|

Вакцины “дайн”-ы гол тоглогч нь АНУ

nomun 2021/04/23 302 0
 

Вакцины “дайн”-ы гол тоглогч нь АНУ

 

"COVID-19 бол  биологийн дайны зэвсгийн довтолгооны нэг илрэл юм. Энэ аюултай коронавирусын эсрэг вакцин гаргаж авч чадах эсэх нь хамгийн их анхаарал татсан асуудал болоод байна. Учир нь бид ХДХВ болон хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авах гэж хэдэн арван жилийг зарцуулсан ч одоог хүртэл вакцинтай болж чадсангүй. Яг үүн шиг COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авч чадахгүй байх вий гэдгээс би үнэхээр их айж байна. Энгийн нэг вакциныг гаргаж авахын тулд 8-10 жилийг зарцуулдаг. Наймхан сарын дотор бүтээсэн вакцин бол асар их аюултай.Маш хурдан бэлэн болсон вакцин хүмүүст яаж үйлчлэх бол гэхээс эмээж байна” хэмээн АНУ-ын хүний эрхийн хуульч, Иллинойс олон улсын хуулийн сургуулийн багш, "Biowarfare and Terrorism” номын зохиолч, профессор Фрэнсис Бойл ярьсныг "Зууны мэдээ” сонин 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд орчуулан хүргэж байлаа. Өнөөдрийн байдлаар лаборатори болон амьтанд 183 вакциныг туршиж байгаагаас 31 нь эхний үе шат, 33 нь дараагийн үе шат, 23 нь гурав дахь туршилтандаа явж байна.  Харин 13 вакциныг дэлхий нийтээрээ ашиглаж байгаагаас Moderna, Pfizer, AstraZeneca вакциныг бүх хүн амд ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.

Цар тахал улам бүр хүрээгээ тэлж өчигдрийн байдлаар 144 сая хүн халдварлаж, гурван сая гаруй хүн амиа алдаад байгаа энэ цаг үеийн сүүлийн итгэл найдвар нь вакцин юм. Тиймээс улс орнууд аль болох богино хугацаанд хүн амаа вакцинжуулж, хурдан хугацаанд хэвийн амьдралдаа шилжихийн төлөө тэмцэж байна. Гэхдээ вакцины тэгш хүртээмж улс орнуудад харилцан адилгүй байна. Баян орнуудын дөрвөн хүн тутмын нэг нь вакцин тариулаад байгаа бол ядуу буурай орнуудын 400 иргэн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар дэлхийн 165 оронд 928 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглажээ. Үүнээс АНУ 213 сая гаруй тун, Англи 43 сая, Орос 16.5 сая, Хятад 195 сая, Энэтхэг 127 сая тун вакцинд иргэдээ хамруулсан байна. Ийн вакцины эрэлт их байгаа учир вакцин үйлдвэрлэж байгаа нөлөө бүхий том орнууд өөр өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа олон оронд нийлүүлэхийн төлөө өрсөлдөж "дайн” зарлаад байна. Энэ дайн хэрхэн өрнөж байгааг тоймлон хүргэж байна.
 
АМЕРИК ОХУ-ЫН ВАКЦИНЫГ ХУДАЛДАЖ АВАХААС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛАВ
 
ОХУ дэлхийн хамгийн анхны COVID-19 эсрэг вакциныг гарган авснаа 2020 оны наймдугаар сарын 11-нд зарласан. Туршилт нь дуусаагүй байхад анхдагч орон болох гэж ийн эрт зарлалаа хэмээн олон нийт үзэж байлаа. Учир нь вакцин гурван үе шатыг давах ёстой. Эхний шатанд цөөн тооны хүнийг хамруулан вакцины аюулгүй байдал, вирусын эсрэг үзүүлэх нөлөө болон хэдэн тунг тарих шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно. Дараагийн шатанд туршилтад хамрагдах хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлнэ. Хамгийн сүүлийн шатанд хэдэн мянган хүнийг хамруулан вакцины үр нөлөө, хариу урвалын судалгааг хийдэг.
Тэгвэл  энэ оны гуравдугаар сарын 31-нд 97.6 хувийн үр дүн үзүүлснийг зарласан Sputnik-V вакциныг Энэтхэг, Хятад, Бразил, Өмнөд Солонгос тэргүүтэй 60 гаруй оронд нэг тэрбум тунг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч вакциныг хийлгэснээс хойш Амстердамд дөрвөн хүн нас барсныг Европын эмийн агентлаг энэ сарын 9-нд мэдээлэв. Түүнчлэн Их Британийн "Financial Times” сонинд Европын холбоо Оросын вакцины дата мэдээлэлд санаа зовниж байгаа тухай бичжээ. Кремлийн зүгээс дээрх мэдээллийг вакцины нийлүүлэлтэд нөлөөлөх зорилготой хэмээн тайлбарласан юм. Дээрх шалтгааны улмаас эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Европын холбоо өнөөдрийг хүртэл Sputnik-V вакцинд зөвшөөрөл олгоогүй байна.
Хэдийгээр Европын эмийн агентлагаас Спутник-V вакциныг хэзээ бүртгэх нь тодорхойгүй гэж мэдэгдсэн ч цар тахлын эсрэг дархлаажуулалтаа эрчимжүүлэхийн тулд Европын зарим орнууд ОХУ-тай гэрээ байгуулаад эхэлжээ.
 
