|

ЭМ-ийн Сайд С.Энхболд та Монголын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндээр мөнгө хийж тоглосоор байх уу?

zulaa 2022/08/02 0

Бага насны 2 хүүхэдтэй миний хувьд Эх нялхсын эмнэлэг гэдэг бол ерөөсөө л бурхны өргөө шиг аврал нигүүлслийн хаалга болж харагддаг газар юм. Ханиаж халуурахаас өгсүүлээд хүүхдүүд маань сандаргаж тэвдүүлэх үе байнга шахуу л гарна. Түргэний эмч ирж үзээд Хүүхдийн эмчид үзүүлэхийг зөвлөөд явах тул харанхуй шөнөөр ч бай Гандан Тэгчлэн хийдийн баруухан хойно байх ЭХЭМҮТ рүүгээ л давхина даа. Өөр очих газар байх биш. Ер нь ч хүүхдүүд голчлон шөнө орой л сандаргадаг нь бараг байгалийн хууль юм биз. Юутай ч тийшээ яваад очсон байхад ямар ч байсан хүүхдээ сэпхийлгээд л авдаг юм. Өдөр шөнө, өглөө орой хэзээ ч хүүхдээ тэвэрсэн хүмүүсээр пиг дүүрэн байдаг тэр газар луу сүүлийн 4 жил гаруйн турш олон удаа очжээ. Хэд хоногийн өмнө бас л охиноо тэврээд очлоо. Очсоор байгаад бүр танил болчихсон сайн эмч нар ганц нэг бий. Энэ удаа ч бас тэр эмч нар маань байгаасай гэж залбирсаар очиход харамсалтай аль нь ч байсангүй. Жижүүр сувилагчаас нь асуутал энд ажиллахаа болиод өөр газар очсон гэнэ. Хаана очсоныг лавлавал “Сайн мэдэхгүй байна”... гэж хариулав.
Харамсалтай л байлаа. Тийм сайн эмч нар, ийм хэрэгтэй газраа байлгүй өөр тийшээ явж байдаг нь яаж байгаа юм бол гэж харамсаж бодохоор л бүр толгой сэгсэрмээр. Эелдэг даруухан, мэдлэг сайтай хүүхдийн эмч нар олон олон ээж аавуудыг гонсойлгосоор өөр газар луу шилжээд явчихаж. Энд ажилладаг бас нэг танил эмч залуу маань өөр газар шилжээд явчихсан тухай хэдхэн хоногийн өмнө ч бас сонсож л байсан. Хэвлэл мэдээллээр гараад байгаа мэдээнүүдийг харахад энэ мэт дүрвэлтүүд нь шинээр томилогдсон даргатай нь холбоотой байж мэдэх л санагдлаа. Ингээд хүүхдээ үзүүлж оношлуулж, эм тариаг нь бичүүлж аваад харьж явахдаа энэ тухай нэг сөхөж үзэхээр шийдлээ.
Интернет орчныг дөнгөж сөхөөд харахад л ЭМ-ийн Сайд С.Энхболдын тухай базаахгүй мэдээнүүд таарч байна. Үүнээс гадна хэд хоногийн өмнө бас миний бие ЭХЭМҮТ-д хэвтсэн жирэмсэн найздаа эргэлт оруулах гээд хүлээж байхдаа нэг сонин юм харсан юм. Тэр нь Эх Нялхсын эмнэлгийн зүүн урдхан хэсэгт байх нэг хашаан дээрхи самбар бөгөөд тэрхүү самбар дээр “ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТӨВ” хэмээн бичсэн байх юм. Ийм учраас “Хавдрын эрт илрүүлгийн төв” хэмээх байгууллагын асуудал болоод сүүлийн 2 жилийн дотор ЭХЭМҮТ-д ЭМЯ болоод МУ-ын ЗГ-аас хийсэн хөрөнгө оруулалтуудыг сонирхож үзвэл 2021 оны 6-р сард Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр ирж ЭХЭМҮТ-ийн тасаг нэгжүүдийн бүрэн засварын ажлыг 2022 онд хийж гүйцэтгэх, мөн тус төвийн Поликлиникийн өргөтгөл, Эрүүл мэндийг дэмжих Төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулах асуудлыг шийдвэрлээд, холбогдох тооцоо судалгааг хийж зураг төсвийг батлуулан 2022 оны төсөвт суулгахыг ЭМ-н Сайд С.Энхболд, тухайн үеийн ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр нарт даалгаад явсан байдаг юм байна.
