|

Мичин жилтэй “золгох” шадар сайд

namuunaa 2015/09/10 1362 204

 

Засаг бүрдлээ. Үүнийг сайн мэдээ гэж байна. Учир нь МАН засгаас гарч зургаан сайдын суудал эзгүй нэлээд удав. Эрх баригч АН-ын бүлэг шинээр сайд болох хүмүүст УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа, өмнөх Засгийн газарт сайд байгаагүй, аль нэг Байнгын хорооны даргаар биш хүнийг нэр дэвшүүлэх зарчмын шаардлагыг хамтарч буй намууддаа тавьжээ.

Энэ дагуу МАХН-аас эрхэм гишүүн Ц.Оюунбаатарыг Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлж, УИХ-аар томилсон юм.

Тэрээр Өмнөговь аймгийн Манлай суманд 1956 онд төрсөн. Шинээр томилогдсон сайд нараас ахмад нь, бас төрийн ажилд туршлагатай нь гэж байгаа. Ажлын туршлага, мэргэжлийг нь ч УИХ-ын гишүүд үнэлж, хамгийн өндөр хувиар дэмжин бараг 90 хувийн саналаар томилсон юм.

Ц.Оюунбаатар 1977 онд Улаанбаатар хотод Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын Их сургууль, 1994 онд Москва хотын Их сургуулийг төгссөн хуульч, эдийн засагч мэргэжилтэй, Эрх зүйн болон бизнесийн магистр, ОХУ-ын Ерөнхий прокурорын дэргэдэх Эрх зүйн институтын доктор юм байна.

Дорноговь аймгийн сум дундын прокуророор ажлын гараагаа эхэлж, Завхан аймгийн Прокурорын орлогч, Прокурор, УЕПГ-ын Хяналтын газрын дарга, Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, "Талх чихэр” ХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

Харин 2000-2004  онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байна. Түүнээс хойш МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,  ТЕГ-ын дарга байв. Ингэж яваад 2012 онд МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс УИХ-д сонгогдсон юм.

Ц.Оюунбаатар шаггүй сайн хуульч гэдгийг улстөрчид төдийгүй хуульчид хэлдэг. Тэрээр МАХН /одоогийн МАН/-ын урдаа барьдаг хуульч нь байсан. Сонгуулийн юм уу, намын эргэн тойрон дахь ямар нэг асуудлыг хуулийн талаас нь энэ эрхэм л зохицуулж ирсэн түүхтэй. Тэр утгаараа, өнөөдрийн УИХ-д хууль эрхзүйгээр "дуугардаг” гол гишүүдийн нэг. Мөн УИХ-д байтугай, Монголдоо цөөхөн хүний эрхийн хуульчийн нэг бол Ц.Оюунбаатар гишүүнийг гэдэг.

Үүнээс гадна тэрээр олон нийтийн ажилд ихээхэн оролцдог. Өөрөө төрийн бус байгууллага тэргүүлнэ. Тэмээн полог хөгжүүлэх ажлыг нуруун дээрээ авч, өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байгаа. Төрсөн нутаг Өмнөговьтоо хийж байгаа түүний томоохон ажлуудын нэг нь энэ. Ц.Оюунбаатар гишүүн саяхан "Монголын мистер-2015” тэмцээний шагнал гардуулаад зогсож байлаа. Учрыг асуувал залуудаа энэ спортоор хичээллэдэг байсан. Бодибилдингийн спортыг дэмжигч ажээ.

Шинэхэн Шадар сайдыг сонжвол нэг иймэрхүү. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч зургаан агентлаг бий.

Мөн тэрээр Улсын онцгой комиссын даргаар ажиллана. Мичин жил айсуй. Өнгөрсөн зуны царай тааруухан өнгөрсөн. Тэр утгаар нь харвал, Монголын улс төрийн дэгэн догоноос илүүтэй байгаль дэлхий түүнд томоохон шалгуур тавих бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top