Тухайлбал, Франц, Герман улс Европын эмийн агентлагаас зөвшөөрөл олгомогц худалдан авахаар зэхэж байна. Энэ талаар "Carnegie Europe” сэтгүүлд ажиллаж буй Францын дипломат Пьер Вимонт "Европын холбоо Спутник-V вакцины хувьд хэт туйлшрахаас болгоомжилсон хандлагатай байгаа нь Оросын шинжлэх ухааны өндөр чадварыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм” гэв.
 
Харин Бразилийг Sputnik-V вакциныг худалдан авахаас татгалзахыг Америкийн Засгийн газар  ятгасан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гуравдугаар сард мэдэгдсэн юм. Тэрээр "Бид олон оронд тэр дундаа ядуу орнуудад хүч чадлаа дайчлан олон тун вакцин нийлүүлж, цар тахлыг зогсоож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс ОХУ-ын вакцины эргэн тойронд үүссэн асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцэж байна.  Дэлхий дахинаа цар тахал хүрээгээ тэлж байгаа энэ цаг үед АНУ-ын Засгийн газар бусад орныг вакцин худалдаж авахаас татгалз хэмээн ятгах  хувиа хичээсэн оролдлого нь ирээдүйгүй зүйл юм” гэсэн юм. Энэ асуудлаар АНУ-ын Төрийн департмент ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
 
ASTRAZENECA  ВАКЦИНЫ ЦУСНЫ БҮЛЭГНЭЛ ҮҮСГЭСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ЯМАР ЗОРИЛГОТОЙ БАЙВ?
 
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Их Британийн Оскфордын их сургууль болон AstraZeneca компанийн хамтран бүтээсэн AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэсэн шалтгаанаар Ирланд, Дани, Норвеги, Нидерланд, Австрийн эрх баригчид вакциныг хэрэглэхээ түр зогсоосноо зарласан нь дэлхий нийтэд хамгийн  их шуугиан тарьсан юм. Учир нь энэ вакциныг   COVAX хөтөлбөрөөр дамжин олон орон ашиглаж байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Герман, Испани, Итали улс 60-аас доош насныханд энэ вакциныг тарихыг хориглосон бол Франц улс 55 нас хүртэлх иргэдээ хамруулахаар болжээ.
Дани улсын Засгийн газар AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасч байгаагаа  энэ сарын 15-нд зарласан. Ингэснээр ДЭМБ-аас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хассан дэлхийн анхны улс болсон юм.Тус улс AstraZeneca вакцин нь 40 мянган хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгаа нь  зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлав. Иймд  Данийн Засгийн газар дархлаажуулалтад ашиглах гэж байсан 2.4 сая хүн тун AstraZeneca вакцинаа ядуу буурай орнуудад нийлүүлэх талаар судалж байгааг ДЭМБ-ын Европ дахь салбарын захирал Ханс Клюге мэдээлэв.Харин AstraZeneca компанийн зүгээс "Европын Холбоо, Их Британид AstraZeneca вакцин хийлгэсэн 17 сая гаруй хүний мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр вакцин  цусны бүлэгнэл үүсгэдэг нотолгоо олдсонгүй” гэж  мэдэгдсэн юм.
 
