|

Толгой баячуудын толгой ажиллахгүй байна

saikhnaa 2019/12/20 565 0
  • Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд дахиад л сонгуульд сойгоод эхэлчихлээ
  • 1990 оны эхээр АНУ-аас манайд сууж байсан Элчин сайд Жон Дингер гэгч хуучны нандин хийц бүхий 200-гаад мөнгөн аягыг дипломат шуудангаар харьд гаргасан гэдэг. Монгол уран дархны, нутаг нутгийн, өнөө л дарьганга, ноён, сэврэй ур хийц шингэсэн аяганууд алдагдсан байж таараа
  • Ингэж нэгдмэл бодлогод хандуулахгүй бол, Шүгдэн гэх мэт, угтаа бол монголчууд бидэнд харь хамаагүй бугийн үлгэрээр хагалаад, шашны Ландрамыг өөрсдөө бид төрүүлээд байх шиг санагдана

-Соёл, өвчин хоёр холбоотой гэж үү. Сонин сонсдож байна? 

-Гоё асуулт байна. Шууд холбоотой . Наад зах нь, монголчууд бид идээ ундаагаа зөв тохируулдаг соёл уламжлалтай байсан нь устжээ. Бүтэн жил мах идэхийн зэрэгцээ, харь улсын сүлжээний бизнесийн золиос болж, генийн өөрчлөлттэй тахиа, гахайнд хүүхдүүдээ оруулчихлаа. Гэдсээ цайлгадаг сүү, цагаан идээгээ хийх нүүдэлчин соёл устсаар байна. Урд газрын хөх саванд худгийн мотор шиг юм дүрчихээд айраг исгэж мөнгө олдог малчин айлыг энэ намар Булганы Сайхан суманд очоод үзлээ. Хавтгайгаараа ийм байдлаа яах вэ? Монгол хүнсний технологи алдагдсан. Ааруул ээзгийгүй өссөн хүүхэд яаж бөх, сайхан шүдтэй болох юм. Хот, хөдөөгүй ийм байна. Шагай нь гарсан оймс худалдаанд их дэлгэрсэн. Спорт оймс гэнэ.

Манай эх орон бол мөнх цэвдгийн хөрс зонхилсон, газрын чийг хүйтэн дороос байнга босож байдаг бүсэд оршдог. Бидний ижий аав, биднийг багад дороосоо зузаан хувцас өмс гэж үглэдэг байсан нь зөв байж. Нарийхан шуумагтай өмдтэй хөвгүүд залуус, татайсан цээж цамцтай охид бүсгүйчүүдийг хараад, монгол хүний үржиж өсөх, удам ургаа цагаан сүүгээрээ хөхүүлж өсгөх соёл алгуурхан устаж буйг харж болно. Үндэсний аж үйлдвэрлэл байхгүй болох цаанаа ийм уршигтай байна шүү дээ. Халуун цуст монголчууд бид Солонгост очоод халуун ногоонд орж, элэг дотроо муутгаад ирдэг нь хоёр халуун харшиж хямарснаас элгээ хатууруулаад ирдгийг ч, идээ ундны соёлгүйтэй нь холбож ойлгоё. Улс үндэстэн бүхэн өөрийн соёлдоо яагаад хайртай байна вэ гэвэл, соёл нь эрүүл оршин тогтнох амин хэрэгцээ нь болохоор тэр шүү дээ. McDonald's-ыг Орос улс өөрийнхөө түүхий эдээр хийх бодлого барьсан.

Блинчик буюу орос шарвинг дэлгэрүүлэх аян өрнүүлж байгаа. Теремок, Избушка, Шоколадница гээд хоолны сүлжээгээ дэмждэг. Борщ ба хүрэн манжинтай шөлийг Оросын үндэстн ий хоол хүнсний бэлгэ тэмдэг болгож байгаагаа Гадаад хэргийн яам нь зарлалаа. Украинчуудтай булаалдаж байгаагаас харахад энэ муу жоохон шөл хүртэл үндэстний асуудал байх нь! Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахдаа улс гүрнүүд хэрэглээнийх нь соёлоор бодлогоо барьдаг гээд яривал даанч их юм байна. Сая Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг АШҮИС-ийн эрдэмтэн багш нар, уламжлалт эмнэлгийн салбарынхны олон жилийн нөр их хөдөлмөрөөс бүтсэн зохиол бүтээлийг ард олондоо хүргэхээр болсон. Уншиж мэдээд ирвэл, ямар агуу ухаанаа бид гээсэн байв аа гэдгийг дээр доргүй ойлгох биз. 