Ингэж л тус төвийн “Ажилчдын цайны газар, Төрөх тасгийг засварлах, Үргүйдэл нөхөн Үржихүйн Төв”-ийн бүтээн байгуулалт зэрэг ажлуудыг төлөвлөсөн ёсоор эхлүүлэхээр болжээ. Харин МУ-ын Ерөнхий Сайд өөрийн биеэр ирж шийдвэрлэсэн тэр асуудлууд дотор “Хавдрын эрт илрүүлгийн Төв” гэдэг нэгжийн тухай нэг ч үг үсэг байсангүй. Угаасаа ч ЭХЭМҮТ гэдэг бол Хавдартай хүмүүсийг илрүүлж эмчилдэг газар биш байх тул юу гэж л ийм газар, тийм асуудал ярьж явах вэ дээ? Тийм асуудлыг ХСҮТ-тэй л ярилцах асуудал юм. Бүр нарийн яривал УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хөөцөлдөх асуудал байлтай.
Гэвч яагаад ч юм тэрхүү “Хавдрын эрт илрүүлгийн Төв”-ийн барилгын ажил нь ЭХЭМҮТ-ийн хашаан дотор баригдаад эхэлсэн байх юм. Хамгийн гайхалтай нь захиалагч байгууллага нь ЭХЭМҮТ биш, Хавдар Судлалын Үндэсний Төв ч бас биш, ЭМЯ бол бүр ч биш... харин “Хангарьд Хөгжлийн Төв Холбоо” НҮТТБ, “Peace Development Foundation Of Chinaхэмээн дурайж байх ажээ.

Яахаараа Хорт хавдар илрүүлэх төвийн барилгыг ХСҮТ биш, ЭМЯ биш, хаа хамаагүй НҮТББ,Хятадын Энх тайвныг хөгжүүлэх сан-гаас захиалдаг билээ гэж хэн боловч гайхах ёстой бус уу? Үүнээс гадна Хавдар Судлалын төв нь УБ хотын зүүн хэсэг БаянЗүрх Дүүрэгт оршдог атал хаа байсан Баянгол дүүрэг, тэр тусмаа ЭХЭМҮТ-ийн эзэмшлийн газраас хумслан бариулж байгаа нь ямар учиртай вэ? Ингээд харахаар ерөөсөө энэ байгууллагад ямар ч учир алга. Захиалагч тал, газар олголт талаас нь харсан ч газрын наймаа, луйвар хулгай нэвт шувт үнэртэж байх ажээ. Үүнийг хараад төрсөн эргэлзээн дээр “Эмч нар нь дүрвэж яваад байгаа асуудал” нэмэгдэх тул өөрийн эрхгүй хардлага төрөх сэдэв мөнөөсөө мөн. Зөвхөн энэ самбарыг харахад л Хавдрын эрт илрүүлгийн төв яахаараа ЭХЭМҮТ-ийн эзэмшлийн газар дээр баригдах ёстой билээ? За мөн өвчин эмгэгийг илрүүлэх ёстой Эрүүл Мэндийн байгууллагын үүрэгт ажлыг хаа хамаагүй ТББ, тэр дундаа Хятадууд захиалж хийлгэдэг нь ямар учиртай билээ гэх асуудал ч зүй ёсоор гарах л ёстой. Учир иймээс “Хангарьд Хөгжлийн Төв Холбоо” гэдэг ТББ-ын талаар мэдээлэл цуглуулахыг зорилоо. OpenData.mn сайт руу орж харвал Ганбаатарын Дамдин хэмээх УЗ-ийн даргатай Гансүхийн Анар, Ганхуягийн Мөнхбат нарын хамтарсан ашгийн бус энэ ТББ нь 2019 оны 10-р сард байгуулагдсан байх аж. Үйл ажиллагааны чиглэл нь нийгмийг эрүүлжүүлэх хөдөлгөөнд нэгдэн, ялгаварлан гадуурхах үзлийг арилган, хариуцлагатай нийгмийг бий болгож, хувь хүнд боловсрол олгоход нь тусалж сургалт семинар зохион байгуулах эрхтэй Нийтэд Үйлчлэх ТББ аж.
