|

Бразил, Монголын иргэд харилцан визгүй зорчино

namuunaa 2015/09/23 1086 1
Энэ сарын 21-нд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд хатагтай Ч.Сосормаа, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны сайд ноён Мауро Виейра нар "Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, "Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурж, "Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцжээ.

Ингэхдээ Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар талууд хоёр талын сонирхолд нийцэж буй чиглэлээр багш, судлаач, мэргэжилтнийг харилцан солилцох боломжтой болж байна. Түүнчлэн, хоёр орны Гадаад хэргийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дипломат ажилтнуудыг харилцан солилцож, туршлага судлах, дипломат академи хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Уг санамж бичгийг байгуулах үеэр бразилийн тал өөрийн Дипломат академидаа Монголоос эхний ээлжид нэг дипломатчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаа илэрхийллээ. Визийн нөхцөлөөс харилцан чөлөөлөх тухай ноот солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараагаар хоёр орны иргэд аялал жуулчлал зэрэг ашгийн бус зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих, мөн ижил хугацаанд түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

top