|

Тойрог сэлгэх заль ба “тойрох”-оо зуруулах гишүүд

saikhnaa 2020/01/30 442 0

Томсгосон тойргоор явуулах энэ жилийн УИХ-ын сонгуулийн мандатыг хуваарилах зарчмаа эрх баригчид бүлгийн түвшинд тохиров. Нийслэлийн ес, орон нутгийн 20 тойрогт 76 мандатыг 24:52 гэсэн харьцаагаар хуваарилахаар болсон аж. Энэ хүрээнд нийслэлийн дөрвөн мандатыг хасч, нэг мандаттай аймгуудад шилжүүлсэн, Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэгтгэсэн гэх мэт өөрчлөлтүүд хийхээр санал нэгджээ. 

Сонгуулийн тоглоомын дүрэм ийнхүү тодорхой болж байгаа энэ цаг үед горилогчдын гороо хот, хөдөөгүй эхэлжээ. Өнөөгийн УИХ-ын гишүүд дахин сонгогдохын төлөөх марафонд аль хэдийнэ хөл тавьсан. Энэ талаарх ил, далд яриа хөөрөө, сэжиг таамаг ч олны хөлийн салхиар чих дэлсэх болов. Спикерээ, засгаа, бүлгийн даргаа аль алиныг нь замын дунд сольсон, тэр бүү хэл сөрөг хүчин нь хагаран бутарч бүлэггүй болсон өнөөгийн УИХ-ын гишүүд бүгд л дахин сонгогдчих гэсэн бодолтой. Харин олон нийт тэднийг "ангиар” нь тэтгэвэрт гаргах чин хүсэлтэй. Хүсэл, бодлын энэ зөрүүн дээр хясал, цухал аль аль нь болж байгаа аж.

Юутай ч дахин сонгогдохоор зүтгэж байгаа гишүүдийн хувьд тойрог сэлгэх мэх трэнд болж мэдэхээр байгаа юм байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа энэ жил төрсөн нутаг Ховддоо нэр дэвшихээр бэлтгэж эхэлжээ. Орхон аймгаас хоёр удаа сонгогдсон Д.Дамба-Очир гишүүн унасан нутаг Дундговь аймаг руугаа тойрог сэлгэх гэж буй гэнэ. Хүн ам цөөн тул Говьсүмбэр аймагтай нэгдэн хоёр мандаттай нэг тойрог болж байгаа Дундговь аймаг Лүнгийн замыг чанаргүй тавьснаас болж молиго Очир гэгдэн цоллуулах болсон эрхэм гишүүнд "зөөлөн боов” санагдсан бизээ. Д.Дамба-Очир гишүүнтэй хамт Ерөнхий сайд асан Сү.Батболд мөн Дундговь аймагт нэр дэвшиж магадгүй байна. Сү.Батболд гишүүний хувьд нийслэлийн Сүхбаатар дүүргээс олон удаа сонгогдсон. Аав, ээжийн нутгаа бараадаж тойрог сэлгэх энэ нүүдэл нь түүний хувьд хотод нэр дэвшихээс илүү шаанстай харагдаж байж мэднэ гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм.

Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж буй хуучцуул ч мөн л өмнө нь сонгогдож байсан, нэр дэвшиж байсан тойргоо сэлгэх магадлалтай байгаа ажээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2016 онд төрөлх нутаг Увстаа дэвшээд өвдөг шороодсон тул энэ удаа нийслэл бараадан, өмнө нь сонгогдож байсан Сонгинохайрхан дүүргээ сонгох бололтой. Өвөрхангай аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдож байсан, эдүгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа З.Энхболд нийслэлд нэр дэвших гээд орон зай хайх болсон гэлцэнэ. Өөрт нь итгэл хүлээлгэн сонгож байсан Өвөрхангайн сонгогчдоос нүүр буруулах шалтгаан түүнд байгаа бололтой юм.

АН-аасаа нүүр буруулсан Лу.Болд гишүүн өөрийн сонгогдсон Хан-Уул дүүргээ орхиж Баянхонгор руу, Төв аймгаас сонгогдсон Н.Энхболд Баянзүрх дүүрэг рүү нүүдэл хийх сураг ч гарч байна. Улстөрчдийн энэ мэт нүүдэл суудал Цагаан сарын дараа илүү тодорхой болох байх.

Энэ мэтээр хуучин, хашир улстөрчид гол төлөв тойрог сэлгэхээр санаархаж байгаагийн цаана тэд шинэ тойрогт шинэ хүн болж харагдах гэснийх, нөгөө талаар өмнөх тойрогтоо өөдтэй ажил хийгээгүйгээс дахин сонгогдохгүйгээ мэдээд өөр тийшээ зугтаж байгаагийнх гэх мэтээр тайлбарлаж болно. Хэрвээ  тийм бол тойрог сэлгээд ч нэмэргүй, сонгогчдод "тойрох”-оо зуруулах бизээ. Тойргоо сэлгэж, намаа сольж байж УИХ-д сонгогдсон гишүүд парламентын түүхэнд цөөнгүй бий. Тухайлбал, эдүгээ парламентад сууж буй Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Ж.Энхбаяр нарын гишүүд анх гарч ирэхдээ төрсөн нутгаа бараадан сонгогдсон ч замын дунд  тойргоо сэлгэсэн. Ерөнхий сайд Р.Амаржаргал ч бас Ховд аймаг, Баянгол, Сүхбаатар дүүргийн тойргуудыг сэлгэн нүүдэллэсэн улстөрч. Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт 2004 онд ИЗНН-аас Дорнод аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан ч 2012 онд зангаа хувирган намаа сольж АН-д элсч, тойргоо сэлгэн Сүхбаатар аймгаас сонгогдож байв. Улстөрчдийн энэ мэт эл дол болсон арга мэхийг эдүгээ сонгогчид мэддэг болсон. Тойрог сэлгээд УИХ-ын гишүүн болсон цөөн тохиолдлуудыг л дээр дурдсанаас биш аймгаас дүүрэг рүү, эсвэл дүүргээс аймаг руу тойрог сэлгэсэн ч сонгогчдын итгэлийг хүлээж чадалгүй ялагдал хүлээн улс төриийн карьертаа бүрмөсөн цэг тавьсан улстөрчид асар олон бий. Тиймээс энэ жилийн сонгуулиар эл дол болсон хуучин кадрууд тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод хүрч ирсэн ч сонгогчид хүлээж авахааргүй хандлага бий болжээ.   

ЭХ СУРВАЛЖ: NEWSMALL.MN

сhttp://newsmall.mn/7148/9aa911eb61?fbclid=IwAR3lINZxEeHVrkIiByIpYt7tWf1i_yc4Gw7l4bqf4Y_0gpZRVrEKsOkrMfs

Санал болгох

Сэтгэгдэл

top