БНХАУ: ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ГАДААДЫН ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛНЭ
 
Хятадын Өвчний хяналтын төвөөс хятад вакцины эхний тунг тарьснаас хойш 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой хэмээн  энэ сарын 28-ны өдөр мэдэгдэв. Өмнө нь онцгой байдлын үед дархлаажуулалтын ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байсан учраас хоёр долоо хоногтоо багтаж хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөсөн гэв.
Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу  энэ сарын 10-нд тус улсын дотоодын үйлдвэрийн вакцинууд үр дүн тааруу байгааг хүлээн зөвшөөрч, илүү сайжруулахын тулд хооронд нь холих хэрэгтэй гэж ярьсан хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсэн юм. Гэтэл нэг хоногийн дараа тэрбээр Хятадын төрийн мэдлийн "Global Times” сонинд "Вакцинжуулалтын  явцыг илүү нарийн тохируулах, өөр төрлийн вакцинуудыг хольж тарих зэрэг аргаар вакцины үр дүнг сайжруулах боломжтой эсэхийг судлах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн.  Харин Хятадын вакцин үр дүн муутай гэж огт мэдэгдээгүй” гэж ярьжээ.Энэ нь судалгаагаа бүрэн гүйцэд хийж дуусаагүй атлаа "дайн”-д  ялах гэсэн зорилгоор вакцинаа яаран үйлдвэрлэсний нэгэн баталгаа юм.
Дэлхийн олон орны иргэдийн хамгийн ихээр зорьдог Хятад улс өөрийн улсад нь үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан гадаадын иргэдэд виз олгох шинэ бодлого хэрэгжүүлсэн нь олон нийтийн  санааг зовоож байна. Тухайлбал, АНУ  тэргүүтэй хэд хэдэн оронд тус улсын вакциныг дархлаажуулалтдаа ашиглахгүй байгаа юм.Хятад улс өнгөрсөн сард вакцинд хамрагдсан иргэдийг чөлөөтэй нэвтрэхэд зориулан "Олон улсын аяллын эрүүл мэндийн сертификат”-ыг гаргасан билээ. Гэхдээ "Wall Street Journal”-ийн мэдээлснээр Хятад улс Pfizer вакциныг судалж байгаа бөгөөд долдугаар сараас өмнө дотооддоо ашиглах зөвшөөрөл олгохоор хэлэлцэж байгаа аж.
 
Хятад вакцинуудыг АНУ, Европоос бусад газруудад өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал, Хятадад үйлдвэрлэсэн "CoronaVac" вакцинаар Чили улс хэдэн сая иргэнээ дархлаажуулсан. Үр дүнг нь судалж үзэхэд өвчлөлийг 67 хувь, нас баралтыг 80 хувь бууруулж байгаа нь тогтоогджээ. Энэ бол цар тахлын эсрэг вакцинууд анх бүтээгдсэнээс хойш хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаа юм. ДЭМБ "Синофарм”, "Синовак” компаниудын вакцины зөвшөөрлийг энэ сарын сүүлээр хэлэлцэх юм байна.
 
ЭНЭТХЭГ УЛС ВАКЦИНЫ ХОМСДОЛД ОРОВ
 
Дэлхийн нийт вакцины 60 хувийг хангадаг Энэтхэг улс бага орлоготой орнуудад вакцин хандивлах зорилготой COVAX хөтөлбөрийн гол тоглогч нь байлаа. Тус улсын төдийгүй дэлхийн хамгийн том вакцины үйлдвэр Серум хүрээлэн 92 оронд 200 сая тун вакцин нийлүүлэхээ зарласан билээ. Гэвч халдварын хоёрдугаар давлагаанд өртсөн тус улсад нөхцөл байдал хүндэрч, дотоодын иргэдээ вакцинжуулахад анхаарах шаардлага үүсэв. Тиймээс вакцины экспортоо гурав болон дөрөвдүгээр сард зогсоогоод байна. Одоогийн байдлаар 28 сая тун вакцин нийлүүлсэн Энэтхэг улс гуравдугаар сард 40 сая, дөрөвдүгээр сард 50 сая тунг нийлүүлэх хуваарьтай байв. Үүнээс өмнө нэгдүгээр сард AstraZeneca вакцины экспортоо зогсоож, эмзэг бүлгийн иргэдээ вакцинжуулсан юм. Энэ нь COVAX хөтөлбөрт хамрагдсан ядуу орнуудад хүнд цохилт болсон юм. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс 14.3 сая иргэнээ хоёр тунгаар вакцинжуулсан нь хүн амынх нь ердөө нэг хувь юм.Вакциныг импортлох арга зам олохын тулд Европын орнууд тус улсын дотоодын хоёр вакцинд яаралтай зөвшөөрөл олгохыг ДЭМБ-аас шаардаж байна.
Хамгийн өндөр үр нөлөө үзүүлж, ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хамгийн анхны вакцинаар шалгарсан Pfizer, Moderna-гаас гадна нэг тунгаар хэрэглэдэг Johnson&Johnson вакцинд дотооддоо зөвшөөрөл олгоод байгаа АНУ  цар тахлын эсрэг вакцины "дайн”-д голлох үүргийг гүйцэтгэж байна. Учир нь тус улс Орос, Хятад, Англид үйлдвэрлэсэн вакциныг дотооддоо ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм. Мөн AstraZeneca вакцины цусны бүлэгнэл, Хятад улсын вакцин үр дүн муутай, Оросын вакцинаас болж хүн нас барлаа гэсэн мэдээлэл нь вакцины "дайн”-ы нэгэн өгөөш юм.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БИОЛОГИЙН ТЭНХИМИЙН ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д.ЛХАГВАСҮРЭН: АНХДАГЧ УЛС БОЛОХЫН ТУЛД ТУРШИЛТАА ДУУСГАЛГҮЙ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
 
