|

Эрсдэлтэй үед санхүүгийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

zulaa 2020/03/25 500 0

 

Эрсдэлтэй үед санхүүгийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

 

Дэлхий нийтийг бүхэлд нь нөмөрсөн шинэ коронавирусийн аюул зарим улсын ганц хотын талд ч хүрэхгүй хүн амтай манай улсыг ч тойролгүй ороод иржээ. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ халдварт өртчихвий гэсэн айдастайгаар эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа энэ үед халдварт цар тахал зөвхөн эрүүл мэнд рүү заналхийлээд зогсохгүй, бидний халаасан дахь хэтэвч рүү ч хүчтэй довтлоод эхэллээ.

 

Цар тахлын улмаас дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсэж, бизнесийн байгууллагууд ар араасаа салбаруудаа хааж, үйл ажиллагаанд нь эрсдэл тулгарсныг зарласаар байгаа бол Хятад улсаас гадаад худалдаа нь бүрэн хамааралтай гэж хэлэхэд дэгсдэхгүй жижигхэн эдийн засагтай манай улсад хоёрхон сарын дотор хөл хорио тогтооход л худалдаа, үйчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа удааширч, зарим нь ажилтнууддаа ээлжийн амралт өгөх, чөлөө олгох зэргээр өөрчлөлт оруулахад хүрч байна.

Удаан хугацаагаар амарч байгаа ажилтнуудын цалин тасалдах, өрхийн орлого буурах, худалдан авах чадвар муудах зэрэг дүр зураг бий болжээ. Үүний улмаас цалингаа тасалдуулахгүйн тулд ажлаа хийхийг сонгож өдөржин ажлын орчинд олон хүнтэй уулзаж орой нь нялх балчир үр дээрээ очиж эрсдэлд оруулахыг сонгох уу, эсвэл эрүүл мэндээ бодоод цалин авахгүй байх уу гэдэг сонголттой олон эцэг эх тулгарч байна. Үүний хажуугаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өссөн  үзүүлэлттэй байгаа нь иргэдэд улам л дараа болж байна.

Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээтэй холбоотойгоор хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.4%-аар өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.3%, үүнээс мах махан бүтээгдэхүүний үнэ 21.8%, орон сууц, ус, цахилгаан болон бусад түлшний үнэ тус бүр 5%-аар өссөн тухай Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ.

Гамшигт аюулаас улбаалсан эдийн засаг саарч байгаа энэ үе бидэнд санхүүгийн аюулгүй байдлаа хангаж сурах, гэнэтийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөн хуримтлалтай байх ёстойг харуулж байх шиг. Гэнэтийн үед хэрэглэх мөнгө, хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хадгаламж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, амьдралын баталгаа болсон урт хугацааны зэрэг хэд хэдэн төрлийн хуримтлалыг бий болгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин монголчуудын хичнээн хувьд нь дээрх хадгаламжууд байдаг бол?

Энгийн жишээ хэлэхэд, хэрвээ хуримтлалтай бол энэ сарын зээлийн хүүгээ яах вэ гэж толгойгоо гашилгахгүй, шаардлагатай эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, хүнс, байрны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй олон үйлчилгээ, төлбөр тооцоонд санаа зоволгүй гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хэсэгхэн зуурын энэ хүнд хэцүү үеийг даваад гарах бүрэн боломжтой зураг илхэн харагдана. Аливаад бэлэн байх, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхгүйн тулд, илүү итгэл дүүрэн ирээдүйг угтахын тулд бидэнд хуримтлал хэрэгтэйг энэ гамшгийн үе дахиад л сануулж байна.

Ирээдүйд, хэзээд тулгарч мэдэх, магадгүй өнөөдрийн нийгэмд тулгараад байгаа шиг гамшигт эрсдэлд бэлэн байхад, санхүүдээ итгэл төгс сэтгэл тайван амьдрахдаа зориулж өөрт тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгон, хуримтлалыг зуршил болгож, санхүүгийн дархлаагаа сайжруулаарай.


Санал болгох

Сэтгэгдэл

top