|

Монголчуудыг дампууруулах МАН-ын санаачлага

batdorj 2019/10/02 402 0

Өчигдөр намрын чуулганыг нээж хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар "Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна.

Төсвийн сахилга батыг чанд баримталж, өрийн дарамтыг багасгамаар байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулж, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй” гэв.

Гэвч энэ зөвхөн намрын чуулганы нээлтэд ирсэн гаднын зочдод зориулсан гоё үг байж.

Харин үүнээс ердөө нэг хоёрхон цагийн өмнө Ахмадын баярт зориулсан мэндчилгээндээ УИХ-ын дарга "Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой. Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн УИХ хийж байна” гэв.

Энэ л МАН-ын жинхэнэ санаа. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд яг энэ хэлбэрээрээ бичигдсэн байгаа.

Одоо АНСА-д оруулах гэж байгаа ҮХНӨ-ийн төсөлд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн "Иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан төрийн нийтийн өмч байна” хэмээн бичсэн байна. Хэрвээ "төрийн нийтийн өмч” гэж байх юм бол "төрийн хувийн өмч” гэж бас байх ёстой болох нь ээ дээ. Ийм л голгүй тэнэг зүйл хийдэг улс даа.

Энэ бол анхнаасаа ҮХНӨ-ийн төсөлд байсан ч эд биш. Төслийн эхний хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа, хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө Т.Аюурсайхан (газрын гай юмаа) тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн гэнэт дундаас нь "Стратегийн ордын 51-ээс дээш хувь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байх” санал оруулж ирснийг нь өнгө зүсийг нь өөрчлөөд оруулж ирсэн хэрэг.

Саналыг анх хэлэлцсэн ажлын хэсгийн гишүүд "Ийм тусдаа саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй” гээд буцаангуут нь УИХ-ын дарга үүрэг өгөөд, улам дордуулаад оруулж байгаа юм. Бүхэл бүтэн ажлын хэсэг хоёр жил суугаад, эрдэмтэн судлаачид нь ухаан бодлоо уралдуулаад арай гэж боосон хуулийн төслийг хэдэн попчингоор төсөл өргөн бариулаад задалчихаж байгаа юм. Одоо түүнийгээ сонгуулийн амлалт болгоод тарааж эхэллээ л дээ. Наад санал чинь гадаадын хөрөнгө оруулалтыг ална шүү, 2011 оны уул уурхайн тэг зогсолт дахина шүү гэж эдийн засагчид нь хэлээд байхад ийм зүйл хийж л байдаг.

Хэрвээ одоо нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлнэ гээд баахан бэлэн мөнгө тараана, хувь, хувьцаа, ноогдол ашиг амална. Ийм л юм болно. Эргээд эдийн засгаа дампууруулна.

Тэгсэн атлаа чуулганы индэр дээрээс "Парламентын судалгааны хүрээлэн байгуулна. Төрийн бодлого боловсруулахад эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангана” гэж ярьсан УИХ-ын даргын үгэнд хэн итгэх вэ? Ёстой "харагдаарай” биз дээ. Хэрвээ тэдний бодол, бодлогыг сонсох байсан хоёр жил гаруй суусан, хориод жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ингэж нэг амьсгаагаар дампууруулах байсан уу? Одоо нөгөө муу судлаачдаа тогоон дотроо оруулж ирж, толгойг нь давтах нь л дээ.

Байгалийн баялгийн үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэх цорын ганц арга зам нь төсвийн зөв бодлого юм аа. Эрүүл, мэнд, боловсролынхоо салбарт хөрөнгө оруулж чадвал Монголын залуу үе эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай хүн болж, ажилтай, орлоготой амьдрах юм аа гэж хэдэн ч жил гуйж гувшив. Гэтэл хулгайч л юм болсон хойно "Театр барьж, музей байгуулж дэлхийн чихийг дэлдийлгэнэ ээ” л гэх юм. Яасан ч харалган бодол, ханаж цаддаггүй шунал байдаг юм.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top