|

Өлөн үедээ аспирин уувал ходоодны салстыг гэмтээн шархлаа үүсгэх магадлалтай

namuunaa 2015/09/10 1277 0
Наймдугаар сарын 22-ноос Монгол Улсын хэмжээнд Эмийн зохистой хэрэглээг дэмжих өдрүүд эхэллээ.

Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан эмийг өөрийн дураар хэрэглэх, эмэнд хордох, дасал болох явдал нэмэгдэж улмаар эрүүл мэнд амь насаараа хохирох явдал гарсаар байгаа аж.

Эмийг зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг.

 

 

Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг.

Эм хэрэглэгч энгийн хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх хийгээд хоол ундны дэглэмийг хэрхэн зохицуулахыг зөв шийдэх боломжгүй тул эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, түүний дагуу хэрэглэх нь зүйтэй.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эмийн зохистой хэрэглээг дэмжих өдрүүдийн хүрээнд эмийг хэдийд, яаж хэрэглэх, хадгалах талаарх зөвлөмжийг хүргэж байна. 

Эмийн хэрхэн хэрэглэх вэ?

Эмийн үйлдэл болон цаг хугацааны хамаарлыг судалдаг эм судлалын салбарыг хронофармакологи гэдэг. Энэ нь эмийн үйлдэл цаг хугацааны хэмнэлээс хэрхэн хамаарах, бие махбодийн хэмнэлт үйл ажиллагаанд эм хэрхэн нөлөөлөх, цаг хугацааны хэмнэлтэй уялдуулан эмийн эмчилгээг хэрхэн зохистой явуулахыг судалдаг. Эмийг хэдийд хэрэглэснээс эмчилгээний үйлдэл ихээхэн хамаардаг. Жишээлбэл: Нитроглицерин өглөө, дигоксин оройн цагаар илүү сайн үйлчилнэ. Эмийн хорон чанар, гаж нөлөө ч мөн цаг хугацаанаас хамааралтай байдаг. Жишээ нь пенициллины харшил 18-04 цагийн хооронд их тохиолддог байна.

Ихэнх тохиолдолд бие махбодийн идэвхтэй ажиллагааны үед эмийн үйлдэл сайн байдаг. Иймээс нойрсуулах эм шөнийн цагаар илүү сайн нөлөөлдөг бол шээс ялгаруулах үйл ажиллагаа шөнийн цагаар сул байдаг тул хаван хөөх эмийг өглөө хэрэглэх нь тохиромжтой байдаг.

Иймээс та эмийг өдөрт хэдэн удаа, өглөө, орой хэдийд хэрэглэх талаар эмчээс асууж заасан хугацаанд нь хэрэглэвэл эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх болно.

Эмийг хоол ундтай хэрхэн уялдуулах вэ? 

Эм нь хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхитай харилцан нөлөөлснөөс эмийн үйлдлийн идэвх буурах, эсвэл ямар нэг гаж нөлөө үүсэх нөхцөл болдог. Зарим хүнсний бүтээгдэхүүн тухайн эмийн биед шимэгдэх, биеэс ялгарах үйл ажиллагаанд нөлөөлдөг. Жишээ нь жимсний шүүсний хүчиллэг чанар нь пенициллин мэтийн антибиотикийн үйлдлийг бууруулдаг бол сүүн бүтээгдэхүүн тетрациклины үйлдлийг саармагжуулдаг.

Ууж хэрэглэх эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Шахмал, капсул, үрэл зэрэг хатуу эмийн хэлбэрүүд нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусмал байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул дийлэнх эмийг өлөн үедээ уух нь зүйтэй байдаг. Гэвч өлөн үедээ уух боломжгүй эмүүд бас бий. Жишээ нь аспирин, диклофенак зэрэг эмийг өлөн үед уувал ходоод гэдэсний салстыг цочроосноос дотор муухайрах, огиулахаас гадна ходоодны салстыг гэмтээн шархлаа үүсгэж болно.

Ихэнх эмийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд  тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уух хэрэгтэй. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой. Харин фестал, панкреатин зэрэг хоол шингээх бэлдмэлүүдийг хоол идэх үедээ хоолтой хамт хэрэглэнэ.

Эм хэрэглэж байгаа үед хоол ундны дэглэмийг нарийн баримтлах нь зүйтэй.

Эмийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

Эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээллийг мэргэжлийн ном, сонин сэтгүүлээс авч болохоос гадна эмч, эмийн санч нараас авч болно. Харин хэрэглэх гэж байгаа эмийнхээ хайрцаг  болон түүнийг дагалдан ирэх "Хэрэглэх заавар” -аас  дараах мэдээллийг аваарай.