-Сайхан мэдээ байна.108 боть хэзээ хэвлэгдэж, худалдаанд гарах бол? 

-Эхний ботиуд энэ онд гараад эхэлчихнэ. Үлдсэн нь төсвийн хөрөнгө, бас дараачийн эрх баригчдаас хамаарах асуудал. Үнэхээр онцгой ач холбогдол бүхий ботиуд шүү. Монголын маань өнөө цагийн хамгийн мэдлэг туршлагатай багш, эрдэмтэн судлаачид энэ төсөлд 100 хувь хамрагдаж байгаа. Хоёр жилийн маань ажлын нэг үр дүн гарч байна. Монгол анагаах ухааны эрт цагийн мэргэдийн намтар, бүтээлээс эхлээд шинжлэх ухаан хөгжсөн орчин цагийн тайлбартайгаа нийлээд хосгүй энэ бүтээлийг гардан хийж байгаа Шинжлэх ухааны доктор, академич Ш.Болд болон Ардын багш Чоймаа, зурхайч Тэрбиш, Д.Нацагдорж маарамба, уламжлалтын доктор М.Ам бага, Д.Цэрэндагва, З.Мэнд-сайхан, Б.Болдсайхан, Ч.Чимэдрагчаа гээд нэгэн үйлсэд хамтарч чадаж байгаа эрхмүүдэд үнэхээр баярлаж байна. 

-Та Галерей, МУЭ-ийн фондын уран зургууд, Монгол банк-ны эрдэнэсийн санд хадгалагдаж байсан үнэт эд зүйлсийн талаар хатуухан дуу гарсан. Энэ ажил ямар үр дүнтэй байна? 

- Үндэсний соёлын өв голчлон нэг нийгмээс нөгөөд шилжих үед эзэнгүйдэж, алдагддаг нь хүн төрөлхтний туулсан гашуун түүх. Зарим дайсагнагч улс зориудаар нөгөө улсынхаа түүх соёлыг устгаж, шатааж үгүй хийдэг. Троягийн номын сан, Луврын музей, Инкүүдийн дурсгал, Хятадын соёлын хувьсгалаар эртний хөгжмийн зэмсгүүд ,1937 онд Мэгжид Жанрайсиг тэргүүтэй олон мянган бурхан гээд... бүгд дайн, хувьсгалын халдлагад өртсөн жишээ бий. Монгол Улс 1990 оноос өнөөг хүртэл ямар зүйлсээ алдав гээд банжихаар ч нэлээд юм гарна. Энд ирээд гутарсаан.

Бид чинь соёлын дархлаагаа найгүй алдсаар байна. 1990 оны эхээр АНУ-аас манайд сууж байсан Элчин сайд Жон Дингер гэгч хуучны нандин хийц бүхий 200-гаад мөнгөн аягыг дипломат шуудангаар харьд гаргасан гэдэг. Монгол уран дархны, нутаг нутгийн, өнөө л дарьганга, ноён, сэврэй ур хийц шингэсэн аяганууд гараад явчихсан байж таараа. Эрдэнэсийн санд байсан үнэт зүйлс, тэр дотор Жавзандамба хутагтын эд юмс, Гандан хийдээс тэнд хадгалж байсан найман авдар зүйл хаа байгааг мэдэхтэйгээ боллоо.

Сүм хийдүүд, улсын музейнууд дахь Өндөр гэгээн Занабазарын мутрын бурхад хаа хаана байгааг таамаглах болсон. Эцсийн дүн гараагүй байна, нэлээд ажиллагаатай, ярвигтай нь мэдээж. Алдсан хүн арван тамтай гэгчээр, сайд дарга нарыг хардахаас яах вэ. Санкт-Петербургийн Эрмитажид л гэхэд, ихэвчлэн аль гучаад онд бүртгэгдсэн картотек бүхий монгол, төвөд бурхад байдаг байсан бол одоо 2008, 2015 онд гэх мэт сүүлд очсон бүртгэлтэй үзмэрүүд байх болсон нь, хил гаалиар өнөө ч гэсэн соёлын үнэт өв гараад байгаа л гэсэн үг биз дээ. 

-Музейн байгаа хосгүй үнэт өв соёл маань хуурамч болж солигдсон гэх хүн олон байдаг. Бид үр хүүхдээ дагуулж очоод хуурамч юм үзүүлээд байдаг юм биш биз дээ? 

