|

Нам гацсан НАМ

batdorj 2019/10/19 104 0

Төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч мөн гэсэн сүрт "хаяг” –аа авч хаяад удаагүй байгаа нам гэдэг улс төрийн хүчин наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацчихсан гэвэл та итгэх үү? Цэнхэр, улаан, ногоон аль нэг өнгө будгаар будаад ч хаа хүрэх, хаашаа явах нь үл мэдэгдэх намууд өнөө бидний нийгмийн байдлын гол буруутан нь аж. Үүнийг мөхөс би бус "орос эмч” оношилж байна. Товчхондоо алдаа завхралын гол буруутан нь хууль, дүрэм гэхээс илүү хаашаа очих, хаана хүрэх нь үл мэдэгдэх намуудын тогтолцоо нь өнөө бидний гаргасан алдаануудын шалтгаан нь аж. Энэ шалтгаан тийм ч олон хүнд таалагдахгүй нь лав. Намаар нам тэжээгдсэн, намыг нам гацаасан бүхэл бүтэн үе та биднийг төлөөлж байгаа учраас тэр.

МАХН бол төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн...

Өнгө, хаяг солигдохоос зүг өмнө нам гэдэг бол төр байлаа. Нам, төрийн гэдэг өнөө болтол амнаас салаагүй үг зөвхөн үүнтэй л холбоотой. Монгол төр түүхэндээ гурав дахь удаагаа Үндсэн хуулиа солихдоо "МАХН бол төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэдэг нүсэр цолтой болжээ. Нам нь төр юм уу, төр нь нам юм уу гэх ойлгомжгүй байдал чухамдаа 1960 оны долоодугаар сарын 06-ны өдрөөс бий болсон юм. Хаяа бараадан, даган дуурайж асан ЗХУ дотооддоо улс төрийн "шинэчлэл” хийж байсан тэр цаг үетэй давхцан "МАХН” ийнхүү цор ганц удирдан чиглүүлэгч хүч болов. "Түрүүчийн ташуур барьсан засгаа түлхэн унагаад, Түүний оронд хурдан буу барин өндийсөн засаг”... гэж их найрагч Р.Чойномын халагласан нь чухам энэ цаг үетэй  холбоотой.

Тэжээгчээ хараахан алдаагүй байгаа тэр цаг үед хуулбар сайхан хэрэгжиж байлаа. Хороолол, район, урлаг соёлын газрууд ч их гүрний соёлын нөлөөнд манайд ч бас хөгжив. Хувь заяаны шоглоомоор өдгөө нураах дээрээ тулчхаад байгаа театр, номын сангийн барилгууд ч чухамдаа энэ цаг үед өндийсөн түүхтэй. Гэвч одоо бидний өгүүлэх түүх тэс ондоо. Том гүрний, том намын бодлогыг үндсэндээ хуулсан 1960 оны хууль "одоо л биднийг ёроол руу нь чирлээ” гэж уулга алдсан нийтлэлчийн замналаар замнуулсан юм. Систем бүхэлдээ буруудсан ч наанаа өөрийг үзүүлэн, дүрээ сольсоор байлаа. Тэртээ тэргүй задрах дээрээ тулсан "хуучин засаг” дэлхий нийтийн давалгаанд өртөн бутран унав.

Намаар нам тэжээгдсэн, намыг нам гацаасан бүхэл бүтэн үе та биднийг төлөөлж байгаа учраас тэр.

Төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүн мөн гэсэн айхтар тодорхойлолт зул болох цаг дор чухамдаа ардчилсан нийгмийн гол дүр болсон нам нь хэрхэн өөрчлөгдсөн нь одоо ч эргэлзээтэй. Сүхийн талбайд идэр есийн хүйтэнд "нам гэдэг чинь мань мэт юм” гэж зогсож байхдаа бид чухамдаа ямар намыг дотроо төсөөлж байсан бэ гэдэг нь одоо ч эргэлзээтэй. Далан жил дал мөрөнд  нь наалдсан ЗХУ-ын Коммунист намыг уу, удирдан чиглүүлэгчдээ хааяахан хадарчихдаг зүүн германыг уу, ардчилал гэдэг шүтээн болоод 200 илүү жилийг ардаа тээсэн АНУ-ыг уу?

НАМ БОЛ..

Сүрт тодорхойлолтоор намаа нөмөрснөөс хойш яг 30 жилийн дараа Монгол Улсын нийгмийн байгуулал бүхэлдээ өөрчлөгдөв. Амьд амьтны хамраас цус гаргалгүй өөрчлөгдсөн гэж бидний бардамнах дуртай ардчилсан нийгмийн гол дүр нам хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг эргэлзээтэй. Сонгуулиар дамжуулан ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хэрэгжүүлэх субъект уу, эсвэл төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч мөн гэсэн сүрт нөмрөгөө тайлахыг хүсээгүй хэсэг, бусаг нөхдийн орогнох газар уу? Бид үндсэн хуульдаа Монгол Улсын ард иргэд эвлэлдэн, нэгдэх эрхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан атлаа нам гэдэг зүйлийг заалгүй орхисон байдаг. Чухамдаа энэ нь л пост-коммунист буюу ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байгаа улсын нийтлэг алдаа аж. Чухамдаа юу, ямар хэлбэртэй, яах ёстой, хаашаа явах вэ гэдэг нь тодорхойгүй учраас клиентист буюу хэрэглэгчийн шинж чанартай болдог аж. Арай энгийнээр хэлбэл аливаа нэгэн хүн намаар дамжуулан аль нэг эрх ашгаа гүйцэлдүүлнэ гэсэн санаа. Ийм улс гүрэнд ардчилсан замналаар замнаад 200 илүү жилийн түүхийг илээсэн том гүрнүүд  тоглолтоо явуулахад амархан аж.

