|

Сайд З.Мэндсайхан Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

nomun 2021/07/22 401 0

 

Сайд З.Мэндсайхан Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин болон тус элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг дүгнэн ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд Монгол Франц хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар нь импортолж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж ажилласан.

Уулзалтын үеэр З.Мэндсайхан сайд Францын хүнсний тусламжийн сангийн хүрээнд олгодог бичил зээл нь хөдөө орон нутгийн малчин өрхүүдэд чухал түлхэц болж байдгийг цохон тэмдэглэлээ.

"Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх (STDF/PG/534)” төслийг Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт худалдаа хөгжлийн байгууллагын /сан/ санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэхэд чухал үүрэг гүйцэтгэн дэмжлэг үзүүлж ирсэн элчин сайдад талархлаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Монгол орны онцлог бүтээгдэхүүн болох чацарганыг газар зүйн заалтад бүртгүүлэх чиглэлээр хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахаар тохиролцлоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Филипп Мэрлин хоёр улс хоорондын дипломат харилцааны түвшинг ахиулах, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласныг үнэлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Монгол улсын Засгийн газрын шагнал "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top