-Вакцины  хэрэгцээ их байгааг дагаад өрсөлдөөн ихэссэн нь бидний нүдэнд ил байна. Англи улс эхлээд өөрийн улсын иргэдээ вакцинд хамруулж дуусчхаад Европын холбоо руу нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүний дараахан Европын орнууд AstraZeneca вакциныг цусны бүлэгнэл үүсгэсэн тул дархлаажуултаа зогсоолоо гээд яриад эхэллээ. Энэ бол өрсөлдөөний ил хэлбэр. Далд олон өрсөлдөөн бий. Тухайлбал, хамгийн түрүүнд вакцин гаргаж авсан улс болохын тулд туршилтаа дуусгахгүйгээр вакциныг ашиглаж байна.Шинжлэх ухааны салбарт ёс зүй байх ёстой. Гэтэл үгүй болчихлоо. Анагаах ухаанд эхлээд вакцин идэвхтэй байгааг, дараа нь хэдэн тунгаар хэр зайтай тарих вэ гэдгийг судалсаар 4-5 жил, бусад судалгаагаа хийгээд 10 орчим жилийн дараа нэг вакцин гаргадаг байсан. Харин одоогийн нөхцөлд тийм хугацаа байхгүй. Маш яаралтай үйлдвэрлэж байгаа болохоор  бүрэн гүйцэд судлахгүйгээр хүмүүсийг дархлаажуулах явцдаа датагаа цуглуулж байна. Үүний жишээ нь тун хоорондын зай 28 хоног байсныг 56 болгон зөвлөмжөө шинэчилсэн явдал юм. Энэ нь дархлаажуулалтын дараа судалгаагаа хийж байгаа юм. Ийм жишээ анагаах ухааны салбарт бараг байхгүй.
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АСАН, АНАГААХ УХААНЫ ДОКТОР Ж.АМАРСАНАА: ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ВАКЦИНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ДУТАГДАЛД ОРЛОО
 
-Вакцины хангамж аль ч улсад хүнд байна.Түрүүлж хүн амаа бүрэн вакцинжуулсан орон  халдвараас түрүүлж ангижирна гэсэн бодолтойгоор улсууд маш  их хичээж вакцины нөөцийг бүрдүүлэх гэж оролдож байна. Манай улс хүн ам цөөн учраас вакцинжуулалтыг богино хугацаанд зовлон багатайгаар шийдвэрлэх боломж өндөр. Харин олон сая хүн амтай оронд байдал хэцүү байна. Вакцины эрэлт маш их нэмэгдсэн ч нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалан зарим орон бусад улсад вакцин  хандивлах тэр байтугай зарахаа больж байна. ОХУ-аас орж ирэх вакцин хугацаандаа ирэхгүй байгаагийн цаана ямар шалтгаан байгааг бид мэдэхгүй. БНХАУ-ын вакцин мөн тодорхойгүй шалтгаанаар орж ирсэнгүй. Энэтхэг дотооддоо халдвар  огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад руу гаргах  нөөц байхгүй болсноо зарлалаа. Гол шалтгаан нь үйлдвэрлэл, хүний нөөц нь дутсан бус вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдүүд нь дутагдалд оржээ. Вакцины гол түүхий эдийг цөөн орон хангадаг. Тэдгээр орон нь түүхий эдээ гадагш гаргахыг түр хугацаагаар хязгаарласан, зогсоосон байгаа юм. 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top