Орхон аймагт зориулалтын кино театр барих ажил 2011 оноос эхтэй. 300 хүний суудалтай кино театрын барилгыг 2013 оноос орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн байдаг.
Одоогоор кино театрын барилгын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон. Кино театрын зориулалтаар баригдах тус барилга, болон төслийг үргэлжлүүлэх ажлыг хувийн хэвшилд шилжүүлэхээр өнгөрөгч 6-р сард тендер зарласан ч өнөөдрийг хүртэл тус ажлын гүйцэтгэгч тодроогүй байгааг хэллээ.
Аймгийн өмчийн харилцааны албаны мэдээлэлж байгаагаар тус ажилд зарлагдсан эхний тендерт Өргөө кино театр гэх ганц компани материалаа ирүүлжээ. Манай аймгийн тухайд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зориулалтын кино театртай болох гол зорилгын хүрээнд тус барилгыг цаашид заавал кинотеатрын зориулалтаар ашиглах мөн нэг жилийн хугацаанд барилгын ажилд орон нутгаас зарцуулагдсан хөрөнгийг эргэн нөхөх гэх зэрэг шалгуурыг нээлттэй уралдаант шалгаруулалтад оролцогч компанид тавьжээ.
Харин эхний шалгаруулалтад оролцсон Өргөө кино театр компанийн тухайд аймгаас гарсан хөрөнгийг 5 жилийн хугацаанд төлөх боломжтой гэсэн материал ирүүлжээ. Түүнчлэн тус компани тендерт оролцохдоо дэнчингээ ирүүлээгүй учраас эхний тендер хүчингүй болсон байна.
Одоогоор 2 дахь тендер зарлагдсан байгаа бөгөөд 10-р сарын 14 гэхэд тендерийн хугацаа дуусах юм байна.
Одоогоор 2 дахь тендер зарлагдсан байгаа бөгөөд 10-р сарын 14 гэхэд тендерийн хугацаа дуусах юм байна. Өнөөдрийн байдлаар тендерт оролцох санал ирүүлсэн компани байхгүй байгааг хэллээ. Түүнчлэн аймгийн зүгээс тендерт оролцох ААН байгууллагуудад харьцангуй өндөр шаардлага тавьж байгааг онцолсон.
Улсын хэмжээнд зориулалтын кино театрын үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллага байдаг бөгөөд энэ удаагийн тендерт ААН байгууллагууд оролцох санал ирүүлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч ажиллах гэнэ. Эргэн сануулахад кино театрын барилгын ажилд 1 тэрбум 269 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд оролцогчийн санхүүгийн санал нь тухайн хөрөнгийн худалдаалах доод үнэ буюу 1 тэрбум 269 сая төгрөгөөс багагүй байхаар тендерт туссан юм.
erdenetinfo.mn