-Иргэд маань төрөөс хавьгүй ухаалаг сэхээлэг, миний энэ ажилд урам дэм өгдөг тулдаа л энэ ажлыг хийж байна. Тэдний нэг нь зөвлөж зуучилсан юм. Наяад оны дунд үеэр Монголд ирж, бараг л бүх соёлын өвийн фото зургийг өндөр нарийвчлалтай дурангаар авсан, Япон улсын иргэн Сугияма гуайд хүсэлт тавиад удаж байна. Эдгээр гэрэл зургийн слайдуудаа манайд өгөөч гэсэн юм. Харьцуулж харах, тодруулах эх үндэс ямар ч байсан, бий болсон. Музейд байгаа нь ориг уу, үгүй юу гэж эх зурагтай нь харьцуулах юм, эхний ээлжиндээ.

Занабазарын маань бүтээлүүд дэлхийд гайхагдаж, олон сая еврогоор дуудлага худалдаанаас алга болж байна. Монголд ба гадаадад байгаа Занабазарын бурхдын альбомыг хийх далимд, бүртгэе гэдэг дээр Сугияма гуайтай тохиролцсон, хүлээж байна. Ерөнхийлөгч мөн Архивын Ерөнхий газрынханд найман зүйл үүрэг өгсний нэг нь гадаадад буй соёлын өвийг бүртгэх ажил юм. Европт буйг нь Боннын Их сургуулийн монголч эрдэмтэн арваад жил судлаад гаргачихсан, бэлэн байгаа. Хүний өөрийнгүй санаа тавих ажил.

Англи дахь Төвөдийн фондоос ерэн оноос хөрөнгө тусгайлан гаргаж, монголчууд та нар буддын уламжлалт өв соёлоо баримтжуул гэсэн ч, БСШУСЯ -наас хэд гурван альбом цөөн тоогоор хэвлэгдээд байхгүй болсон юм билээ. Тэндээс л гэхэд нийт 650 гаруй мянган фунт-стерлингийн үлэмж хувийг үүнд зарцуул гэж яам руу өгч, үлдсэнийг Гандан, бусад ТББ-уудад өгсөн байна. Харин тайлан нь байдаггүй юм. 

-Музейн барилгуудыг нураагаад эхэллээ. Соёлын өвөө хамгаалахад иргэн хүн яг яаж оролцох ёстой юм бэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан УИХ-аар батлуулахыг хүсдэг нэг хууль бол Меценатын тухай хууль юм. Соёл, урлагийн ивээн тэтгэлгийн хууль буюу Меценатын хуулийг пост социалист орноос гэхэд ОХУ, Беларусь ,Казахстан зэрэг улс мөрдөөд эхэлсэн. Монголын баячууд жишээ нь, уран зураг худалдаж авах, музей, сүм хийд засварлах, соёлын үнэт өвийг төрийн өмнөөс даатгал хийж, гадаадын үзэсгэлэнд толилуулах зэрэг олон эрх үүргийг эдэлнэ. Тэрхүү соёл урлагт зориулсан үйл ажиллагааны зардлыг үндсэн үйл ажиллагааных нь улсын татвараас чөлөөлдөг болох, ийм хялбар ч гэмээр арга замаар соёл урлагийн төрөөс хараат байдлыг салгах юм. Ингэснээр соёлын өвийн хулгай ч байхгүй болно.

Марк Зукерберг, Билл Гейтс, Азим Премжи, Гордон Мур гээд энэ цаг үеийн, дэлхийн алдарт меценатуудыг төрүүлсэн улс оронд иргэдийнх нь үндэсний соёлын ухамсар өндөр байдаг. Элит гэж ийм л давхаргыг хэлдэг юм. Тархи, зүрх нь зэрэг ажилладаг баячуудыг хэлдэг юм. Манайд бол эсрэгээрээ жишээ цөөнгүй шүү. Богд хааны 150 жилийн ойгоор ордон музейн хашаанд нь төрөөс тохижилт хийх гэхэд "Вантрэйд” компани цагийн ороо бусгаад хууль зөрчиж, хуйвалдаж авсан хэсэг талбайд эзэн сууж газрыг нь чөлөөлөхгүй шүүхдэлцсээр байгаа.

Түүх соёлыг мөнгөнөөс дор үздэг хомхой сэтгэлгээ арилаагүй цагт музейн барилгуудын А бүсэд шунасан үйлдэл л яваад байна гэж харж байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн музей гэж модон жоохон байшинг нураахад миний дотор муухай оргисон. НҮБ-ын Соёлын түүх дурсгалт өвийг хадгалж хамгаалах, унаган төрхийг нь алдуулахгүй, сэвтээхгүй байх заалт ч бий. Хуучны хэв маягтай байшин барилгаа нүүрэн хэсгийг ба фасадыг нь хэвээр үлдээж, ар талд нь шинээр барьдаг ёс журам бусад улс оронд хэрэгжсээр байгаа шүү дээ. 

