|

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

zulaa 2021/07/26 159 0

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

 

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэгчдэд арга хэмжээ авах зорилгоор Батлан хамгаалах яамны сайдаар хуульч, Улсын ерөнхий прокурор Ж. Авхиа гуайг томилж байсан гэдэг. Гэвч нийгэм дэх сөрөг үзэгдлийг үзэл суртлын үүднээс хардаг, ард түмнээсээ нуун дарагдуулдаг зэрэг явдал нь асуудлыг улам бугшуулж өнөөдрийг хүргэжээ. Цэрэг арми дахь цэргийн дэг яргалал, архидан согтуурах, цэргийн өмч хөрөнгийг үрж шамшигдуулах,  цол зиндаагаараа дулдуйдаж дарамтлах зэрэг нь аль социализмын үеэс нууцхан оршсоор иржээ. Зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт хийж чадаагүйн дээр арга хэлбэр нь улам нарийн, шунахайн сэдэлтэй, харгис, хүнлэг бус болсон гэлтэй. Арми хилийн цэрэгт тал харсан сөрөг үзэгдэл өнөөг хүртэл нэвширтлээ ноёрхож, эгэл боргил амьдралтай энгийн ардын хүүхдүүдээр гарын чилээгээ гаргах нь хэрээс хэтэрлээ.

ИРТЭЙ ЗҮСТЭЙ, ЭРҮҮЛ САРУУЛЫГ НЬ СОРЧИЛЖ АВЧИХААД ЭРЭМДЭГ БОЛГОМООРГҮЙ БАЙНА

Сүүлийн үед тус салбарт гарч буй цочирдом хэргүүд нийгэмд ил болж ард түмний уур цухлыг маш их төрүүлж байна. Хамгийн ойрын жишээ дурдахад энэ оны гуравдугаар сарын 29-ны өдөр Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б-ийг зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний дараа Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж  байсан хоёр байлдагч харуулын дарга  Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байраа орхин оргосон явдал гарсан. Үүний өмнөхөн тус ангийн офицер өөрийгөө боомилж нас барсан. Гэтэл салбарын дарга, генерал Д.Ганзориг "Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэдэг хариулт өгсөн нь ард иргэдийн хатуухан шүүмжлэлтэй тулсан. Цэргийн алба гэдэг байж суухын аргагүй болтол тамлаж  нэг бол яргалж алдаг, нэг бол буу шийдэм болж, оргож  зугтаах дээрээ тулдаг газар болжээ. Хүмүүс хүүгээ цэрэгт явуулахаас айж байна. Цэрэг арми гэдэг бол Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй онцгой обьект. Энэ дагшин, догшин газарт хар ус балгах нь байтугай хазгай гишгэх ч эрхгүй. Зэвсэгт хүчнийхнээрээ бид бахархаж хэчнээн сайхан дуу, шүлгээ зориулсан билээ дээ. Гэтэл зангиатай архичин гэдэг шиг мөрдэстэй архичид байсан юм гэж үү хэмээн ард түмэн чинь эргэлзэж , жигшиж, зэвүүцэж эхэллээ. Иймэрхүү хэргүүд ар араасаа гарсаар Зэвсэгт хүчний чин халуун сэтгэлтэй нийт алба хаагчдын нэр төрийг уландаа гишгэж байгааг анхаарч болж бүтэхгүй байгаа бүхнээ засаж залруулах цаг болжээ.

Нэгэн хэргийг сөхөхөд хоёр жилийн өмнө  Сүхбаатар аймгийн харьяат Д.Энхээ гэдэг хүн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан. Сийрүүлбэл, тэрбээр 1981 онд Сүхбаатар аймгийн 152 дугаар цэргийн ангид хуваарилагджээ. Тог тасарсны улмаас түүнийг дуудаж тогтой болго хэмээн мал болтлоо согтсон хэдэн офицер буу тулган баахан зоджээ. Баруун чих нь бүрэн сонсголгүй болж, нэг гар нь хугарч, нэг гар нь саажилттай болж, цээжин хэсгийн хэлхээ яс бэртэнгэтэй сэхээн амьдруулах тасагт хэвтэж удаан хугацаанд эмчлүүлсэн аж. Энэ гэмтлийн улмаас насаараа эрэмдэг зэрэмдэг болж хүний гар харж амьдарч иржээ. Тэрбээр энэ тухайгаа 38 жилийн дараа ам нээсэн нь энэ. Тухайн үед дуугараагүйн учир нь хэлмэгдэгсдийн үр удам гээд шоронд ч орж мэдэхээр байлаа. Хэлмэгдлийн гайгаар өвөө, аав хоёроо буудуулсан бол энхийн цагт өөрөө цэргийн дэглэлтээр хөгжлийн бэрхшээлтэй болсон. Д.Энхээ ийм нийгэмд төрж өссөндөө гутарч явдгаа ч нуусангүй. Нэрт сэтгүүлч А.Даваасамбуу агсан 1980-аад онд үед "Дэглэгчдэд дэг хэрэгтэй” хэмээн бичиж байсан билээ. Цэргийн ангид дэглэлт одоо ч үргэлжилж, эрүүл саруул бүрэн бүтэн ирсэн аавын хөвгүүд эрэмдэг болж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх уу. Цэрэг татлагын өдөр баяр хөөр, дуу хуур болж,  аль  бие хаа нь жигдэрч жавхаажсан, иртэй бяртай, өнгөтэй зүстэйг нь шилж сорчилж аваад ачаад явдаг. Эх орноо хамгаалж, эр бяраа тэгшилж, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн албыг нэр төртэй хааж ирэхээр тэд догдлол тэмүүлэл дүүрнээр зорьдог. Гэвч байдал санаснаар байдаггүй бөгөөд дарамт, шахалт, тамлал зодууртай орчин угтдаг гэхэд хилсдэхгүй болжээ. Дарга нар анги бүрээр явж цэрэг нэг бүртэй уулзахгүй учраас чухам хөшигний цаана юу болдгийг мэдэхгүй. Олныг хиртхийлгэсэн мэдээ бүрийн дараа нүүрээ улалзуулан суудаг боллоо. Генерал цолыг нь хураа, тушаал бууруул гэж хийрхэх хүмүүс ч олон болж. ЗХЖШ-ын даргын үнэн байдлыг учирлаж хэлснээр үнэхээр л цэрэгт ирсэн хүүхдүүд хүний үг даахгүй, хүмүүжилгүй, зөрүүд бух шиг аашилж байгаа нь үнэн бол эцэг, эхчүүд бид үүн дээрээ анхааръя. Гэхдээ 18 жил хажуудаа өсгөсөн үрээ ямар ааш зантай, ямархуу хантай вэ гэдгийг ч мэдэлгүй л яах вэ.

