Эко хороолол элгээрээ хэвтэж байна
Аймгийн АН-ын удирдлагын нүүр царайг Эрдэнэтэд илтгэх бодит дүр зураг
болох "Баян-Өндөр эко хороолол” гэсэн гоё нэртэй хэзээ ашиглалтад орох
нь мэдэгдэхгүй сарайж сэрийсэн байшингууд амь тавих гэж байгаа өвчтөн
шиг ёолж ёворсоор гурван жилийг үдлээ. 2012 оны УИХ-ын сонгуульд
оролцсон АН-ын мөрийн хөтөлбөрт "Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү”
гэсэн нэгэн уриа байсан. Өнөөдөр Эрдэнэтийн сонгогчдын хувьд АН-ын дээрх
урианд мад тавиулжээ гэхэд болохоор. Орхон аймагт бий болох Монголд
хаана ч байхгүй жишиг хороолол болох "Эко хороолол” өнөөдөр гурав дахь
жилийнхээ нүүртэй золгож байгаа ч 20 гаруйхан айл байртай болсноос өөр
олигтой өнгө харагдсангүй. 2014 оны тавдугаар сард Ерөнхий сайд асан
Н.Алтанхуяг ирж "Эко хороолол”-ын шавыг тавих үеэр төслийн гүйцэтгэгч
"Монгол дайван” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Саруулсайхан "Эрдэнэтийн иргэд
бусдаас хамгийн түрүүнд эко хороололтой болно.
Манай компани эхний ээлжинд нэг жилийн дотор 50 айлыг орон байртай
болгоно. Энэ хороолол Монгол улсын хэмжээнд жишиг хороолол болно. Үүгээр
Эрдэнэтчүүд бахархана” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн.
Гэтэл гурван жилийн дараа Эко хороолол ч үгүй ядаж жишчих хотхон ч үгүй
үүнээсээ болоод Эрдэнэтийнхэн харин ч бусдаас ичиж байгааг дээрх дарга
мэдэж байгаа болов уу.
Яг өнөөдрийн байдлаар бодит байдал дээр 20 гаруй байшингийн зүүн хойд
талд 50 тооны канад хаус баригдаж байгаа нэртэй. Мөн л өнгөрсөн жилийн
зун эхэлж арваннэгдүгээр сарын дундуур ашиглалтад оруулна, нэг байр нь
80 метр кв, үнэ нь нэг сая төгрөг байна хэмээн төслийн гүйцэтгэгчид ам
алдаж байлаа. 2015 оны наймдугаар сарын 19-ний байдлаар канад хаус
ашиглалтад орлоо гэж сураг дуулдсангүй. Бид бодит байдалтай газар дээр
нь очиж танилцан компанийнхантай уулзах гэсэн боловч хамгаалалтын
ажилтан "Манай дарга нар байхгүй, гадны хүн нэвтрүүлэх боломжгүй” гээд
халгаасангүй. Энэ оны хавар эко хорооллын эхний хэсэг болон ашиглалтад
орсон 20 гаруй байрны оршин суугчид тавгүйхэн өвөлжсөн учраас төслийн
гүйцэтгэгчид болон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхтэй уулзах хүсэлт
тавьсан байдаг. В.Сумъяасүх дарга "Хувийн компанийн ажлыг би мэдэхгүй”
гээд иргэдийг хүлээж аваагүй тухай дуулдаж байсан. 2015 оны зургаадугаар
сарын эцсээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Эко хорооллын ажлын явцтай
танилцах зорилгоор газар дээр нь очихоор болтол "Монгол дайван”
компанийн удирдлага олдохгүй байна, Эрдэнэтэд байхгүй гэсэн шалтгаанаар
хойшилж билээ. Аймгийн ИТХ-аас бодит байдалтай танилцах албан бичгээ
гурван сарын өмнө ч гэлүү "Монгол дайван” компанид хүргүүлсэн боловч
байгууллагын удирдлага нь дээрх хугацаанд манай дарга нарт олдоогүй аж.
Дарга нар нь олдохгүй Эрдэнэтэд байхгүй болохоор барилгын ажил яаж
хийгдэхэв. Эко хорооллын өмнүүр улсын чанартай хот хоорондын хар зам
өнгөрдөг. Энэ замаар явсан гадна дотны олон иргэд Эко ногоон балгасыг
хараад Эрдэнэтчүүдийн эргүү тэнэгийг лав гайхаж байгаа. "Адаглаад л энэ
балгас хэзээ ашиглалтад орох юм бол доо зайлуул” гэж бодно.
