|

АНУ, БНХАУ-ын "хэрүүлийн алим" буюу Хонконгийн араас Шинжаан...

mart 2019/12/06 454 0

Хятадын мусульманчуудын холбоо саяхан Америкийн конгрессын төлөөлөгчдийн танхим дэмжсэн Шинжаан Уйгурын өөртөө засах орон дахь хүний эрхийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.  

Энэ тухай шашны байгууллагын гаргасан мэдэгдэлд дурджээ.

"Америкийн тал бодит баримтыг анхааралдаа авч, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын тулд хүний эрх, шашны асуудлаар халхавч хийхээ зогсоохыг шаардаж байна. Энэхүү хуулийн төсөл нь үнэн бодит байдлыг гажуудуулсан, гүжирдсэн баримт бичиг бөгөөд бид эрс шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн холбооны мэдэгдэлд онцолжээ. 

Түүнчлэн Шинжааны хүн ам үргэлж терроризм болон экстремизмийн эсрэг зогсоно гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

Мөн энэ өдөр Хятадын хүний эрхийн сан АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Шинжаан-Уйгурын өөртөө засах оронтой хамааралтай хуулийн төсөл "Хятадын ард түмний дэмжлэг авахгүй" хэмээн мэдэгджээ. 

Түүнчлэн БНХАУ энэ хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаагаа лхагва гаригт илэрхийлсэн юм.  

Энэ хуулийн төсөлд Шинжаан Уйгурын өөртөө засах оронд хүний эрхийг зөрчиж байгаа Хятадын албан тушаалтнуудын эсрэг АНУ хориг тавих заалт тусгагдсан байна. 

"АНУ-ын Төлөөлөгчдийн танхим уйгурчуудтай холбоотой хүний эрхийн салбар дахь бодлогын тухай гэгдэх хуулийн төслийг дэмжжээ. Энэ баримт бичиг нь Шинжаан Уйгурын өөртөө засах орон дахь хүний эрхийн нөхцөл байдлыг мушгин гуйвуулж, терроризм, хэт даврах үзэлтэй хийж буй Хятадын тэмцлийг харлуулан, Хятадын засгийн газрын захиргааны бодлого руу зориудаар дайрч, олон улсын эрхзй болон олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг зөрчиж байгаа тул Хятадын тал ихэд дургүйцэн, шийдэмгий эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. 

 Түүнчлэн "Шинжааны асуудал нь хүний эрх эсвэл шашны асуудал огт биш харин алан хядах, хэт даврах үзлийг түгэхтэй тэмцэх асуудал" гэдгийг онцолсон байна.  

Шинжааны тухай хуулийн төсөл 

Хэдхэн хоногийн өмнө Хонконгтой холбоотой хууль батлан, Хятадын "бухимдуулж" байсан АНУ мягмар гаригт Шинжаантай холбоотой хуулийн төсөл баталсан нь энэ хоёр орны харилцаа хурцдахад ээлжит алхам болох шиг боллоо.

 Тодруулбал, АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Шинжаан Уйгурын өөртөө засах орны нөхцөл байдлаас шалтгаалж Хятадын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг мягмар гаригт дэмжсэн юм.  

Хуулийн төсөлд тусгаснаар Шинжааны нутаг дэвсгэр дэх Хятадын төрийн байгууллагуудад Америкийн бараа бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ экспортлохыг хориглох юм байна. 

Мөн АНУ-ын төрийн тэргүүн Хятадын үйлдлийг шүүмжлэх, харин Ши Жинпин  сая орчим угсаатны цөөнх "хууль бусаар хоригдож буй засан хүмүүжүүлэх хуарангууд"-ыг хаах ёстой хэмээн Америкийн хууль тогтоогчид үзэж байгаа юм. 

Энд дуулгахад, Шинжаан Уйгурын өөртөө засах орон бол ихэнх нь ислам шүтлэгтэй, БНХАУ-ын үндэсний цөөнх болох уйгурууд хамгийн ихээр суурьшсан бүс нутаг юм. Хятадын эрх баригчдын мэдээлснээр Шинжаанд олон улсын исламын алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой салан тусгаарлаг бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг аж.  

Харин АНУ энэ бүс нутагт Хятадын эрх баригчид хүний эрхийг зөрчиж байна хэмээн буруутгадаг бөгөөд өмнө нь БНХАУ-ын 28 компанид Америкийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглож байсны дээр үндэсний цөөнхүүдийг хэлмэгдүүлэхэд оролцсон гэгдэх Хятадын Засгийн газрын гишүүд болон коммунист намын гишүүдэд визийн хязгаарлалт тавьж байв. 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top