|

Эрдэнэтэд нэр дэвших ТАНИХГҮЙ сонголтууд

zulaa 2020/05/19 644 0

 

Эрдэнэтэд нэр дэвших ТАНИХГҮЙ сонголтууд

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 20 дугаар тойрог бол Орхон аймаг, Эрдэнэт хот. Эрдэнэтийн тойрогт гурван мандатын төлөө 20-иод хүн нэр дэвших нь тодорхой болоод байна.

 

Хэдийгээр хэн, хаанаас нэр дэвших нь тодорхой болсон ч багц мэдээлэл хүргэх үүднээс дахин сануулъя.

МАН-ын хувьд ХДХ-ийн сайд Ц.Нямдорж, аймгийн Засаг дарга Д.Батлут, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл нар нэр дэвшихээр болсон.

АН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Орхон аймгийн АН-ын дарга Ц Батхуяг, Баянгол дүүргийн засаг дарга асан хуульч Д.Оросоо нар нэр дэвших эрхтэй болсон бол МАХН тэргүүтэй "Та бидний эвсэл”-ээс С.Ганбаатар, Б.Хэрлэн, П.Баттөр нарыг, ХҮН нам тэргүүтэй "Зөв хүн – ЭЛЕКТОРАТ” эвслээс А.Ундрахтамир, С.Эрдэнэцэцэг, Б.Гантүшиг нарыг дэвшүүлэхээ зарлаад байна.

Түүнчлэн бие даагчдын хувьд 7 иргэн бүртгүүлж гарын үсэг цуглуулаад байгаа. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Орхон ХАҮТ-ын дарга асан М.Сарандаваа, Н. Мягмардорж, Х.Бээжин, Т. Хайрат, Х.Гантулга, Э.Баярхүү нар бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байна.

Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд 20 дугаар тойрогт 20-ид нэр дэвшигч цугларлаа. Ихэнх нь олны танил төдийгүй Орхон аймагтаа харагдаад байдаг хүмүүс байна. Харин огт танихгүй гэмээр хүмүүс байгааг онцолъё. Гэхдээ гол өрсөлдөгч хоёр том намын аль нэг талд нь давуу эрх олгохгүйн үүднээс нэг нэг нэр дэвшигчийг сугаллаа.

Томилолтод явдаг сэтгүүлч томилгоонд явав

МАН-ын Бага хурлаас томилолт авч Эрдэнэтэд өрсөлдөх эрхмүүдийн дунд Эмэгтэйчүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл гэж бүсгүй бий. Түүнийг 90 гаруй жилийн түүхтэй МЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эмэгтэйчүүдийн эрхзүйн байдал, тулгамдаж байгаа асуудалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний аж амьдралыг дээшлүүлэх тал дээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд маш олон шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж өөрийнх нь сайтад тодорхойлсон харагдана.

Учир нь Б.Оюунгэрэл CHUHAL.mn сайтын захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 300 гаруй сонинг, Мэдээллийн cайтуудын ассоциацийн тэргүүнээр ажиллахдаа 30 орчим сайтыг зангидаж байсан ажлын намтартай. Дээрх албан тушаалынхаа ачаар төрийн томчуудыг гадаадад томилолтоор явах болгонд багтчихсан харагддаг байсан эл бүсгүй үнэхээр дарга нартай "зузаан” болж таарлаа. Тиймээс ч улс төрд "шинэ хүн” байж тойрог өвөртөлж чадлаа.

Хувийн амьдралын хувьд нөхөр, хоёр охины хамт амьдардаг Б.Оюунгэрэл нэгэнтээ "Би одоогоор хоёр охинтой ч "Одонтой ээж” болох хүсэл сэтгэлд минь нууцхан байдаг” гэж сэтгүүлчид хэлж байжээ. Өмнө нь Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Олон нийт хариуцсан зөвлөх гэсэн сонгуульт албыг хашиж байсан байх юм. Мөн "Айсоо Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулж нийслэл хотыг нэгдсэн стандарттай болгох ажилд оролцож байжээ. Тэгэхээр Б.Оюунгэрэл шинэ Үндсэн хуулиар хотын статустай болж буй Эрдэнэтэд хотод стандарт мөрдүүлэх тухай мөрийн хөтөлбөр барьж орж ирэх болов уу.

Хот болох сургаар хотоос Засаг залрав

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо Орхон аймагт нэр дэвшиж байх юм. АН-ын удирдлагууд андуу бодоогүй гэж найдна. Тэгэхээр Д.Оросоог Орхон аймагтай уях сэжим олон байх биз.

Д.Оросоог АН-ын дарга С.Эрдэнийн хүн гэж ярьдаг юм байна. Тэр утгаараа С.Эрдэнэ дарга дүүргээ салбарлуулж байгаа юм даг уу даа. Эрдэнэт удахгүй хот болно. Дүүргийн статус яригдана. Тэр утгаараа дүүргийн засаг нэр дэвших нь зүй ч юм шиг.

Юутай ч Д.Оросоо дүүргийн Засаг дарга байхдаа нэлээд "хэл ам”-нд орооцолдож байжээ. Интернетэд хайлт хийхэд хамгийн түрүүнд газрын маргааны асуудал гарч ирж байна. Мон­гол-Германы хамтарсан Хум­больдын нэрэмжит 38 дугаар сургуулийн 1970 м2 газрыг хууль бусаар авч тус газар Нутгийн удирдлагын ордон барина гэж мань засаг зүтгэсэн байх юм. Сурагчид, эцэг эхчүүд, багш нар түүний эсрэг тэмцэж байж. Тухайн үед 38 дугаар сургуулийн багш нар "Хүнийг төөрөгдөлд оруулахдаа гарамгай хүн” хэмээн тодорхойлж байсныг энд сануулъя.

Эх сурвалж: Эрдэнэт Инфо


Санал болгох

Сэтгэгдэл

top