|

Сэтгүүлчдийг Эрүүгийн хэргээр яллах нь чөлөөт шүүмжлэлийг нухчин дарж, ардчилсан нийгмийн суурь зарчмыг хязгаарладаг

bayaraa 2015/01/16 2513 207

Сэтгүүлчдийг Эрүүгийн хэргээр яллах нь чөлөөт шүүмжлэлийг нухчин дарж, ардчилсан нийгмийн суурь зарчмыг хязгаарладаг Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн "Хотын шуудан” сонины эрхлэгч Н.Мөнхтөрийг бичсэн материалынх нь дагуу Цагдаагийн газарт гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа. Үүний дагуу сэтгүүлчдийн эрхийг хамгаалж ажилладаг "Глоб интернэшнл төв” олон улсын байгууллагаас Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн нэр дээр дараахь албан бичгийг явуулжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна.

"Глоб интернэшнл төв” олон улсын байгууллагаас Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн танаа:

"Сэтгүүлч Н.Мөнхтөр аймгийн төрийн өндөр албан тушаалтнуудын талаар шүүмжлэлт цуврал нийтлэл бичжээ. Эдгээр нийтлэлээс үүдэн халдашгүй эрхэнд халдаж, удаа дараа гүтгэн доромжилсон гэсэн таны гомдлоор сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Та иргэний хувьд өөрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Танд хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой. НҮБ болон олон улсын хэм хэмжээгээр сэтгүүлчдийг Эрүүгийн хэргээр яллах нь чөлөөт шүүмжлэлийг нухчин дараад зогсохгүй ардчилсан нийгмийн суурь зарчмын нэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг.

Та бол иргэдийн өмнө амлалт авч, тэдний итгэлийг хүлээн сонгуульт албан тушаал эрхэлж буй нийтийн албан тушаалтан тул таны үйл ажиллагаа хуулийн хүрээнд нээлттэй, ил тод байх ёстой. Сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар яллах гэсэн таны энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн зүйл заалтыг ашиглан сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, дуу хоолойг нь боомилох цензур болон хувирч болзошгүй бөгөөд үнэн бодит мэдээлэл олж авах олон нийт болон сонгогчдын эрхийг ч мөн бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. Олон улсын жишгээр нийтийн албан тушаалтан нь олон нийтийн хараа хяналтад байж, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг. Олон нийт ч тэдний үйл ажиллагаа, үйлдлийг байнга хянах эрхтэй. Сэтгүүлч хүн олон нийтийн өмнөөс энэ үүргийг гүйцэтгэдэг бөгөөд нийгэмд буй аливаа бугшмал, хууль бус зохисгүй үйлдлийг илчлэн, үнэнийг мэдэх эрхэд үйлчилж байдаг онцгой үүрэгтэй хүмүүс юм. 2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас гаргасан Тунхаглалд "Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг сануулсан байдаг. Мөн 2011 оны 3-р сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Хүний эрхийн хорооноос Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактийн хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг хэлэлцээд, Монгол улсын Засгийн газарт хандан нэр, алдар хүндэд халдсан хэргийг Эрүүгийн хуулиас хасахыг зөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газар дээрх Пактийн хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн хороонд илгээх хугацаа энэ онд тохиож байна. Таны сэтгүүлчийн эсрэг үүсгэсэн Эрүүгийн хэргийг нягталж, Иргэний хууль эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлүүлнэ гэдэгт найдаж байна. "Глоб Интернэшнл төв” олон улсын байгууллага 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

2015-1-13-hawsralt1

2015-1-13-hawsralt2

Тэргүүн Х.Наранжаргал

 
эх сурвалж: erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top