НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 23 жилийг ардаа үджээ.
Энэ өдөр улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, урамшуулах, хүндэтгэлийн арга хэмжээ зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг билээ.Үүнтэй холбоотойгоор Аймгийн засаг даргын тамгын газрын удирдлагууд алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан ахмад настнуудын тухайд шинэ залуу ажилтан албан хаагчдад үнэтэй сургаалаа хайрласан юм. Мөн засаг даргын тамгын газар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулсан харин ахмадууд өмнө ажиллаж байсан өрөө тасалгаандаа орж хуучин цаг үеэ дурсан хууч хөөрсөн сайхан цаг үедээ буцаж очсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт алба хааж төр засагтаа залуу нас хүч хөдөлмөрөө зориулж явсан 39 хүн бүртгэлтэй байдгаас 8 хүн нь санхүү төрийн сангийн хэлтэст 3 хүн статистикийн салбарт, 3 хүн цэргийн ангид, 6 хүн үйлчилгээний хэсэгт ажилладаг байжээ. Харин одоо тамгын газарт 48 залуучууд улс эх орныхоо эрх ашгийн төлөө амьдралаа зориулна гэсэн тангараг өргөж тэдний орыг залган авч ажиллаж байгаа юм байна.