|

Хүсэмжит хүүгээс хүсээгүй сэдэл

saikhnaa 2019/12/10 381 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг дуудаж зандрав. Өөрийнх нь эзгүйд авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн гэнэ. Иймээс эл асуудлаа дахин нягталж, олон нийтийн хандлагад нийцэхүйц шийдвэр гаргахыг үүрэгдэв. Гүйцэтгэх засаглалын иймэрхүү дүр төрх олон нийтийн хувьд хэдийнэ улиг болжээ.

Асуудлыг тухайн цаг үед нь бус харин олон нийт шуугиж эхэлсэн тэр үед Ухнаагийн хүү олны өмнө гарч, ард түмний хайртай хүү, ардын элчийн дүр бүтээхийг оролддог.

Тэр Ерөнхий сайд болохынхоо өмнө ч өнөөдөр ч яг тэр арга барил, тэр заль мэхээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээх гэж хичээж явна. Тэрбээр Засгийн эрхэнд гарахдаа Шударга ёсны төлөө нүдээ цавчилгүй байж, хууль бус үйлдлийн эсрэг сэлэмээ буулгахгүй хэмээн амлаж байсан түүний үг тухайн үед олны сонсохыг хамгийн ихээр хүсэж байсан зүйл. Тиймдээ ч тэр ард түмний хүсэмжит сайд хэмээн нэрлэгдэж байв. Гэвч тэр үнэний талд зогсож чадаагүй.

Улс төр дэх ураг төрлийн хэлхээ ил болж, олон нийтийн бухидал цахим орчинд ил болоход Ерөнхий сайд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан хийж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг урдаа суулган зандрав. Тэрбээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм. Энэ зандралтаас бодитой үр дүн гараагүй.

Засгийн эрх солигдсоны дараагаар ЖДҮ-гийн хэрэг ил болов. Кабинетад нь байгаа эрхмүүд толгой дараалан холбогдож, хувьсгал хийсэн ардын баатруудын нэр тусгай сангийн хөрөнгийг хүүлсэн мөнгөний хэмжээтэйгээ ил болов. Хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, хуудуутай явдалтай нэгэнтэй нөхөрлөхгүй гэж байсан Ерөнхий сайд таг. Ёстой л мөнгө мөрөө үлдээдэг гэгчээр бүх зүйл илэрсэн. Н.Номтойбаярын хэлсэнээр У.Хүрэлсүх ч өөрөө ЖДҮ-чин. Олон нийт У.Хүрэлсүхийн өнөөх амласан цэвэрлэгээг нүд цавчилгүй ажиглаж суув. Үйл явдал өрнөж, хуулийн байгууллага буруутай этгээдүүдийг тогтоочихоод байхад ч тэр таг. Эцэст нь Ухнаагийн хүүгийн үг, үйлдлийн зөрүүний талаар цахим орчинд шуугиж эхэлмэгц мань хүн "Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” хэмээн том дуугарав. Гэхдээ тэр өнөөх цэвэрлэгээгээ хийгээгүй.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүүхний хэрэгт холбогдсон. Ёс зүйн хариуцлага хүлээх учиртай талаар эмэгтэй гишүүд анхлан ам нээхэд У.Хүрэлсүх чимээгүй л байв. Харин ч бүр ёс зүйн хариуцлага хүлээх учиртай гэж хэлсэн эмэгтэй гишүүдийг бүлгийн хурал дээр дарамтлан, зандарсан тухай А.Ундраа гишүүн шүлсээ залгин олны өмнө хэлсэн юм. Арга буюу үнэнд дийлдсэн У.Хүрэлсүх Д.Гантулгын гарыг тавьсан. Үүнийхээ дараа чуулганы индер дээрээс "Би Д.Гантулгыг ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өг” гэж хэлсэн хэмээн бардамнав.

Ноён уулын асуудал зуны турш дуулиан тарив. Нутгийн иргэд, худалдагдсан хүмүүс гэхчлэн талцаж, маргалдсан. Сүүлдээ эл маргаан савнаасаа хальж олон нийтийг хөдөлгөж эхлэв. Асуудалд тартагтаа тулсаны дараа Ерөнхий сайд гүн нойрноосоо сэрэв. Сэрмэгцээ яаран сандран У.Хүрэлсүх олон нийтэд таалагдах хариуг олж ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат болгох тухай ил гарч том дуугарав. Гэвч тэр зөв хариу байсангүй. Орон нутгийнхаа төлөө гэх сэтгэлээр уйлж байсан залуу ердөө л Ерөнхий сайдыг өдөөж чадсан нь тэр.

Өнөөдрийн үйл явдал ч ялгаагүй. Авто зам ашигласны хураамж аятай тухтай амьдрах эрхийг бий болгох зорилгын хүрээнд хийгдэх зүйл гэдгиийг Ерөнхий сайд мэдэхийг ч хүссэнгүй. Гагцхүү олон нийтээс оноо цуглуулж, ирэх оны сонгуулиа бодон ухас хийж, уулга алдлаа. Тиймдээ ч олон нийтэд тааламжтай шийдвэр гаргахыг хотын даргаас хүссэн хэрэг.

Ард түмэнд таалагдсан шийдвэр гаргасаар байгаад Уго Чавес улс орноо дампууруулж орхисон байх жишээтэй. Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, эрдэс баялгийн салбартаа төрийн мэдлийг тогтоосон, 1.5 сая орон сууц үнэгүй тараан, АНУ-аас өндөр үнээр авсан бараагаа хэд дахин хямдаар зарсан зэрэг нь байгалийн баялгаар баян энэ улс орныг 20-хон жилийн дотор хямралын ёроолд унагасан.

Товчхондоо бол олон нийтэд таалагдсан шийдвэр гаргах нь популизмын гол шинж.

Эх сурвалж: Buzznews.mn

http://www.buzznews.mn/news/156/single/25944

Санал болгох

Сэтгэгдэл

top