|

“Талархал”

zulaa 2024/09/28 0

Өдөр бүр юунд ч юм хөөгдөж, яарч, байхгүйдээ шаналж, байгаад нь атаархах хөөрхий бидний амьдрал. Язгуураасаа холдох тусам өөрсдийгөө хайн тийчлэх мэт хурдтай, бас тэмцэлтэй өдрүүдийн дунд гоё сайхан зүйлсийг таашаах ч завгүй өнгөрөөд байх шиг…
Гэвч амьдрал тохиол учрал, сайхан бүхнээр дүүрэн. Сайн муу сүлэлдэн дүүрэх сав шим ертөнцийн тойрогт өөртөө буй бүхэндээ талархан, итгэл дүүрэн хүлээн авбал сайхан бүхэн чамайг тойрон хүрээлнэ гэдгийг зураач Л.Баярцэцэг үзэсгэлэнгээрээ дамжуулан хэлэхийг хүсчээ.
Тэрээр “Талархал” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ ХААН галерейд олон нийтэд толилуулаад буй. Харин яагаад талархал хэмээн нэрлэх болсноо “Гурван жилийн өмнөөс “Өглөөний гайхамшиг” гэсэн группт нэгдсэн юм. Тэнд орсны дараагаас амьдралдаа хийж үзээгүй байсан гайхалтай зүйлстэй учирч, эрүүл зөв хооллохоос эхлээд хэл сурах, дасгал хөдөлгөөн, иог хийх зэргээр маш сайхан дадал сууж эхэлсэн. Тэр бүхнээс хамгийн шинэлэг бөгөөд онцгой нэг зүйл нь талархал илэрхийлэх байсан. Эргэн тойрны хүмүүсээсээ гадна өөрийнхөө одоо байгаа бүхэнд сэтгэл хангалуун байж, хийж бүтээсэн бүхэндээ талархаж сурсан. Ингэснээр тайвшрал, амар амгаланг олж, амьдралыг илүү гэгээлгээр харах болсон. Талархах тусам сайн сайхан зүйл биелээд байх шиг санагддаг. 2024 оны зорилгын дэвтрийнхээ хамгийн эхэнд бичсэн мөрөөдөл биелсэнд баяртай байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мөн тэрбээр “Үзэсгэлэн гаргах гэж байгаа гэхээр өөрийгөө яаж шинээр харуулах уу, ямар шинэ бүтээл туурвих вэ гэж их бодсон. Гэвч намайг илэрхийлэх, хамгийн сайн чаддаг тэр зүйлийг толилуулах нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон” гэжээ. Энд дурдагдаж буй, түүнийг хамгийн сайн илэрхийлэх мөн хамгийн сайн чадах зүйл нь мэдээж хөрөг зураг.
Түүний үзэсгэлэнд монгол эмэгтэй хүний эгэл бөгөөд онцгой дүр төрх, гэгээн цайлган гэрэлтсэн харцтай хүүхдүүд, түүхэн хүмүүсийн хөрөг бүтээлүүд багтжээ. Хөрөг бүрийн харц өөрийн туулсан амьдрал, жаргал гунигаа бэлхнээ харуулах, ид шидийн гэмээр хүчтэй зурагджээ.
Хүн бүрээс хамгийн талархам онцлог зүйлийг нь харж, донж маягийг тааруулж чадах зураачийн бийрээр л энэ бүхэн сая нэг биеллээ олсон нь лавтай.
“Талархал” үзэсгэлэнгийн өөр нэг онцлог бол хөрөг зургаас гадна монгол морьдыг дүрсэлсэн бүтээлүүд юм. Энэхүү бүтээлүүд биднийг яг л гүүн зэлд буй мэт мэдрэмж төрүүлэхүйц дүрслэгдсэн нь эрхгүй зураачийн сэтгэл зүтгэл, ур чадварын илэрхийлэл болжээ.
Л.Баярцэцэг реалист чиглэлээр уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй цөөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд анхны үзэсгэлэнгээ 2024 оны 9-р сарын 30-ны өдрийг дуустал ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд дэлгээд буй. Дүрслэх урлаг шимтэн сонирхогч та бүхэн тус үзэсгэлэнг үзэхийг хүсвэл ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болж байна.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top