Тэгэхээр Ганбаатарын Дамдин хэмээх хүнтэй л энэ асуудал холбогдох нь ойлгомжтой болж байна. Тийм учраас эхлээд үүнийг сурвалжлан олж тогтоосны дараа эргэн мэдээлэх хэрэгтэй боллоо.
Бас нэг ноцтой асуудал байгаа юм. Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн эзэмшлийн газарт баригдах гэж байгаа “Хавдрын Эрт илрүүлгийн Төв”-ийн барилгын газрыг Нийслэлийн Захирагч Д.Сумьяабазар 2022 оны 2-р сард БаянЗүрх Дүүрэгт чөлөөлж ХСҮТ-д шилжүүлж өгөх захирамжийг гаргасан байх юм.
“Үүний тулд хувийн өмчлөлд байсан 58 гражийг нураан буулгаж 2419 м2 газрыг чөлөөлснөөр ХСҮТ энэ төсөлдөө чөлөөлсөн нийт 40,4 м2 газартай болсон бөгөөд үүн дээр Хавдрын Эрт илрүүлгийн нэгдсэн Төвийн барилга баригдах юм” гэж тус эмнэлгийн Бодлого төлөвлөлт, хөгжлийн захирал Л.Баярсайхан мэдэгдэж байжээ.

Харин тэгтэл тэр барилга нь ХСҮТ-ийнхөө хашаанд өнөөдрийг хүртэл баригдаагүй хоосон байх хирнээ тэндээ биш ЭХЭМҮТ-ийн өмчлөлийн хашаанд баригдаад эхэлсэн байгаа нь газрын наймаа л гэж харагдахаас биш өөр юу гэж харагдах вэ?
ЭХЭМҮТ гэдэг байгууллага бол Монгол улсын 21 аймаг 9 дүүргээсхүнд хүндэрсэн, анхаарал татсан өвчтөнүүдийг амь насаа авруулахаар ирдэг цор ганц газар юм байна. Гэтэл төрж буй хүүхэд, төрүүлж буй эхийн амь настай ноцолдож байх ёстой газарт Хортой хавдрын ямар нэг эмнэлэг, тэр тусмаа урьдчилж, сэргийлж илрүүлээд хаа байсан БаянЗүрх Дүүрэг дэх “Хавдар Судлалын үндэсний Төв” рүү явуулдаг тийм өөр чиг үүрэгтэй, тусдаа эмчилгээтэй, тусдаа санхүүтэй эмнэлгийн бүтцийг барьж босгож, машин нь багтахгүй, газар нь хүрэлцэхгүй байгаа энэ байгууллагын хашаанд чихцэлдэж байх нь хэнд, ямар хэрэгтэй гэж...

Эндээс харвал ЭХЭМҮТ-ийн шинэ захирал, хатагтай Ш.Алтантуяа эмнэлгийн эзэмшлийн газрыг зарж үрсэн байх магадлалтай байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг сэтгүүлч миний бие биш АТГ шийдэх ёстой болж таарч байна. Ер нь ч таньж мэддэг эмч нараас асууж сурснаар бол хатагтай Ш.Алтантуяа нь даргаар томилогдсон цагаасаа эмчилгээ үйлчилгээ, боловсон хүчний асуудлыг ор тас хаяж, зөвхөн мөнгө угаах ажилд л хамаг цаг зав, хүн хүчээ хаядаг болсноор ажилчдын дунд таагүй уур амьсгал үүсэж, ажлын байраа орхин өөр газар шилжин явах үзэгдэл гарах болсон байгааг уулзсан учирсан хүн бүр батлан өгүүлж байна.
Ер нь ч Ш.Алтантуяаг 2021 оны 7 сарын 9-ний өдөр улс амьтан Наадмын уур амьсгал орчихсон байх үед хулгайгаар шахуу тушаал гаргаж, ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилохдоо ЭМЯ-ын ТНБД Ц.Эрдэмбилэгээр тушаал уншуулан ажилд нь оруулсан байх ба тэгж тушаал уншсан Ц.Эрдэмбилэгийн эхнэр нь ч бас тушаал дэвшиж ЭХЭМҮТ-ийн бас нэг Тасгийн эрхлэгчээр томилогдсон байдаг ажээ. Эдгээр хүмүүс ЭМ-ийн сайд С.Энхболдын найзууд гэх ба ингэж томилогдохдоо 2 тэрбумын төгрөгөөр албан тушаалаа худалдаж авсан гэх мэдээллүүд цахим ертөнцөөр нийтлэгдсэн байгаа нь чухам л энэ 2 тэрбум төгрөг төлсөн шархаа нөхөхийн тулд засвар үйлчилгээ, тендрийн ажлуудтай зууралдаж боловсон хүчин, мэдлэг чадвартай эмч нарын асуудлаа ор тас хаяснаар хамаг ажилчдаа алдаж дуусч байгаа тухай толгойтой бүр л ярьж байна. Яг өнөөдрийн байдлаар Ш.Алтантуяаг томилсноос хойш ЭХЭМҮТ мэдлэг чадвар, ажлын туршлагатай хүүхдийн эмнэлгийн 120 гаруй хүн ажлаасаа гарсан, мөн тус төвөөс сүүлийн ганцхан сард гэхэд л 60 хүн ажлаа орхисон байгаа юм байна.
