|

Буруутанг бүхнийг давчихаад хайя

zulaa 2020/11/30 341 0

	

Буруутанг бүхнийг давчихаад хайя

 

Коронавирусийн аюултай нөхцөл байдал буурахын хэрээр өвчин зовлондоо анхаарал хандуулах бус ямар нэгэн байдлаар улс төрийн өнгө аясаар асуудалд хандах байдал ажиглагдаж байна.

   Товчоор хэлбэл, "буруутанг" хайх ажил улс төрийн хүрээнд хүчтэй явагдаж байна. Ажлаа хийж буй цагдаагийн албан хаагчид, эрүүл аюулгүй байдлыг цаг алдалгүй сахиж буй эмч ажилчид, хил гаалийнхан, тэгээд бүр удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байгаа Хотын дарга руу дайралт маш их ирж байна. Д.Сумъяабазарыг Хотын даргаар өнгөрсөн аравдугаар сарын 23-нд үүрэгт ажилд нь томилж, ажлыг нь хүлээлгэн өгсөн. Түүнийг удирдлагын багаа эмхлэн зохион байгуулж амжаагүй, томилогдоод ердөө 10 гаруйхан хонож байтал Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаж, цар тахалтай "нүүр тулсан". Энэ хугацаанд УОК өдөр бүр хуралдаж, цар тахлын эсрэг арга хэмжээ авч, Хотын удирдлагууд уг шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна. Гэтэл УОК-ын гаргасан буруутай, зөрүүтэй янз бүрийн шийдвэрийг шийдвэр биелүүлж буй Хотын даргад нялзааж, буруутгаад байх юм.

Хамгийн өрөвдөлтэй нь улстөрийн хүрээнээс албаар "сэвж" харлуулах нь хачирхалтай. Нам, засаг нь хүртэл буруутанг хайж, нийслэл рүү иргэдийн гомдол, саналыг түлхэж сууна. Энэ бол дэндүү увайгүй үйлдэл. Өөрсдийнхөө гаргасан алдаа мадагтай шийдвэрийг Хотын дарга руу түлхчихээд өөрсдөө ард нь чимээгүй суух нь хэр зохимжтой юм бол доо.

Уг нь энэ цаг мөчид хэн нэгэнд хүчээр "бурууг" үүрүүлж, "шонд өлгөж, шороотой хутгах" биш, хаана хариуцлага алдсан болохыг цар тахлын дараа олоход хугацаа хангалттай бий.

Ер нь бол ажил хийж байгаа хүндээ боломжийг нь олгоод үзэх хэрэгтэй. Ажлаа аваад сар ч болоогүй байгаа Хотын даргыг буруутгаж "хөл гарыг нь тушиж" байхын оронд хугацаа өгөөд хэрхэн ажиллахыг нь харах хэрэгтэй. Ардчилсан намын хөлд хэдэн жилийн турш талхлагдаад байсан Сонгинохайрхан дүүргийг, дүүргийн намтай нь хамт хэрхэн өөд нь татав, орон нутгийн сонгуульд хүндхэн нөхцөл байдалд байсан намаа хэрхэн ялуулав гээд түүнд хийж, зохион байгуулж чаддаг гэдгээ харуулсан жишээ олон. Тэгэхээр түүнд хугацаа өгөөд ажлыг нь хийлгэх хэрэгтэй. 

Д.Сумъяабазараас өөр хэн ч Хотын дарга болсон бай өнөөдрийн энэ "галыг", цааш цаашдын олон дайралтыг "тохох" гэж олон нийт, улс төр хүртэл оролдоно. Тиймээс угаасаа буруу удирдлага, зохион байгуулалтаар хангаж ирсэн энэ хотыг хэрхэн өөрчилж чадахыг хүлээх нь зүйтэй. Хугацаа өгч ажлыг нь хийлгээд улс төр дэхь уран нүүдэл, ухааны царааг нь шалгах хэрэгтэй. Харин боломжоо ашиглаж чадахгүй үлдэж гэмээн бид хүссэн хүсээгүй Хотын даргатай хариуцлага тооцох болно.

Цар тахлын үед хариуцлага алдсан буруутанг хайх ажлыг эхлүүлэх нь зөв ч гэсэн өнөөдөр тэр цаг нь биш шүү дээ нөхдөө.


Санал болгох

Сэтгэгдэл

top