|

Г.Ганбаяр: ШУТИС-ийг Эрдэнэт рүү, ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ

nomun 2020/10/26 579 0

 

 

Г.Ганбаяр: ШУТИС-ийг Эрдэнэт рүү, ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ

 

БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр "Манай салбарт цахим шилжилтийн үйл ажиллагаа явагдаж байна. Энэ хичээлийн жил гурван улирлаар зохион байгуулагдаж байгаа. Улсын хэмжээнд 687 мянга 237 хүүхэд ЕБС-д суралцаж байна. Улсын хэмжээнд 849 сургууль байна. Хөрөнгө оруулалтын ажлыг цахимаар хянах боломжтой болсон. 1000 километр явах шаардлагагүйгээр сургууль цэцэрлэгийн барилгаа үздэг болсон.

Мөн иргэд суралцагчид боловсролын лавлагаа авдаг. Боловсролын гэрчилгээний кодыг уншуулахад мэдээлэл нь шууд очно. Ажил олгогч дээр дипломын хуулбар барьж очих шаардлагагүй болно. Бүх мэдээллийг онлайнаар хардаг болох боломжтой. Түүнчлэн хүүхдээ ямар хичээл дээр хангалттай дүн авч байгаа, аль дээр нь анхаарах ёстойг дээрх аппликэйшнээс харж болдог боллоо.

Мөн өөрийн хүүхдэд ямар багш нар хичээл орж байгаатай танилцаж болно. Номын сурах бичгийн мэдээллийг онлайнаар авах боломж бүрдлээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарал тавих боломжийг ийнхүү бий болголоо.

Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байсан. Тийм биш. Ер нь бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа ба яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна.

ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 онд 11 их наяд төгрөгийн  санхүүжилт  гарах тооцололтой байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур боломжгүй хэмээгээд, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулахаар удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй" гэлээ. 



Санал болгох

Сэтгэгдэл

top