Эмийн "Хэрэглэх заавар”-аас

  • Эмийн найрлага
  • Эмчилгээний үйлдэл
  • Хэрэглэх заалт
  • Эсрэг заалт
  • Хэрэглэх арга, тун
  • Гаж нөлөө
  • Бусад эмийн булдмэлтэй харилцан үйлчлэх байдал

Эмийн хайрцгаас

  • Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн нэр
  • Эмийн нэр, тун, хэмжээ
  • Эмийн хэлбэр /шахмал,капсул, тариа, дуслын шингэн г.м/
  • Эмийн найрлага /үндсэн ба туслах бодис/
  • Эмийг хадгалах нөхцөл
  • Үйлдвэрлэсэн он сар
  • Хүчинтэй хугацаа
  • Цувралын дугаар

Эмийг хэрхэн хадгалах вэ?

Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул дараах зөвлөмжийг анхаарна уу. Үүнд:

  • Аливаа эмийг шошго дээр заасан нөхцєлд зөв хадгалах
  • Эмийг хүүхдийн гар хүрэхээр газар тавьснаас ууж хордох тохиолдол их байдаг тул хүүхдээс зайдуу газар хадгалах
  • Эмийг сэрүүн, нарны гэрэл шууд тусахгүй харанхүй газар хадгалах
  • Эмийн санд найруулсан уусмалыг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
  • Нэр, тун хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй буюу хугацаа дууссан эмийг бүү хадгал, шууд устга.
  • Эмийн хүчинтэй хугацааг хянах, шаардлагатай мэдээллийг эргэн харахын тулд өөрийнх нь хайрцаг саванд хадгалаарай.
  • Цаасан болон полиэтиленд хадаатай эмийг хэрэглэх үед дууссан хоосон хэсгийг хайчилж хаядаг. Ингэхдээ эмийн нэр, тунтай хэсгийг заавал үлдээгээрэй. Учир нь дараа нь ямар эм болохыг мэдэхэд хялбар байх болно.

Эмийг худалдаж авахдаа юу анхаарах вэ?

Чанарын баталгаагүй эм авахаас сэргийлэхийн тулд эмийг зөвхөн эмийн сангаас авах нь зүйтэй. Хүмүүс эмийн сангаас эм худалдаж авахдаа зөвхөн хүчинтэй хугацааг ихэвчлэн хардаг. Энэ нь тухайн эмийн чанарыг мэдэхэд хангалтгүй байдаг. Иймээс хүчинтэй хугацаанаас гадна савлалтын бүрэн бүтэн байдал, өнгө, хэлбэр, гадаад байдал зэргийг шалгаж авч байх нь чухал. Үүнээс  гадна худалдан авах гэж байгаа эмээ яаж хэрэглэх талаар тодорхой мэдэхгүй байгаа бол эмийн санчаас асууж зөвлєгөө аваарай.

Эмийг хавсран хэрэглэхэд юу анхаарах вэ?

Манай ард иргэдийн дунд өвчилсөн үедээ олон эм уувал хурдан эдгэрдэг гэсэн ташаа ойлголт байдгаас хэт олон эмийг нэгэн зэрэг хавсран хэрэглэх нь түгээмэл байна. Өвчний хожуу болон хүндэрсэн үед эмийг зайлшгүй хавсран хэрэглэх шаардлага гардаг. Хоёр эмийг хамт хэрэглэхэд үр дүн нь тэдгээрийн аль нэгийг

Эм хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед цөөн эмийг эмчийн зөвлөмжийн дагуу зохистой тун хэмжээгээр хэрэглэж болно.

Учир нь:

  • Зарим эмүүд дангаар хэрэглэхэд аюулгүй ч бусад эмүүдтэй хавсарч хэрэглэхэд хортой нөлөө үзүүлэх тохиолдол гардаг.
  • Ихэнх тохиолдолд олон эм хавсран хэрэглэх нь оновчтой сонгосон цөөн эм хэрэглэснээс илүү үр дүнтэй байдаггүй.
  • Олон эмийг нэг дор хэрэглэвэл тэдгээрийн гаж нөлөө давхацсанаас сөрөг нөлөө ихсэнэ. Олон эмийг хэрэглэхэд гарах гаж нөлөө нь тухайн хүний хэрэглэсэн эмийн тоо, нас, биеийн онцлог, эрхтэн системийн эмгэг зэргээс хамаардаг бөгөөд ийм үед илэрсэн гаж нөлөө нь уг өвчний шинж тэмдэг мэт болж оношлоход төвөгтэй байдлыг үүсгэдэг.

Иймээс:

  • Өвчин хүндэрсэн үед  өөрөө дур мэдэн эмчилгээ хийхийн оронд эмчид ханд. Эмч таны өвчнийг оношилж тохирох эмийг сонгож өгөх болно. Та харин эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу зөв хэрэглээрэй.
  • Эмчид үзүүлэхдээ хэрэглэж байгаа эмийн талаар түүнд заавал мэдэгдээрэй.
  • Жоргүй олгодог хэд хэдэн эмийг зэрэг худалдаж авах бол найрлага нь ижил байгаа эсэхийг сайтар нягтлаарай.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох

Сэтгэгдэл

top