|

Г.Алтангэрэл: Хоол хийх сонирхолтой, тогооч мэргэжилтэй залуучууд их байдаг ч тогтвортой ажиллах нь цөөн байна

nomun 2021/04/05 379 0

 

 

Г.Алтангэрэл: Хоол хийх сонирхолтой, тогооч мэргэжилтэй залуучууд их байдаг ч тогтвортой ажиллах нь цөөн байна

 

Байгууллагын соёл, үйлчилгээ, хоолны амт, чанар, тогтвортой үйл ажиллагаагаараа бусдаас ялгарч чаддаг "Маестро” рестораныг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Байгуулагдаад цөөн жил болж байгаа ч гадна, дотны зочдын очих дуртай, ороод тухлах дуртай, сайхан амттай хоолоор дайлуулаад гардаг газрын нэг бол яах аргагүй "Маестро” ресторан юм. Тус рестораны менежер Г.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Богино хугацаанд "Маестро” рестораныг Эрдэнэтийнхэн мэддэг болсон. Гадна, дотноос ирсэн зочдоо урьж, цайлахдаа танайхыг зорих нь элбэг шүү.

-Баярлалаа. Манайх 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш олон хүнээс ийм талархлын үг сонсож байна. Манай рестораныг мастер тогооч Б.Ганзориг"Монголиан катеринг”-д ажиллаж байсан ажилчид болон мастер тогоочийн туршлага дээр үндэслэн долоон жилийн өмнө байгуулж байлаа. Хоолоо амт чанар сайтай, орчноо тав тухтай, үйлчилгээгээ шуурхай хариуцлагатай байхыг л бид хичээн ажиллаж байна.

-Хоолны цэс, нэр төрөл рестораны хамгийн чухал зүйл. Ресторанууд нэг цэсээр их удаан хугацаанд үйлчилдэг. Танайх цэсээ ямар давтамжтай сольдог вэ?

-Яг одоогоор 28 нэр төрлийн хоол, зургаан төрлийн зууш, салат гаргаж байна. Бид эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүнээр хоолоо хийдэг. Махыг хамгийн амт сайтай, шинээс нь сонгож хийдэг учир ямар ч хоол маань сайхан амттай болдог.

-Танай хоолны амт, чанар Эрдэнэтдээ жишиг тогтоосон юм шиг санаддаг.

-Энэ бол манай тогтоочдын ур чадвар, туршлагын үр дүн.

-Ер нь Эрдэнэтэд хоол үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй гол бэрхшээл юу байна вэ?

- -Одоо цар тахлын үе болохоор эдийн засгийн хүнд нөхцөл байдал ганц манайд биш бүхий л салбарт нөлөөлж байна. Манайх 7 жил ажиллахад нэг ч удаа хоолныхоо үнийг нэмээгүй. Гэтэл энэ хугацаанд түүхий эд, бараа материалын үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй бараа бүтээгдэхүүн, урсгал зардлын өртөг тулгамдаж буй гол асуудал болж байна. Нэг бүтээгдэхүүний үнэ долоо хоногийн дараа нэмэгдлээ гэхэд түүнийгээ дагаад хоолныхоо үнийг өөрчлөөд байх боломжгүй, хэрэглэгчдээ татах, хадгалж үлдэхийн тулд үнээ барих зайлшгүй шаардлага тулгарч байна.

--Богино хугацаанд их ашиг олох гэсэн хандлага хоол үйлдвэрлэлийн салбарт түлхүү харагддаг. Хоолны орц, найрлага, бүтээгдэхүүний сонголт л үүнийг нь нотлоод байдаг л даа. Таны хувьд салбарынхаа энэ хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ, ер нь эмзэглэдэг үү эсвэл бусдын бизнес танд хамаагүй санаддаг уу?

- -Энэ бол цэвэр рестораны нэр хүндийн асуудал. Нэр хүндээ өндөрт авч явахын тулд маш зөв, эрүүл хоолыг үйлдвэрлэхээс өөр арга байхгүй. Манайх махаа мах нийлүүлэгчтэй тусгайлан гэрээ байгуулж, малын насжилт, хадгалалт, ширхэглэг зэргийг нь харгалзан нарийн шалгуураар авдаг.

--Танай ресторан хэдэн ажилтантай вэ?

--17 ажилтантай. Ихэвчлэн олон жилийн туршлагатай тогооч нар байгаа.