-Монгол Улс дахь шашны талаар яриад өндөрлөх үү. Саяхан Бурхан багшийн Дүйчин өдрийг бүх нийтийн амралт болгох санал УИХ-д ороход ширүүн маргаан нийгэмд дэгдлээ?

-Төвөдүүд 1959 онд улсаа алдаад, шашнаа авч үлдсэн. Монголчууд бид 1920 оноос шашнаа хэсэгчлэн алдсаар, устгасаар ирсэн. Гэхдээ төвөдүүдээс ялгаатай нь төр, улстайгаа хоцорчээ. Төр улсаа авч үлдсэн байхад шашнаа сэргээх боломжтой. Гагцхүү сэргээх гэж юуг хэлнэ вэ. Цөөхөн ч гэсэн, сүм хийдээ сэргээн босголоо. Нутаг нутгийн хутагт, хувилгаадыг тодрууллаа. Үр дүн нь юу байна. Өнгөцхөн өөрчлөлтдөө ханачихаад байгаа юм болов уу. Төр шашны хос ёсны сургааль буюу нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн, иргэн хүнээ гаднаас нь чанд хуулиар, дотор талаас нь шашны өндөр ёс суртахуунаар хүмүүжүүлэх үүргээ мартчихсан юм биш үү. Төр ч сул дорой, шашин ч нэр төдий, хоосон орон зай үүсчихлээ.

Энэ зай, завсраар шашны нэр барьсан харийн улстөрчид, хутган үймүүлэгчид, ашиг хонжоо хайгч нар дураараа сүм хийдээ босгоод байгаа юм биш биз. Ядуу биднийг дарлаад, тархийг нь угааж шашин сурталдаа элсүүлээд байгаа юм биш биз. Шашны хуулийн өөрчлөлт хийх төдийгүй, уламжлалт шашныхаа шинэтгэлийг нийгмийн хамгийн шилдэг оюунтнууд, түүхчид, эрдэмтэд, эх орончид маань санаачлах цаг болжээ гэж бодогддог. Хууль зүйн яамны 2018 оны мэдээ баримтад христийн сүм цуглааны газар 164 байхад буддын сүм хийд 104 байгаа юм. Шашны асуудал аль хэдийн улс орны маань дотоод асуудал биш болжээ. Энэ асуудал аль хэдийн гадаадын хараа хяналт, шахаа тулгалт дор өрнөсөөр ирсэн хуучин, шинэ баримтууд Ерөнхийлөгчийн ширээн дээр очдог. Ерөнхийлөгч өргөн энгээр нь харж байгаа гэж найддаг.

Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хэмжээнд хэлэлцэгдэх зүйлсийг ч олны санаа сэтгэл, эв нэгдлийг бодолцон өөртөө хорыг нь шингээж үлддэг Төрийн тэргүүний ухаан ч байгаа. Хэзээ ч хуулиа зөрчиж, шашны дотоод асуудалд ордоггүй шүү. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд "Төрөөс Монголын ард түм- ний эв нэгдэл соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэж заасан. Энэ заалтыг харин хэрэгжүүлэхгүй байх нь их усны дэргэд цангаж үхэхийн үлгэр болох бус уу. Хэлмэгдүүлж хядсан өвөг дээдэс, элэг нэгтнүүдээ бодсон ч, Монголын төр засаг буддизмд өртэй. Бурхан багшийн Дүйцэнг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг ард иргэд маань олонх нь дэмжсээр байгаа, хүлээж ч байгаа. Харин өөрөөр үзэл бодолтой байгаа улс цөөн. Цахим хилийг зөрчиж, ард иргэдийг дотроос нь хагалан бутаргадаг хүчин зүйлсэд итгэх хэрэггүй. 

-Эв нэгдлийн бэлгэдэл болох учиртай Ерөнхийлөгчийн Зөвлөх нэг шашныг онцлон дэмжлээ гэж шүүмжлүүлэхээс айхгүй байна уу? 

-Айхгүй байна. Зар им зүйлд шударга, хатуу байж сурцгаая. Буддын шашин бол хүн амын ихэнхийн шүтдэг, хуулиар дээдлэгдсэн уламжлалт шашин. Төрийн тэргүүн нь буддистүүдээ дэмжих хамгаалах үүргээс татгалзах ёсгүй. Хүний эрхийн чиглэлээр ч олон улсын өмнө Монгол Улс үүрэг хүлээсэн, энэ үүргээ л Ерөнхийлөгч хэрэгжүүлж байна. Цаг нь болохоор ил гаргаж тавих их юм бий гэж товчхон хэлье. Эдийн засгийн зээл тусламжуудын цаад барьцаанд соёл, түүх шашин, иргэний нийгмийн бүтцийн ойлголтууд явсаар ирсэн юм байна. Шинэ баримтууд ч олж авч байна. Байдал хэцүүдвэл миний бие ард иргэдээсээ зөвлөгөө, тусыг хүсэх болно. Яагаад гэвэл, би улстөрчдөд итгэхээ больсон хүн шиг байна. 

