал. Харин парламентын засаглал нь парламентаас тусдаа хаан, эсвэл ерөнхийлөгч байхыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй, хаан эсвэл ерөнхийлөгч засгийн газрыг байгуулахыг, гэхдээ парламентын дэмжлэгийг авах этгээдээр байгуулахыг зөвшөөрдөг юм. Чухам тиймээс л Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Андорра, Бельги, Дани, Лихтенштейн, Люксенбург, Монако, Голланд, Норвеги, Испани, Швед, Японы угсаа залгамжилсан хаад, Австри, Финланд, Исланд, Ирландын ард түмнээрээ сонгогдсон ерөнхийлөгчид, Герман, Итали, Швейцарын парламентын оролцоотой сонгогдсон ерөнхийлөгчид, Грекийн  
парламентаараа сонгогдсон ерөнхийлөгч нь ерөнхий сайд, сайд нараа томилдог юм. Томилдогт нь ч учир утга байдаг юм. Тиймээс УИХ-ын Ерөнхий сайдыг, улмаар сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилох эрх мэдэл нь парламентын засаглалынх бус харин зөвлөлийн засаглалын зөвлөлийн буюу АИХ-ын эрх мэдэл. Чухам энэ эрх мэдэл УИХ-ыг зөвлөлийн засаглалын зөвлөл болгож байгаа гол эрх мэдэл нь.
Гэтэл 1992 оны Үндсэн хууль нь УИХ сонгуулийн үрээр засгийн газрыг байгуулах, олонх болсон, эсвэл олонх бүрдүүлсэн нам, эвсэл засгийн газрыг байгуулах, УИХ нь Ерөнхий сайд, сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилохоор заасан ч; УИХ-ын гишүүд нь "хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (ҮХ 1992, 29.1.) гэснээр УИХ, тэр тусмаа УИХ-ын олонх Засгийн газрыг байгуулах авч УИХ-ын гишүүд нь орж болохгүй гэж заасан хэрэг байв. Ийнхүү дээр дурдсан хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийг нийлүүлэн төвлөрүүлэх парламентын засаглалын зарчмыг, хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалыг салгах ерөнхийлөгчийн засаглалын зарчимтай зэрэгцүүлэн тавьсан нь харилцан бие биеийг нь үгүйсгэсэн хэрэг байв. Дээрээс нь Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгч зөвшилцөн оролцохоор заасан нь ерөнхийлөгчийн ч төдийгүй парламентын засаглалын ч ерөнхийлөгчийн эрх мэдэл байсан юм. Гэтэл зөвлөлийн засаглалд зөвлөл (АИХ) өөрөө засгийн газраа (СнЗ) байгуулдаг төдийгүй, зөвлөлийн (АИХ- ын) гишүүд нь, парламентын засаглалд парламентын гишүүд өөрсдөө засгийн газрыг бүрдүүлдэг юм. Тиймээс дээрх заалтууд нь зөвлөлийн засаглалын уламжлалтай, парламентын засаглалын эрмэлзэлтэй УИХ-ын хүсэл зоригт гал ус шиг харшилж байсан юм. Энэ харилцан бие биеэ үгүйсгэсэн эсрэг тэсрэг заалт, үзэл санаанууд бүх зөрчил, тэмцлийн, бүх дайн дажин, бүх хөнөөлийн эх сурвалж. Гэхдээ УИХ-ын гишүүдийг Засгийн газраас хяссан, хассан заалтыг УИХ-ын хязгааргүй эрх мэдэл, түүний зөвлөлийн засаглалын уламжлал, парламентын засаглалын амбицтай харьцуулан харвал тэдгээр хориглосон заалтууд нь үлгэрлэвэл хүчирхэг араатныг идэшнээс нь дэрсэн тороор тусгаарлаж хясах, хасах гэсэн оролдлого мэт байв.
Тиймээс УИХ нь Монголын ард түмний, Монголын төрийн оюун санаа төдийгүй хамгийн эрх мэдэлтэй, онцгой эрхтэй, хамгийн хүчирхэг бүтэц, Монголын төр хэмээх Франкенштейний тархи, оюун санаа, хүсэл зориг, шунал санаархал нь. Оюун санаа, хүсэл зориг, шунал тачаал хэнбугайг ч удирдана, захирна, зална, айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ. Тиймээс УИХ хэмээх энэхүү оюун санаа, хүсэл зориг, шунал санаархал нь хэмжээ, хязгааргүй эрх мэдэл, хүчээрээ бусдыгаа айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ, дарангуйлна, эрх мэдлийг нь булаана. Ард түмний сонгон байгуулсан Засгийн газрыг ч айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ, дарангуйлна, авч хаяна. Засгаа алгасах, түүнийг хянах, мөрдөх төдийгүй давхар, дээр нь хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллагууд ч байгуулж, өөрөө эрхэлнэ. Өөрөөр хэлбэл засаг дээр засаг байгуулна. Тиймээс УИХ Монголын Үндсэн хуулийн байгууллын Франкенштейн, Монголын эмгэнэлт хувь заяаны эзэн, гавьяатан, буруутан.
Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top