|

"COVID-19” халдвартай холбогдуулан улс орнуудын гаргаж буй шийдвэр

nomun 2020/03/24 438 0

"COVID-19” халдвартай холбогдуулан улс орнуудын гаргаж буй шийдвэр

 


ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 341 мянгад хүрч, 14700 хүн нас барсан гэж Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэргэжилтнүүд мэдээллээ. Тэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад нэмэлт эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн тооцоогоо гаргадаг байна.

Хонконгт шинэ арга хэмжээ танилцуулав. Хонконгт коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглохоор боллоо. Мөн Азийн зарим оронд зөөвөрлөгдөн ирэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан энэ долоо хоногоос шинэ арга хэмжээнүүдийг танилцуулж эхэллээ.

Олимпын наадамтай холбоотой тодорхойгүй байдал үүсэв. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Токиогийн Олимпыг хойшлуулж магадгүй гэж өнөөдөр анх удаа мэдэгдлээ. Мөн уг Олимпыг урьдчилан төлөвлөсний дагуу зохион байгуулбал тамирчдаа оролцуулахгүй гэж Канад, Австралийн Олимпын хороо мэдэгдсэн байна.

АНУ-д тусламжийн хуулийн төслийг хойшлуулав. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих томоохон төлөвлөгөөтэй холбоотой санал хураалтыг Сенатын танхим хойшлууллаа.

Энэтхэгийн хотуудад хөл хорио тогтоов. Энэтхэгийн 75 дүүрэгт энэ сарын 31 хүртэл хөл хорио тогтоосны дунд нийслэл Шинэ Дели хот багтжээ. Мөн хэд хэдэн дүүрэгт дөрвөөс олон хүн цугласан тохиолдолд шийтгэл ногдуулахаар болжээ.

Австралид дотоодын зорчих хөдөлгөөнийг зогсоохыг уриалав. Австралид бүртгэгдсэн тохиолдлын тоо 1000 давсантай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд онцын шаардлагагүй бизнесийн үйл ажиллагаануудыг зогсооно гэж мэдэгдлээ. Мөн дотоодын зорчих хөдөлгөөнийг зогсоохыг ард иргэддээ уриалсан байна.

Шинэ Зеландад түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг тогтоов. Ерөнхий сайд Жасинда Ардерний мэдэгдсэнээр, улс даяар үйл ажиллагаа явуулж буй онцын шаардлагагүй бизнесүүдийг зогсоохоор болжээ. Тус улсад халдварын тохиолдлууд зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хэдийн хоригложээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top