Ирээдүйд олох орлогоо хэрхэн зарцуулахаа тооцдог учраас жил бүрийн улсын төсвийн төслийг бичнэ гэдэг нь алаагүй баавгайн арьсыг арав хуваахтай адил ажил. Сангийн яам энэ ажлаа хийж гүйцэтгээд УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах хуулийн зохицуулалттай. Өмнөх жилүүдийн өдийд төсвийг намын бүлгүүд хэлэлцээд эхэлчихсэн байдаг байв. Харин энэ удаад УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хамаг анхаарлаа хандуулж, төсвийн төслийг хойш нь тавиад байна. Тиймээс 2020 оны төсвийн төсвийг богинохон хугацаанд хэлэлцэн батлах бололтой. Тиймээс сонгуулийн жилийн төсөвт сөрөг хүчин болон олон нийт хараа хяналт тавьж ажиллах нь чухал. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төслийг танилцуулснаас өөрөөр төсвийн тухай тодорхой мэдээлэл гараагүй байна. Гэхдээ төсвийн төсөл бүхэлдээ УИХ-ын цахим хуудсанд байршсан. Тэндээс мэдээлэл авах боломжтой.
Эдийн засгийн өсөлт буурна. Гэхдээ төсвийн орлого 1.8 их наядаар нэмэгдэнэ
2020 оны төсвийн орлогыг 12.9, зарлагыг 13.8 их наяд гэж тооцсон. Тодруулбал, төсвийн орлогыг энэ оныхоос 1.8 их наядаар өсгөж тооцжээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс харвал ирэх онд Монгол Улсын орлого нэмэгдэж, эдийн засаг өсөлттэй байх нь гэж ойлгохоор байгаа юм. Гэвч эдийн засгийн өсөлтийг зургаан хувь байна гэж тооцсон. Харин энэ онд найман хувиар өснө гэж тооцсон бөгөөд оны эхний найман сарын байдлаар 7.2 хувийн өсөлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх онд эдийн засгийн өсөлт буурч зургаан хувь болно гэж тооцсон ч орлого 1.8 их наядаар нэмэгдэнэ гэж тооцсон нь хоорондоо зөрчилдөж байна. Эндээс л сонгуулийн жилийн төсөв гэдэг онцлог нь харагдаж байгаа юм. Сонгууль болох учраас өмнөх сонгуулийнхаа амлалтуудыг хэрэгжүүлэх, дараагийн сонгуулиар сонгогчдын саналыг татах арга хэмжээг төсвийн төсөлд шингээх учиртай. Засгийн эрх барьж буй аль ч нам энэ аргыг хэрэглэдэг. Тухайлбал, энэ удаад Мэргэжил сургалт үйлдвэрлийн төвүүдэд суралцагчдад сар бүр 200 мянган төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгасан. Тэдэнд олгож буй тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрээ "Ингэж ажиллах хүчийг бэлтгэх шаардлагатай байна” хэмээн тайлбарлаж байгаа ч яах аргагүй сонгуулиа бодсон алхам. Учир нь, тэд бүгд сонгуулийн насанд хүрсэн залуус.
Эдийн засгийн өсөлтийг энэ оныхоос хоёр хувиар буурна гэж тооцсон хэрнээ төсвийн орлогоо 1.8 их наядаар нэмсэн зөрчилдөөнөөс гадна бас нэг зөрчил бий. Энэ бол гадаад зах зээлээс хамаарсан эрсдэл. Хамгийн ойрын эрсдэл бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг жагсаалтад Монгол Улс орох нөхцөл бүрдсэн явдал. Саарал жагсаалт хэмээх энэхүү жагсаалтад яагаад орох болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан. Тэрээр "Хамгийн гол санаа зовоож байгаа асуудал бол саарал жагсаалт. Мөнгө угаах, терроризмын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ үр дүнгээр Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл бий. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар маш их хэмжээний мөнгийг ил болгосон. Үүнийг олон улсын төвшинд эрсдэл гэж үзэж байгаа. Мөн арилжааны банкуудад шалгалт хийсэн шалгалтууд нөлөөлж байгаагаас гадна мөнгө угаахтай холбоотой гэмт хэргүүдийн шийдэгдсэн байдал энэ жагсаалтад оруулах үндэслэл болж байна. Энэ жагсаалтад орвол Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна, хөрөнгө оруулалт багасна, гадаадад хийгдэх валютын гүйлгээнд сөргөөр нөлөөлнө. Цаашлаад эдийн засагт муугаар нөлөөлөх эрсдэл бий” гэсэн юм. Дээрх шалтгаанаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэх Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хурал энэ сарын 13-нд АНУ-д болно.
Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны дайны нөлөөгөөр түүхий эдийн ханш тодорхойгүй байдалтай байгаа. Сангийн сайд ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Дээрээс нь өвөлжилт хүндрэх магадлалтайг мэргэжлийн байгууллагууд онцолсон гээд 2020 оны эдийн засагт эрсдэл их байна. Гэвч төсвийн орлогыг энэ оныхоос 1.8 их наядаар нэмэгдүүлж байгаа нь гайхмаар. Ингэж орлого нэмэгдүүлэхдээ хэд хэдэн зүйлд найджээ. Тухайлбал, хилийн боомтуудын шинэчлэлийг хийснээр орлогоо хууль бусаар алдахаа болино гэж тооцсон байна. Харамсалтай нь, хилийн боомтуудын шинэчлэлийн ажил удаашралтай явагдаж байгаа. Ганц урагштай явж байгаа нь Замын-Үүдийн боомтын шинэчлэл. Алтанбулагийнх дөнгөж саяхан эхэлсэн бол Гашуунсухайтын боомтын ажил эхлээгүй байгаа.
Төсвийн ихэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсний экспортыг ирэх онд 40 сая тонн байна гэж тооцсон. Энэ жил ч мөн 40 сая гэж тооцсон ч энэ хэмжээнд хүрэх боломжгүй болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Гэвч ирэх онд дахиад л 40 саяд хүргэнэ гэж зүтгүүлж байгаа нь өнөөх л сонгуультай холбоотой. Сонгуулийн жилд ахиухан хөрөнгө оруулалт хийх нь эрх баригчдад ашигтай. Улсын төсвийн хөрөнгө оруулалт хоёр их наяд буюу түүхэндээ байгаагүй их хэмжээтэй байгаа гэдгийг Сангийн сайд бахархалтайгаар онцолсон. Сонгуулийн жилд зориулж ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна бүх шатны сонгуулиа 43 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин Токиогийн олимпод 20 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
Мөн маргаан дагуулаад буй соёл, урлагийн газруудын барилгыг нурааж, шинээр барих ажилд бага мөнгө зарцуулахаар төлөвлөжээ.
- Байгалийн түүхийн музейн барилгад 32.4 тэрбум
- Чингис хааны музейн барилгад 53 тэрбум
- Үндэсний урлагийн их театрын барилгад 152 тэрбум
Энэ мэт төсвийн зарцуулалтад УИХ дахь АН-ын зөвлөл хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Соёлын өв болсон барилгуудыг нурааж шинээр барилга барихад нийтдээ 546 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, ирэх оны төсөвт 138.9 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ мэтээр бодлогогүй, үр дүнгүй зарцуулалтуудыг хянах ёстой гэж үзэж байгаа” гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN