УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна.
Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өнлөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна.
Халдвар тархсан тохиолдолд иргэд, ААН-үүд бэлэн байх ёстой. Дадлага сургуулилалтууд хийгдлээ. Аймаг орон нутгуудад үе шаттайгаар сургуулилалт зохион байгуулах шаардлагатай. Сургуулилалтын үеэр иргэдийн сэтгэл зүйн байдлыг харлаа. Зарим иргэд нэг өдрийн хөл хорионы үед мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тохиолдол гарсан.
УИХ-ын сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх чиглэлд УОК-оос СЕХ-нд зөвлөмж өгөх хэрэгтэй. Зургаадугаар сарын 2-ноос сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг би хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад, төрийн бүх байгууллагууд дэмжиж оролцох хэрэгтэй.
Коронавируст халдвар цар тахлаас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллаас сэргийлэх, амны хаалт зүүх аяныг үргэлжлүүлэх шаардлагатай байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн мэдээллийг дамжуулахыг анхааруулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэх түршүүртэй мэдээлэл гарах боллоо. Иргэд ажилгүй болж, гэртээ байснаар архидалт нэмэгдэх болж. Тиймээс гэр бүл, хүүхдүүдэд зориулсан гэгээлэг нэвтрүүлгийг хүргэх хэрэгтэй байна.
Засгийн газар гадаад улсаас иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлнэ. Энэ үед хүний нутагт байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ дотоод нөөц боломждоо нийцүүлнэ. 10,000 хүнийг нэг дор татаад авч чадахгүй. Боломжийнхоо хэрээр иргэдээ авчирч байгаа. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг харгалзан үзнэ. Тийм учраас тодорхой дэг журмынхаа дагуу аюулгүй байдлаа нэн сайн хангаж, үе шаттайгаар иргэдээ татан авна. Тусгаарлах байрны багтаамж, мэргэжлийн ажилтнууд, нисэх онгоцны хүрэлцээг харгалзан үзнэ.
Хил нээхгүй. Хэзээ нээхийг би бас хэлж мэдэхгүй байна. УОК, Засгийн газраас иргэддээ худлаа мэдээлэл өгөхгүй. Бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа.
Ард иргэд үүргээ ухамсарлаж, төрийн албан хаагчдын шаардлагыг хүлээн авах ёстой.
Барааны үнийн хөөрөгдөл үүсгэж болохуйц мэдээлэл гаргасан. Мөн дотоодод вирусийн халдвар тархсаныг Засгийн газар нуусан гэх агуулгатай гүтгэлэг тараасан. Үүнийг шалгаж хариуцлага тооцох ёстойг цагдаа, тагнуулын байгууллага анхааралдаа аваарай.
УОК, Засгийн газрын гаргасан шийдвэр бүх хүнд таалагдах албагүй. Гаргасан шийдвэрийг ягштал биелүүлэх ёстой.
Коронавирусийн вакцин гарах хүртэл бид сахилга хариуцлагатай аж төрөх ёстой" гэв.