|

Монголчууд 3 саяын цалин байтугай халамж авах боломжтой

zulaa 2020/03/26 311 0

 

Монголчууд 3 саяын цалин байтугай халамж авах боломжтой

 

Улс төрийн намуудын сонгуулийн амлалт өнгө өнгөөр алаглаж эхэллээ. Гэвч бие биеэсээ давах гэсэн тооны уралдаанаас давсангүй. Яг л өмнө нь танайх саяыг өгвөл манайх 1.5 саяыг гэж байсан шиг. Хуулийн дагуу мөрийн хөтөлбөрийн задаргааг олон нийтэд таниулан сурталчлах болоогүй ч ерөнхий хана нь тодорхой болчихлоо. Ямартай ч, намуудын гол амлалт иргэдийн амин чухал хэрэгцээ орон байр, цалин хоёр дээр төвлөрч байна.

      Үүнээс хамгийн бодитой буюу хэрэгжих боломжтой нь дундаж цалинг боломжийн түвшинд хүргэх. Харин нийгмийн үйлчилгээ сургууль, эмнэлгийг үнэгүй болгох, хүүгүй, бага хүүтэй зээлээр байртай болгох зэрэг амлалтууд бол шууд популизм. Хэрэгжүүлж болох ч үр дүн бус үр дагаврт хөтөлнө. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг улам үнэгүйдүүлэх хор л болно. Товчхондоо, бүх асуудлыг гагц боломжийн орлого, цалингаар л шийднэ. Бусдыг нь бүү амла!

      Монголчууд ядуу тарчиг амьдралдаа дасал болж, итгэл даадаггүй төрдөө хууртсаар ирээдүйг бодитоор үнэлж дүгнэж ч чадахаа байж. Намуудын мөрийн хөтөлбөрийн сургийг сонсоод баярлах хүн алга. Харин "Битгий солиор. Үлгэр ярихаа боль” хэмээн бүгд л цэцэрхэж байна. Тэгвэл аль намынх гэдгээс үл хамааран цалин өсгөх зорилт /амлалт/ бол хэрэгжих бүрэн боломжтой буюу хамгийн зөв шийдэл юм. Чухам яаж гэдэгт л бүх учир бий. Одоо манай уул уурхайн болон технологийн салбарын дундаж цалин 3 саяас давчихсан байгаа. Мөн манай улсын эрдэс баялгийн салбар энэ цөөн хүн амыг нийтээр нь 3 сая байтугай цалинтай болгох чадамжтай. Энд олон арван уурхайн үнэлгээг нэгбүрчлэн тоочиж, тооны машинд хуваах ямар ч шаардлагагүй. Зөвхөн Тавантолгой гэх нүүрсний ганц орд л гэхэд монголчуудыг 200 жил тэжээх боломжтой гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Цаана нь дахиад стратегийн орд 10, 20-оороо бий.

      Тэгэхээр зөвхөн уул уурхайн баялгийг нийт иргэдийнхээ амьжиргааг бодитоор дэмжих менежмент хийж чадвал 3 саяын цалин бол инээдэм юм. Цалин 2-3 дахин нэмэгдсэнээр нийгмийн бусад бүх асуудал шийдэгдэнэ. Боломжийн цалинтай хүн хэнээс ч гуйхгүй байраа худалдаад авчихна. Үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлнэ, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авна. Амьдралын чанар нь дээшилнэ. Агаарын бохирдол алга болно. Нийт хэрэглэгчийн худалдан авах чадвар сайжрахаар зах зээл, худалдаа үйлчилгээ тэлж бизнесүүд хөгжинө. Эдийн засаг дахь мөнгөний эргэлт нэмэгдэнэ. Өөр юу хэрэгтэй гэж.

Төр элдэв юманд оролцож, хүмүүсийн хөнжил гудастай зууралдаад байх ямар ч шаардлагагүй. Хөгжил ингэж л ирдэг. Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан тэртээ 100 жилийн өмнө хэлсэн "Иргэн баян бол Улс баян” гэх үгийн утга учир энэ.

      Чухам хүмүүс ажил хөдөлмөр хийж, баялаг бүтээж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хангалттай цалин орлоготой байж чадвал бүх асуудал цэгцэндээ ороод явчихна.

Харин ажил хийхгүй зүгээр хэвтэж байхад нь мөнгө хэвлэж халамж тарааж, байр сууц, сургууль соёлыг нь үнэгүй болгоод ирэх юм бол жинхэнэ хямрал, ханшийн уналт руу ордог. Ийм зовлон, инфляцийн өсөлтийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан.

      Тэгэхээр одоо сонгогчид цалин орлого нэмэгдүүлэх намуудын амлалтыг эгдүүцэн шоолж, үгүйсгэн шүүмжлэхийн оронд яаж хэрэгжүүлэх арга замыг нь судлах шаардлагатай юм. Басхүү хэн их тоо амласанд бус бодитой гарц боломжтой шийдэл ярьсанд нь итгэх учиртай.      

Д.ҮЛЭМЖ

http://www.zuv.mn/mkg

Санал болгох

Сэтгэгдэл

top