|

С.Амарсайхан: Энэ хуулийн төслийг өнгөц харж, идэвхгүй ажиллаж болохгүй

nomun 2020/08/13 62 0
 

С.Амарсайхан: Энэ хуулийн төслийг өнгөц харж, идэвхгүй ажиллаж болохгүй

 

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайханаас хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр нийслэлд ямар өөрчлөлт авчрах вэ. Та өмнө нь нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан шүү дээ?
-Нэн түрүүнд, орон нутгийн үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо ямар байх нь тодорхой болно. Мөн орон нутгийн засаг захиргааны болон төрийн төв байгууллагуудын уялдаа холбоо, эрх мэдлийн зааг ямар байхыг хуульчлах юм. Гуравдугаарт, засаглал хоорондын харилцааг хэрхэн хэрэгжүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан. Эдгээрийг шинэчилснээр ажил, чиг үүрэг тодорхой болж, энэ хэрээр орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлуудыг дорвитой шийдвэрлэх, иргэдийнхээ оролцоог хангах, нутаг дэвсгэр дээрээ бүхий л дэг журам тогтоохоос эхлээд оршин суугчдын аюулгүй байдал, амьдрах орчин, хот төлөвлөлт, хог шороо гээд олон ажлыг зохицуулахад хэн ямар үүрэгтэй оролцох нь тодорхой болно. Энэ утгаараа уг хууль орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс энэ хуулийн төслийн агуулгыг өнгөц харж болохгүй. Тэр дундаа орон нутаг удирдаж байсан, аймаг, нийслэлийн Засаг дарга байсан гишүүд идэвхтэй ажиллах ёстой. 

 

 

-Төвлөрлийг сааруулахад чиглэсэн ямар зохицуулалт тусгасан бэ?
-Эдийн засгийн үр дагавар, иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг үүднээс төвлөрлийг сааруулах талаар ярих ёстой. Ингэхийн тулд дүүрэг, нийслэл ямар эрх мэдэлтэй байх вэ, үүрэг нь юу юм гэдгийг ярих учиртай. Одоо сум, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх мэдэлд ямар ч ялгаа алга. Жишээ нь, Улаанбаатарт хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг газар олгох ажил. Гэтэл газрыг дүүргийн болон нийслэлийн Засаг даргаас гадна яам олгодог. Цаашлаад нийслэлийн Засаг даргын Тамгын газар хот төлөвлөлтийн нэг бодлоготой байхад дүүргийн удирдлага үүнээс нь эсрэгээр ажиллаж, газрыг давхцуулан өгдөг.

 

Улмаар хот төлөвлөлт битгий хэл, хог цэвэрлэх, тохижилтоо ч хийж чаддагүй. Эндээс л төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал үүсдэг. Тиймээс тухайн шатны Засаг дарга, ИТХ-ын эрх, үүргийг хязгаарлах талаар энд зайлшгүй хөндөгдөнө. Өмчөө захиран зарцууах эрхтэй гэдэг ч Засаг даргын мэдлийн төсөв нь хүрэлцдэггүй, үнэт цаас гаргаж, санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэх эрхийг Төсвийн тухай хуулиар хориглочихсон. Энэ мэт олон асуудлыг уг хуульд тодорхой тусгаж, орон нутгийн шат шатанд эрх, үүргийнхээ хэмжээнд л ажиллах боломж бүрдэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

top