СУМ ДУТААСНААС БОЛЖ ХАРУУЛЫН ДАРГАА ХӨНӨӨВ ҮҮ

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр байлдагч гурав хоногийн дараа баригдсан. Тэдний байгаа газар эцэг, эхийг нь авчирч бууг нь хаяулж байж барьж авсан. Оргосон хоёр цэргийн нэг байлдагч Х-ийн аав О "Миний хүү хамгийн сүүлд 16.00 цагийн орчимд ээж рүүгээ залгаад "Ээж ээ хүү нь хавьд ярьж чадахгүй байх шүү. Сүүлийн удаа ярьж байна" гэж битүүхэн үг хэлчихээд "За дарга ирж байна" гэж хэлээд л утсаа салгачихсан байна лээ. Ээж нь гайхаад буцаагаад залгасан чинь утсаа аваагүй гэсэн. Хүү минь цэрэгт байхдаа мөнгө нэхээд, янз янзын дансаар их л мөнгө авдаг байсан. Юунд хэрэглэх гэж байгаа юм гэхээр хэлдэггүй. Миний хүү тамирчин болохоор бэлтгэж байсан болохоор тамхи ч татдаггүй. Тэгэхээр мөнгө төгрөг нэг их хэрэг болохгүй гэдгийг нь мэддэг байсан ч яах аргагүй шилжүүлдэг байсан. Алба нь ямар байна гэхээр гайгүй байна. Олон аавын хүүхэдтэй болж л байна гэдэг. Угаасаа өөрөө цэргийн албанд дурлаад анхны татлагаар алба хаачихаад ирье гээд явсан” хэмээн уйлсан юм. Байлдагч Х нь айлын том хүү бөгөөд нутаг усандаа нэртэй, хүнд тусархуу, их цайлган хүүхэд гэдгийг ч аав нь хэлж байв. Тэгвэл ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав "Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсаж байна. Амиа алдсан харуулын дарга 34 настай Г нь цэргүүдтэй найрсаг харилцдаг шилдэг алба хаагч байсан” гэсэн юм.

Дээрх хэрэг дээр мөн л хүмүүжлийн талаар хөндөгдөж байгаа биз. Цэргийн талынхан алба хаагчдаа өмөөрнө, эцэг, эхчүүд хүүхдээ өмөөрнө. Тэгээд хэнийх нь буруу болж таарав. Амь хохирсон, тахир дутуу болсон л хүний хохь болж дуусна. Хоёр алба хаагч тухайн өдөр харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж сумаа дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн тул харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг үйлдсэн  байж болзошгүй байна гэж эх сурвалж мэдээлсэн. Сумны үнэтэй амь гэж байх уу. Хэчнээн гэнэн хонгор, балчир жаахан байлаа ч тийм шалтгаанаар хүний амь нас хорооно гэдэг эрүүл бус сэтгэлгээ. Тэдний сэтгэц хэвийн биш болж таарав уу.

Тэгвэл хүүгийн аавын хэлснээр хүү нь гэрээсээ яах гэж байн байн мөнгө нэхдэг болж таарав аа. Дарга нар нь архидан согтуурч, мөнгө татаас нэхдэг байж болзошгүй. Дарамтлуулж дээрэлхүүлэхгүйн тулд ар гэр рүүгээ утасдаж хэдэн төгрөг данс руу нь шилжүүлдэг байх магадлалтай. Хаалттай хөшигний цаана болж буй олон хэргийг дахин гаргахгүйн тулд дүрэм журмаа чангатгаж, хариуцлагын тогтолцоогоо өндөрсгөж, хяналт шалгалтаа сайжруулмаар байна. Мөн цэргийн ангийн өнцөг булан бүрд хяналтын камер байрлуулж шууд хянах удирдлагаар хангаж, хяналтыг бүрэн авах хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

top