-Шашны шинэтгэл гэж түрүүхэн дуугарлаа. Юуг нь шинэчлэх ёстой юм бол? 

-Шашны сонгодог ухагдахууныг гээж орхилгүй өнөө цагт шинжлэх ухаанч байр сууринаас тайлбарлаж, номлож, эх хэлээрээ ч мөн айлдаж чаддаг, төрийн болоод нийгмийн харилцаанд аваад явчих шинэ үе, сэтгэлгээний шинэ гарааг гэж хэлж болох юм. Бүдүүн тоймоор шүү. Энэ шинэтгэлийг ард иргэд захиалж санаачилж, төрөөс дэмжиж, монгол лам нар маань гардан бүтээж чадаж гэмээнэ, жинхэнэ үндэсний шашны хөгжлийг бий болгоно. Шашнаар сэжимдэн монголчуудыг бутаргаж, өөрсдийгөө товойлгосон хүний өөрийн баахан ренбүчи, хутагт хувилгаан болгонд хэдий болтол гэр дэхээ, гар дээрхээ өргөж гүйгээд байх вэ. Монголын буяныг Монголд нь тогтооё. Монгол лам нартаа илүү боломж олгоё. Хийморийн сан тавиулаад өргөдөг хэдэн төгрөгөө харамлаад, лам нар баяжлаа, таргал лаа гэхээсээ илүү, яаж хамтарч нийтийн буяныг бүтээхээ боддог больё.

Гэгээчүүлээр тодорсон хутагт хувилгаад маань хэлд, хөлд хурд ан ороосой. Юун түрүүнд тэд нийгэмдээ гэрэл гэгээ цацраах оюуны манлайлал гэдгээ огоорч болохгүй. Тэдний өмнөх дүрүүд ямар мундаг эрдэм чадал төгс эх орончид байлаа даа. Өөрсдийгөө эд нар маань харьц уулах цаг болсон шүү. Хүчирхэг бүү хэл, ядмаг улсын ч гар хөл болохоос ард иргэд маань сэрэмж илж, бидний цөөн монголыг хооронд нь хагалах муудалцуулах аливаа зүйлээс сэрэмжлэх ухаан суумаар байна даа. Гандантэгчинлэн хийд ч гэсэн эв эеийн үлгэр болж, Бурхан багшийн тогтсон тааллын дөрвөн урсгал салааг ялгаваргүй тэгш барих ухаанаа гээгээгүй гэж санадаг шүү. Ингэж нэгдмэл бодлогод хандуулахгүй бол, Шүгдэн гэх мэт, угтаа бол монголчууд бидэнд харь хамаагүй бугийн үлгэрээр хагалаад, шашны Ландрамыг өөрсдөө бид төрүүлээд байх шиг санагдана. 

Түүх соёлыг мөнгөнөөс дор үздэг хомхой сэтгэлгээ арилаагүй цагт музейн барилгуудын А бүсэд шунасан үйлдэл яваад байна гэж харж байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн музей гэж модон жоохон байшныг нураахад миний дотор муухай оргисон. НҮБ-ын соёлын түүх дурсгалт өвийг хадгалж хамгаалах, унаган төрхийг нь алдагдуулахгүй сэвтээхгүй байх заалт ч бий. Хуучны хэв маягтай байшин барилгаа нүүрэн хэсгийг ба фасадыг нь хэвээр үлдээж, ар талд нь шинээр барьдаг ёс журам бусад улс оронд хэрэгжсээр байгаа шүү дээ Занабазарын маань бүтээлүүд дэлхийд гайхагдаж, олон сая еврогоор дуудлага худалдаанаас алга болж байна. Монголд  ба гадаадад байгаа Занабазарын бурхдын альбомыг хийх далимд, бүртгэе гэдэг дээр Сугияма гуайтай тохиролцсон, хүлээж байна. Ерөнхийлөгч мөн архивын ерөнхий газрынханд найман зүйл үүрэг өгсний нэг нь гадаадад буй соёлын өвийг бүртгэх ажил юм.

Нийтлэгч: Ш.Даваадорж

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

top