Үүний цаана “Ажлаас гарвал гараарай, цаана чинь ажиллах хүмүүс очерлоод зогсож байгаа шүү” хэмээн загнаж дарамталдаг хүний нөөцийн албаны дарга байдаг ба түүнийг Цэцэгмаа гэдэг гэнэ. Энэ айхтар дарамттай хүн бол Ш.Алтантуяагийн нөхрийн хамаатан гэсэн мэдээ ч бас байгаа юм.Ер нь бол яаж ч бодоод үзэхэд эмч хүн гэдэг бол “Машин угаадаг хүүхүүд биш” учраас дургүйгээ хүргэсэн хүн бүрийг халж хөөж явуулаад байвал ийм нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байх ёстой газар хир удаан тэсэх вэ? Нарийвчлан асууж ярилцаад ирэхээр ЭХЭМҮТ нь өнөөдрийн байдлаар хүүхдийн эмч, нарийн мэргэжлийн сувилагч, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сувилагчийн хомсдолд орж, хүний нөөцийн бодлогоо аль хэдийнээ алдсан хэмээн ярьж байна. Энэ нь мэдээж Шинэхэн захирал Ш.Алтантуяагийн балаг л байж таарна.Энэ нь ийм том газрын захирлын суудлыг мөнгөөр худалдаж авсны гай бөгөөд энэ явдал нь Монгол Улсын ирээдүй болсон Эх Хүүхдийн эмнэлгийг нураан сүйтгэж байгаа үйлдэл ч болж таарч байгаа юм.
Захирал Ш.Алтантуяа томилогдсоноосоо хойш боловсон хүчний бодлогыг сүйтгээд зогсохгүй өнөөдрийг хүртэл санхүүжилт нь олгогдчихоод байгаа ажлуудыг ч бас гацааж хугацааг нь хойшлуулсаар иржээ. Олж мэдсэнээр бол зөвхөн ЭХЭМҮТ-ийн ажилчдын цайны газрыг гэхэд л 2021 оны 10-р сараас эхлүүлсэн ч өнөөдрийгхүртэл дуусгаж хүлээлгэж өгөөгүй байгааг чухам юу гэж ойлгох вэ? Засвар гэдэг бол үндсэндээ ганц хоёр сар, за үсрээд хагас жилийн дотор хийгээд өнгөрөх байтал бүтэн 10 сар гаруй хугацаанд ноцолдоод дийлэхгүй байна гэдэг нь үндсэндээ энэ хүнд ажил хийх мэдлэг чадвар, хүсэл сонирхол байхгүйг харуулж байна. Энэ нь ч бас учиртай юм байна. Ш.Алтантуяаг томилсноос хойш Ажилчдын цайны газар, төрөх Тасгийн засвар, Хавдрын Эрт илрүүлгийн төв, Үргүйдэл нөхөн Үржихүйн төв гэсэн хэд хэдэн тендер зарлагдсан хэдий ч энэ бүх тендерт ганц л компани шалгарсан бөгөөд энэ компани нь ЭМ-ийн сайд С.Энхболдын зөвлөх М.Батбаярын хувийн компани ажээ. Сайдын зөвлөхийн ганцхан компанийг ийм олон ажил руу зэрэг зэрэг зүтгүүлсний гайг бүх эмнэлгээрээ, бүх л Ард Түмнээрээ үүрч байгаа нь тэр. Тэгэхээр энд ерөөсөө л “Тендрийн болоод газрын мафи” л ажиллаж байгаа хэрэг юм байна. Хэлхээ холбоог нь судалбал дээрх 4 тендерийн шалгаруулалтыг ЭМЯ-наас зарлахдаа ЭМ-ийн Сайдын зөвлөх Магсаржавын Батбаярын “Хатанбаатар ХХК”-ийг тухайлан сонгон шалгаруулсан байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол чухам л энэ бөгөөд эрхэм Сайд бугай зөвлөхийнхөө ганц компанийг 4 тендерт ялуулчихаад хувь хүртэж суугаа гэдэг нь ойлгож ядах юм алга байна.

