|

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх сарын 1-нээс цалингаа нэмнэ

batdorj 2019/09/20 105 0

"Эрдэнэт үйлдвэр энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх төрөл дээр биелүүлж, эдийн засгийн үр ашиг өссөн үзүүлэлттэй байгаа нь ажиллагсдын цалинг нэмэх боломж  бүрдлээ” гэж  тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн  ажилтнуудтай уулзах үеэр хэллээ.

Тэрээр мөн  "Оны эхнээс төлөвлөгөөт зорилтууд амжилттай хэрэгжиж байна. Бид хийх ажлаа тодорхой болгосон нь үүнд эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, бид цаашдын зорилт, бодлогоо тов тодорхой төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор та, бидний хамтран боловсруулсан төрөлх үйлдвэрээ дараагийн 15 жилд буюу 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл бид бүгдийн ирээдүйн зүг чиг болох юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлаа үе шаттай хийж эхэлсэн. Бид үйлдвэрлэлийн үр дүн дээр тулгуурлан, ажиллагсдынхаа нийгмийн асуудал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна.

Тиймээс ч өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс бүх ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн. Мөн ур чадвартай, ажлын голыг нугалдаг сайн ажилчдаа дэмжиж урамшуулах үүднээс "Тэргүүлэх зэрэгтэй ажилчин”-ыг шалгаруулан, тэргүүлэх зэргийн нэмэгдэл урамшуулал олгодог боллоо. Тодорхой шалгуур үзүүлэлтээр эхний ээлжинд 30 ажилчныг тодруулан, өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний өдрөөс сар бүр 300 мянган төгрөгийн нэмэлт цалин тооцож олгоно.

Түүнчлэн манай үйлдвэрт ээлжийн мастер гэж чухал ажил үүрэг хүлээсэн, анхан шатны удирдах ажилтнууд бий. Тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой. Тиймээс "Манлайлагч мастер” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, энэ жилд 40 мастерыг тодруулж, тухайн ажилтны ур чадварын үзүүлэлтээр тус бүр 600 мянгаас нэг сая хүртэл төгрөгийн урамшуулал хүртээнэ. Энэ урамшууллыг оны эхнээс тооцож олгоно. 

Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн ханш сайн биш байна. Улсын төсөвт нэг тонн зэсийн үнэ 6272 ам.доллар байхаар тусгагдсан ч өнөөдөр 5700 ам.долларын ханштай байгаа. Эндээс харахад, бид тонн тутмаас 400-500 ам.доллар алдаж байна гэсэн үг. Бодит байдал ийм байгаа ч өртөг зардлаа бууруулан ажилласны чамлахааргүй үр дүн эхний 9 сард гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Үүн дээр тулгуурлан, тооцоолж ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллагсдынхаа цалинг нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр бид энэ онд хоёр дахь удаа ажиллагсдынхаа цалинг нэмж байгаа юм. Цалин хэдэн хувиар нэмэгдэх тоо хэмжээ удахгүй тодорхой болно. Бид эзэн хичээвэл заяа түшнэ гэсэн зарчмаар ажиллахад болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 

Ажилчдынхаа үгийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж буй Ерөнхий захирал болон бусад удирдлагуудад баярласнаа уурхайчдын төлөөлөл илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй байгааг, тэрхүү сайхан ирээдүй рүү хамтын хүчин зүтгэлээр хүрэх ёстойг Ерөнхий захирал уриалснаар уг уулзалт өндөрлөлөө.

Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top