Метр квадратын үнэ өссөн гэв үү
Хамгийн сүүлд ам дамжсан мэдээллээс харвал "Монгол дайван” компанийнхан "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулсан сураг байна. Үйлдвэрийн удирдлага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Эко хорооллоос 120 байр авах гэрээ хийж бараг л мөнгийг нь "Монгол дайван”-д шилжүүлсэн бололтой. Үүнд үйлдвэрийн удирдлагын ажил учраас буруутгах зүйлгүй. Харин "Монгол дайван”-гийнхан энэ оны арваннэгдүгээр сарын 30 гэхэд өнөөх 120 байшингаа хүлээлгэх өгөх үүрэг хүлээжээ. Бичигч миний хувьд хоёр байгууллагын хооронд хийсэн гэрээг үзэж харсан биш албан бус эх сурвалжаас харвал "Монгол дайван” ХХК-ийн удирдлага нэг метр квадрат нь нэг сая төгрөгийн үнэтэй гээд байсан байраа арай илүү үнээр "Эрдэнэт үйлдвэрт” шахсан байж магадгүй. Үүнд, аймгийн АН-ын удирдлага оролцсон байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ ингэсэн тохиолдолд өнөөх 2012 оны сонгуулийн алдарт уриа болох "Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү” гэдэг нь сонгогчдын хувьд шилний цаанаас чихэр долоолгосонтой ижил болж байх шиг. Нөгөө талаас нь харвал аймгийн АН-ын тухайн үеийн удирдлагууд Орхон аймгийн 60 гаруй мянган сонгогчдын өмнө амласан "Зорилтод бүлэгт чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийнэ. Эко хороолол байгуулна” гэсэн амлалт нь ердөө л цаас болон үлдлээ гэдгийг харууллаа.
Хариуцлагыг нь би хүлээнэ
Ямар ч байсан "Баян-Өндөр эко хороолол” төсөл бол нөгөө талаасаа
хариуцах эзэнтэй хариуцлага хүлээх албан тушаалтантай гэдгийг уншигчдад
хүргэе. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Чулуунбат 2013 оны
дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн манай сонины 09 дугаарт өгсөн
"Д.Чулуунбат: Эко хорооллыг ямар хугацаанд бүтээн босгох вэ гэдгийг бид
харуулна” гэсэн гарчигтай ярилцлага байна. Үүнд төлөөлөгч Д.Чулуунбат
"Эко хорооллыг байгуулахад би төрөөс цалин мөнгө авахгүй. Эко хорооллыг
санаачлагчийн хувьд энэ ажил хэрэгжихгүй бол хариуцлагыг нь би хүлээнэ”
хэмээн ярьсанаас харвал аймгийн захиргаа иргэдийнхээ эрх ашгийн үүднээс
асуудалд хандвал болох ч юм шиг. Харин энэ гурван жилийн хугацаанд
тэргүүлэгч Д.Чулуунбат Дэнжийн долдугаар сургуулийн залгаа цэргийн
казарм байсан байрыг засварлаад "Эрдэнэт үйлдвэр”-т шахсан гэгддэг.
Ажлыг хийе гэвэл гурван жилийн дотор юуг ч бүтээж болдог. Энэ мэтээр
хийхгүй гэвэл Эко хороолол шиг болгож чаддаг юм гэдгийг аймгийн АН-ын
удирдлагууд биеэрээ үлгэрлээд үзүүлээд байх шиг.
Ямарваа зүйлд тэсвэрийн хязгаар, тэвчээрийн эцэс гэж байдаг. Эрдэнэтийн
олон мянган сонгогч аймгийн АН-д итгэсэн шигээ тэвчсэн.
"Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?” гэсэн АН-ын 2012 оны
сонгуулийн урианы утга ч тайлагдлаа. Эрдэнэтийн иргэдийн нүдэн дээр Эко
хороолол элгээрээ хэвтэж байна. УИХ-ын гишүүн М.Батчимэг даргатай
аймгийн АН "Монгол дайван” компанитай хамтраад гурван жил болоход 200
айлын хороолол босгочихож чадахгүй байгаа улсад иргэд дахин итгэл
хүлээлгэх үү. "Бурхангүй газарт бумба галзуурна” гэгчээр лидер ч үгүй,
лойдор ч үгүй аймгийн АН-ын удирдлагуудыг овооны наадам дээр хоорондоо
зодолдож, тоосоо гөвөлцөж, хоёр гурвуулаа нийлж байгаад нэгнээ
намалдаглаж байх хооронд "Монгол дайван” компанийнхан Эрдэнэтийн өнгийг
гутааж байна. Ядаж л ирэх оны УИХ-ын сонгуулийн өмнө 120 байраа
дуусгахсан. Өнөөдрийн байдлаар дэд бүтэц, гэрэл цахилгаан, шугам сүлжээ,
хорооллын доторх хар зам нэрийн дор 200 айлд зориулж Эрдэнэтийн татвар
төлөгчдийн халааснаас 10 шахам тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс
зарцуулсан. Дахиад ч төдий тооны хөрөнгө мөнгө гарах сурагтай. Харин
барилгын ажлыг гүйцэтгэж байгаа "Монгол дайван” компаниас хэдэн төгрөг
гараа бол. Одоо тэнд амьдарч байгаа айл өрхүүдийн эздийн ярианаас
харвал "Монгол дайван” компанийн дарга нар аав ээждээ зориулж нүүрний
эгнээнд хоёр давхар харш бариулж байгаа гэх ярианаас харвал "Олуулаа
хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?” гэсэн АН-ын урианы хариу жинхэнэ утгаараа
тайлагдаж байх шиг.
Н.Төр