--Залуу үеэ хэр бэлдэж байна. Энэ салбарын боловсон хүчин хангалттай байдаг уу?

- -Ахмад үе нь залуу үедээ зааж, сургаад чадахаараа бэлтгэж л байна. Хоол хийх сонирхолтой, тогооч мэргэжилтэй залуучууд их байдаг ч тогтвортой ажиллах нь цөөн байна.

- -Шинэ залуу боловсон хүчний буруу бас биш л дээ. Тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого л ажилчдаа ажлын байран дээр нь тогтоож чадна. Тийм чадвартай байгууллага ч ховор байна, зорилготой ажилчид ч бас ховор байна.

--Ажилтнаа байгууллагадаа удаан хугацаанд тогтоохын тулд хүний нөөцийн бодлого мэдээж маш чухал. Гэхдээ хүмүүс ажлын ачаалал даах, ажлаасаа урам зориг авах, өөрийн дуртай ажлаа хийж байгаа эсэхээс шалтгаалдаг. Мэдээж ашгийн байгууллага учраас үйлчлүүлэгчдийн эрэлт, сарын орлогоосоо шалтгаалаад ажилтанд олгох цалин янз бүр бий.

--Сүүлийн үед хүмүүс хооллолтондоо ихэд анхаарч амтлагч багатай, байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнээр хоол хийлгэх хүсэлтэй болсон юм шиг анзаарагдсан. Танай ресторанд энэ хэр мэдрэгдэж байна вэ?

- -Бид үйлчлүүлэгчийнхээ саналыг хүлээн авч, хүсэл сонирхолд нь нийцүүлж хоолоо хийдэг.

--Эрдэнэтэд галт тэрэг өглөө 07.00 цаг өнгөрөөгөөд ирдэг. Нийт ирж буй зорчигчдоос ядаж 20 хувь нь Эрдэнэтэд түр хугацаагаар ирж буй иргэд байгаа. Гэтэл манайд өглөө эрт онгойдог нэг ч үйлчилгээний байгууллага байхгүй. Танайх цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байна гэж үү?

- -Манайх хэвийн үед 10.00-24.00 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ өмнө нь бараг 3 сар орчмын хугацаанд өглөө 8.00 цагаас онгойж үзсэн. Тухайн үед иргэд энэ талаар мэдээлэл бага байсан байх. Үйлчлүүлэгч багатай байсан учраас болиод онгойх цагаа хойшлуулсан. Үйлчлүүлэгч ирэхээсээ өмнө урьдчилан захиалга өгсөн тохиолдолд захиалгын дагуу өглөө эрт онгойх боломжтой.

--Хүмүүс их завгүй болчихож. Завгүй хүмүүс тухлаж суугаад хоол идэхийн оронд ажлынхаа цагаар захиалгын хоол дуудаад идчихдэг, эсвэл аваад явах нь илүү амар санагдах болсон байна. Хэрэглэгчийн хандлага хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед танайх үйлчилгээгээ хэрхэн өөрчилж байна вэ?

- -Манайх сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. Үйлчлүүлэгч ресторанаар үйлчлүүлэхэд эрсдэл өндөртэй, эрүүл мэндээ хамгаалах нь чухал цаг үе учраас ийм шаардлага тулгарч байна. Захиалгын хүргэлтийн хоолыг ихэвчлэн гэрийн хоолноос уйдсан үедээ, эхнэрийн гарыг "амраах” зорилгоор, зочид ирсэн онцгой баярт өдрүүдэд захиалах нь элбэг байдаг. Түүнчлэн хоолны цэсэндээQRсистемийг нэвтрүүлэн, сонголтыг цахимжуулж, технологийн шинэчлэл хийгээд байна.

- -Эрдэнэтийн хоол үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж байгаа Маестро, Быстро, Баялаг гээд ресторануудыг харж байхад энэ салбарт өөр өрсөлдөгч орж ирэхгүй юм шиг их тайван байх шиг санагддаг. Энэ тал дээр таны байр суурь?

- -Магадгүй. Дэндүү нэг хэвийн явсан байж магадгүй. Хүн бусдын ярианаас, санал шүүмжлэлээс цочрол авч, дутагдлаа засах хэлбэрээр цааш урагшлах л хэрэгтэй гэж боддог.

--Ярилцсанд баярлалаа.



Санал болгох

Сэтгэгдэл

top