|

Орон нутагт анх удаа малчдад махны урамшуулал олгож эхэллээ

namuunaa 2015/09/29 2177 234
Орон нутагт анх удаа малчдад махны урамшуулал олгож эхэллээ
Завхан аймгаас бэлтгэн хүргэж буй цуврал сурвалжлагууд маань үргэлжилж байна. Энэ удаад Монголдоо хоёрт орох томоохон үйлвэрийн нэг Завхан аймгийн Мах комбинатын үйл ажиллагаатайтай танилцлаа.

Энэ үеэр Мах комбинатын гүйцэтгэх захирал Б.Болдбаатартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.


 

-Баруун бүсийн аймгуудын махны хэрэгцээг хангаж чадаж байна уу. Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай үйлдвэр 1984 онд ОХУ-ын Техник эдийн засгийн үндэслэлээр Баруун таван аймгийн махыг хангах чиглэлээр байгуулагдаж байсан.

Гэвч тус үйлдвэр ахицгүй явж байсны учир 2007 онд дампуурлын ирмэг дээр байхад нь манай компани худалдан авч 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийж, сэргээн засварласан.

Ингэснээр орчин үеийн шаардлага хангахуйц  махны үйлдвэрийн хэмжээнд очсон байгаа. Улсын мэргэжлийн хяналтын газраас явуулдаг махны үйлдвэрүүдийн шалгуурт тэнцэж Хөрш зэргэлдээ орнууд болон гуравдахь ч орон руу  мах экспортлох эрхээ авсан байгаа. Ингээд 2012-2014 онуудад ОХУ руу мах болон махан бүтээгдэхүүн авах эрхээ авсан. Удахгүй Хятад руу монгол малын мах гаргах бололцоо нээгдэж байна.

-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд?

-Бид одоогоор 80 гаруй ажилчинтай. Үйлдвэр маань хоногт 500 бод , 1500 бог мал нядлах хүчин чадалтай. 

-Малчидтай хамтраад төсөл хэрэгжүүлж, урамшуулж байгаа гэсэн. Энэ талаараа?

-2014 оноос Завхан аймгийнхаа малчин, хоршоодтой хамтраад "Завхан нэгдэл” төслийн хэрэгжүүлж эхэлж байгаа. Ингэснээр бидний бэлтгэн нийлүүлэлт илүү сайжирсан. Энэ жилийн тухай л гэхэд 5000 орчим бог, 2000 гаруй бод мал малчдаас авсан. Малчдын гар дээр 6 орчим тэрбум төгрөг очсон. Ингэснээр малчдын аж амьдралд эерэгээр нөлөөлж, тэднийгээ бэлэн мөнгөжихөд тодорхой хувь нэмэр оруулсан байгаа.

Энэ төсөл маань Монгол Улсад анхдагч олон зүйлийг шингээсэн. Төслийн маань үндсэн гол зангилаа Завхан аймгийн тооллогод байдаг малын 5 орчим хувийг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал.  Төсөлд хамрагдсан бүх малчид махны урамшууллыг манай компаниас хүртэнэ. Тэгэхээр манай компани Монгол Улсад анх удаа хувийн хэвшлээс махны урамшуулалыг олгож эхэлж байгаа юм.

Тухайлбал, энэ жил нэг кг мах тутамд 100 төгрөгнийн урамшуулал олгож байгаа.

Хамгийн гол нь энэ төсөл мах бэлтгэлийг системтэйгээр сайжруулах, цаашлаад монгол бэлчээрийн малыг дэлхийд таниулах зорилготой юм.

Төсөл маань амжилттай хэрэгжвэл татварт жилдээ 500 сая төгрөг төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцоолол бий. Ер нь төсөл маань дэлхийд бэлчээрийн монгол малыг таниулах зорилготой.

-Хятадад махаа экспортлох боломжтой болсон гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Өнөөдрөөс Хятадын төлөөлөгчид ирж шалгалт хийнэ. Шалгалтын үр дүнгээс шалтгаалж гэрээгээ байгуулж Хятад улс руу Монголын хонь, ямаа, үхэр гаргах бололцоо нээгдэж байгаа. Энэ нээгдвэл Завхан аймаг төдийгүй Монгол Улсад маш хэрэгцээтэй зүйл болох юм. ОХУ руу мах экпортлох зөвшөөрлөө авчихсан байгаа. Эдийн засгийн байдлаасаа шалтгаалаад мах экспортлоход төвөгтэй байна.

-Бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй юу?

-Үйлдвэр маань нядалгааны үйлдвэр учир мах, дайвар бүтээгдэхүүн гаргаж байгаа. Нядалгааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн одоогоор үйлдвэрлээгүй. Гэхдээ энэ өвлөөс Завхан аймгаа хангахуйц хиамны үйлдвэр бий болгох зорилттой байна. Манай үйлдвэр дотоодын лабортартай.

-Нядалгааны газар учир хүнд нөхцөлд хүмүүс  ажилладаг байх. Ажилчдын нийгмийн халамж дээр хэрхэн анхаардаг вэ?

-Өглөө, оройдоо унаагаар үйлчилдэг. Өдөрт үнэгүй хоолтой. Эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, усанд орох газартай. Манайд ажиллаж байгаа бүх ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Үйлдвэрт таван эмч ажиллаж байгаа. Гэрээний дагуу холбогдох газруудтай шинжилгээнүүдээ баталгаажуулж ажилладаг.

Үйлдвэртэй танилцах явцад мах нядалгааны газарт эмэгтэйчүүд ихээр ажиллах болсон нь ажиглагдаж байв.  Тус үйлдвэрийн л гэхэд 50 хувь нь эмэгтэй ажилчид байсан бөгөөд хамгийн өндөр настай эмэгтэй нь 50 орчим настай гэнэ.  Харин хамгийн залуу эмэгтэй нь 1994 онд төрсөн ажилчин аж. Эмэгтэйчүүдийн хувьд нядалгаанд орж ажиллахгүй, бусад хөнгөн ажлуудыг хийдэг талаар үйлдвэрийн эмэгтэй ажилчид онцлов.

olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top