|

Ч.Пүрэвсүрэн: Энхийг сахиулах ажиллагаанд оролцож 5000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн

nomun 2021/03/19 241 0

 

 

Ч.Пүрэвсүрэн: Энхийг сахиулах ажиллагаанд оролцож 5000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн

 

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Маршал Г.Дэмидийн нэрэмжит 186 дугаар ангийн эмийн санч, ахлагч Ч.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Энхийг сахиулах ажиллагаанд 186 дугаар ангиас анх удаа оролцсон эмэгтэй юм.


-Танд юуны өмнө Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе. Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хэдэн жил ажиллаж байна?

-Би 1990 онд Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр, 2007 онд МУИС-ийг бизнесийн удирдлагаар төгссөн. 1990 оноос эрүүл мэндийн байгууллага, 1995 оноос өнөөдрийг хүртэл 186 дугаар ангид бага эмч, ахлах сувилагч, эмийн санчаар 26 дахь жилдээ ажиллаж байна.

-Яагаад цэргийн ангид ажиллах болов?

-Миний өвөө 1945 онд Чөлөөлөх дайнд оролцож байсан. Хилийн цэргийн ахмад цолтой эмнэлгийн дарга байсан. Манай удмаас өвөө, бид хоёр л цэргийн ангид ажиллаж байна. Би багадаа цэргийн хүн болохыг хүсдэг байсан. 1995 онд Эрдэнэтэд ирээд ажил хайж байгаад хуучнаар Мотобуудлагын 210 дугаар хороо одоогийнхоор Зэвсэгт хүчний 186 дугаар ангид эмчийн орон тоо байна гэхээр нь очиж уулзсан.

-Цэргийн ангид эмчээр ажиллахад шалгуур өндөр байсан уу?

-Тухайн үед бага эмчээр ажилд орсон. 1995, 1996 оны үед хүмүүс хувиараа наймаа хийх нь их байсан учир цэргийн анги эмчгүй болчихсон байсан. Тэгэхэд ангийн захирагч Лхагвасүрэн дарга хөдөө орон нутагт таван жил ажиллаж байсан эмч хүн чадварлаг л байгаа гээд намайг шууд ажилд авч байлаа. Ингээд 2002 онд ангийн захирагчийн тушаалаар эмнэлгийн дайчилгааны нөөцийн нярав, ахлагч цолтой болсон.

-Та хэдэн онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байв?

-Би 186 дугаар ангиас Энхийг сахиулагч анхны эмэгтэй болсон. 41 настайдаа. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын Тархвар муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан Энхийг сахиулах Юнимад ажиллагааны "Монгол Улсын цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэгт хүлээн авах, ялган дугаарлах бүлэг”-ийн сувилагчаар хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн. Намайг явснаас хойш манай ангиас таван эмэгтэй Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Би Судан руу явахдаа эмнэлгийн чиглэлээр буюу сувилагч мэргэжлээрээ үүрэг гүйцэтгэсэн.

-Анх Судан руу явахад ангиасаа хэдэн хүнтэй явж байв?

-Эхний удаа үүрэг гүйцэтгэхдээ ангиас би, хоёр жолоочтой гурвуулаа явсан. Монгол Улсын хэмжээнд энэ ажиллагаанд 68 хүн явсан байдаг. Эхлээд явахаас өмнө Тархварын дайны үе, дараах үеийг харуулсан баримтат кино үзүүлсэн. Төрөл бүрийн мэдээллээр хангасан. Бэлтгэл ч их хүнд байсан. Эмэгтэйчүүд нь 20, эрэгтэйчүүд нь 30 кг ачаа, дээрээс нь буугаа үүрээд 30 км алхдаг. Алхахдаа буудна, мөлхөнө, өглөө бүр 5 км гүйнэ гээд. Дээрээс нь сэтгэл зүйн бэлтгэлийг маш өндөр хангасан байсан. Манай улсад сүүлийн 70 жилд дайн дажин тогтворгүй байдал үүсээгүй учир бидний төсөөлснөөс өөр орчин угтана шүү гэж хэлж байсан. Очсон хойноо дайнд нэрвэгдсэн улс орон ямар болдгийг харж байлаа. Буудуулсан өвчтөнд анхны тусламж үзүүлэхээс л анхны үүргээ гүйцэтгэж байсан. Монгол Улс, 186 дугаар ангийнхаа нэрийг өндөрт өргөх юмсан, цэргийн ангийн сувилагч ямар байх ёстойг л харуулах гэж хичээсэн. Манай дарга нар ч их дэмжсэн.

-Суданд очиход анх ямар сэтгэгдэл төрөв. Төсөөлснөөс чинь хэр зөрүүтэй байв?

-Үнэхээр өөр байсан. Цаг агаар ч хүнд, халуун. Элсэн дээр нь явж чадахгүй. Гэхдээ манай эмнэлэг байрлаж байсан газар монгол хөрс шиг хатуу, дагтаршсан, агаар нь жаахан задгайдуу байсан. Очоод хоёр хонож байтал буудалцаад эхэлсэн. Бид хорогдох байр луу орсон.

-Та очсон хойноо шантарсан уу?

-Үгүй. Монголд байхдаа маш олон шалгуурыг давсан учир үүргээ сайн гүйцэтгээд ирэх юмсан гэж бодсон. Харамсах, шантрах үе байгаагүй. Би сүүлд тайлангаа нэгтгэхэд нийт 5000 гаруй хүнд үйлчилсэн байсан. Манайх НҮБ-ын цэргийн алба хаагчдад эмнэлгийн тусламжийг 24 цагаар үзүүлэх үүрэгтэй байсан. Мөн шархдаж ирсэн байлдагч, өвчтөнүүдэд хамгийн түрүүнд тусламж үзүүлж дараагийн шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд нь чиглүүлж өгөх үүрэгтэй байлаа. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд манай өрөөгөөр дамжиж байж цааш нь шилжүүлнэ гэсэн үг. Бас тухайн орон нутгийн иргэдэд нь өдөрт 8-12 цаг эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан. Тэгэхэд үнэхээр өрөвдөлтэй хүмүүс ирдэг байлаа. Тэнд ус ховор, халуун учир элдэв өвчин ихтэй, ядуу буурай, хүмүүс нь их өвдсөн байсан.

-Монгол шиг сайхан, тайван улс цөөн дөө. Тэр улсын байдлыг хараад манай монгол шиг жаргалтай газар ховор юм даа гэсэн бодол төрж байсан байх. Эх орноороо бахархаж байв уу?

-Юуны өмнө монгол хүн, монгол эмэгтэй болж төрсөндөө маш их бахархсан. Ийм газар төрсөн бол яана даа гэж бодож байлаа. Бас НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Ажиллагаанд оролцсон гээд НҮБ-ын медаль гардуулсан. Маш их бахархаж байсан. Ажиллагаанд оролцож байхдаа 186 дугаар ангийнхаа нэрийг өндөрт өргөх юмсан гэж маш их хичээсэн. Бас өглөө болгон төрийнхөө дууллыг дуулаад, төрийн далбаагаа мандуулаад ажилдаа ордог ийм ажилтай хүн цөөн. Тийм учраас төрийн минь сүлд өршөөг гэж үргэлж залбирч, талархаж явдаг.

-Ярилцах хугацаа бага байсан ч гэлээ цаг гаргасанд танд баярлалаа.

-Баярлалаа. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Цэргийн өдрийн мэндийг бүх анги нэтгэл, цэргийн хүрээнийхэндээ хүргэе.


Санал болгох

Сэтгэгдэл

top