Түүнчлэн “Төрөх өрөөний засварын ажлыг 6-р сарын 1 буюу Хүүхдийн баяраар дуусгаад Ерөнхий Сайдыг авчирч үзүүлэн хүлээлгэж өгнөө” гэсэн атал өнөөдөр дөнгөж 40%-тай байгаа гэх мэтээр Сайд С.Энхболд болоод түүний мафийн үйл ажиллагаа иймэрхүү л байгаа аж.
Эндээс харвал ганц ЭХЭМҮТ дээр ийм том том луйвар хулгай, үйл ажиллагааны сүйрэл явагдаж байгаа юм чинь Яамны хэмжээнд хэд хичнээн танилдаа энэ мэт тендер өгч, хэд хичнээн ажлыг энэ мэтээр унагааж улс орон, Ард түмний эрүүл мэндийг сүйтгэж байгааг тооцоолоход ч бэрх юм. Лавтай ЭХЭМҮТ дээр болоод буй боловсон хүчний дүрвэлт, тендрийн ажлын гацалт нуралт энэ бүх зүйл ЭМ-ийн Сайд С.Энхболд, түүний зөвлөх Магсаржавын Батбаяр, ЭХЭМҮТ-ийн 2 тэрбумын үнэ бүхий захирал Ш.Алтантуяа нарын гурвалтай хамааралтай болж байна.
Сайд С.Энхболдын зөвлөх нь 4 тендрийн эзэн М.Батбаяр, С.Энхболдын эхнэр Цолмон нь ЭХЭМҮТ-ийн захирлаар томилогдоод буй Ш.Алтантуяагийн дотны найз учраас энэ гурвалжин холбоос МУ-ын ирээдүй болсон ЭХЭМҮТ-ийг хамтдаа бусниулан сүйтгэж Монголын Эх Үрсийн эрүүл мэндээр мөнгө хийн тоглож байгаа юм байна.
Дээрээ Сайдтай, дэргэдээ Сайдын эхнэртэй, хармаандаа “Хатанбаатар компани”-тай Ш.Алтантуяа захирлын 2 тэрбум төгрөг төлсний шархыг Монголын мянга мянган эх үрс, эрүүл мэндээрээ төлж байгаа учраас л өнөөдөр энэ нийтлэлийг бичихэд хүрлээ. Бүтэн 7 хоног уйгагүй эрэн сурвалжилсны эцэст, энэ бүхнийг дуулж сонсгон АТГ-ын сонорт хүргэж байна.
Миний хүүхэд эрүүл саруул, энх тунх явах ёстой тул Эрхэм Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ таны томилсон сайд тань Монгол Үндэстний ирээдүйгээр ингэж л тоглож байгаа гэдгийг баримт сэлтийн хамт таны сонорт дуулгаж мэлмийд тань хүргэж байна.
Монголын Эрүүл Мэндийн салбар иргэдийнхээ эрүүл мэндээр мөнгө хийгээд удсан. Коронаг далимдуулж мянга мянган хүний үхлээр тэрбум тэрбум төгрөг босгож байсан явдал чинь мартагдаж амжаагүй байхад ядарсан Монголын зовсон иргэдийн эх хүүхдийн амь нас, эрүүл мэндээр ингэж тоглож байх нь арай л хэтэрхий дэндсэн харгис хэрцгий хэрэг бус уу? Энэ мэт мөнгөнд дөрлүүлсэн Сайдыгаа огцруулж эс чадваас өөрөө л та огцрох асуудалдаа бүдрэх болох байх шүү.
Одоо зогсоох цаг нь болсон. Цааш цаашдаа ч Эрүүл мэндийн салбарын энэ мэт бульхайтай ажлуудыг цэгцлэхгүй бол хойшдын чинь ажилд хавх болж, сандал суудал тань холбирох аюул энүүхэнд байгааг анхаарна уу?
Монголын үрс маш олон болтугай.
М. Чулуунцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top