"Пост коммунист улс орнуудад намаар дамжуулан засгийн эрхийг авах гэсэн санаархал оршсоор байдаг. Энэ нь эцэстээ илүү нууц, далд эдийн засгийг дэмжсэн хэлбэртэй болдог. Ний нуугүй хэлэхэд "төрийн эрхийг авах” гэдэг ойлголт хуулиар бамбай болж хэрэгжихэд амархан болно гэсэн үг” гэж Чехийн судлаач Михаль Клима ярьсан юм.

Ардчилсан гэх тодотголтой XXI зуунд нам бол гол дүр. Нам үгүй бол төр үгүй. Гэхдээ өмнөх нийгэм шиг удирдан чиглүүлэгч хүч бус. Энэ их хүчээ таягдан хаясан ч намын хүлээдэг байсан үүрэг хувь хүнд оногдсон учиртай. Монгол Улс ардчилсан шинэ үндсэн хуулиа батлаад 30 жилийн босгыг давсан ч үүрэг гэдэг зүйлээ хойноо үлдээж орхижээ. Тийм л учраас одоо хүртэл өрнөсөн асуудлын гол зангилаа нам аж. Эх орончдын шүлсээ хадаан хашхирдаг "Монгол төр” бус түүний үйл ажиллагааг нь зангидах учиртай нам нь ойлгомжгүй учраас "хөгжихгүй нам гацсан” гэж гаднын судлаачид үзэж байна.

Энэ утгаар нь харвал өнөөгийн Монгол Улсын нийгэмд "шинэ номенклатур анги” бий болжээ. Улс төрийн намууд аль нийгмийн бүхий л үйл амьдралыг хянах болсон тул төрийн захиргаа энэ чиглэл рүү хазайж улмаар далд бизнес цэцэглэдэг байна.

Нам тодорхойгүй байгаа нөхцөлд хувь  улстөрч амбицаа хөөж эхэлдэг аж. Хувь улстөрч амбицаа хөөхийн хэрээр очсон газар бүрдээ өөрийнхөө танил талын хүрээлэл бий болгохыг эрмэлзэн, "төрлийн алба” цэцэглэдэг ажээ. Сайтар ажвал яг л манай төрх.

"Клиентист төрийг гаднын томоохон компани, улс орнууд эзлэх магадлал өндөр. Тийм ч учраас үүнийг шинэ колоничлолын систем гэж нэрлэдэг. Үндэстэн дамнасан компаниуд өөрийн төлөөллөөрөө дамжуулан орон нутгийн томоохон бизнесийг ятгаж улс төрийн үйл ажиллагаанд ашигладаг” гэж Михаль Клима ярьсан юм.

ГОЛ НЬ ЦҮҮНДЭЭ БИШ...

Өнгөрсөн 30 жил, сүүлд Үндсэн хуульдаа гар хүрсэн 19 жилийн хугацаанд аль нэг намд бус Үндсэн хуульдаа л байгааг улстөрчид хэлэх болсон. Үүний хамгийн тод илрэл нь яг одоо өрнөж буй үйл явц. Гэтэл асуудал хуульдаа бус намдаа гэдгийг гаднын судлаачид хэлж байна. Хэрэв клиентист хэв шинжтэй нам оршин тогтносоор байвал сайхан хууль мянга батлагдаад ямар ч үр дүнд хүрэхгүй аж. Үр дүнд хүрье, улсаа хөгжүүлье гэвэл намаа л төгс төгөлдөр болгох ёстойг хойно үлдсэн түүх бэлхнээ харуулж байна. Улсаа аврах гол дүр нь гарч ирснээс хойш Венесуэль хэрхэн доройтсоныг, эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүн гарч ирээд улсаа хааш нь чирснийг Тайландаас харж болохоор байна. Намаа бид тодорхойлж чадаагүй учраас л ардчилал гэдэг сайхан хаягаа чимж чадахгүй байгаа ажээ.

"Монгол Улсад ардчилал гэхээс илүү намын  шинж чанарыг тодорхойлох хэрэгтэй. Нам нээлттэй, олон хүний оролцоог хангадаг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх нь пост коммунист улсуудад тустай” гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жийн Паскаль-Н.Нгану ярьжээ.

Клиентист буюу хэрэглэгч шинжтэй улс төрийн хүчин эрх мэдэлтэй хэн нэгнээр дамжуулан намынхаа эрх мэдлийг улам лавшруулж, улмаар лавширсан эрх мэдлээ хууль тогтоох засаглалд ч шингээх шинжтэй байгааг "орос эмч” сануулж байлаа. Ингээд буруудсан жишээ Венесуэль, Филиппин, Тайланд, Судан, Зимбабвегээс аваад бишгүй байна. Хамгийн харамсалтай нь өнөөгийн Монгол ч тэдний араас тоос татуулан давхиж буй. Нэгэн цагт бүтэн нийгмийг алгассан нам "засаг” нам гацсан намгаасаа хэзээ салах нь тодорхойгүй хэвээр...

Б.Болорсүх     

Эх сурвалж: Zindaa.mn   

Санал болгох

Сэтгэгдэл

top