|

"Макро эдийн засгийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлснээр шинэ тэнцвэрт хүрнэ..."

zulaa 2015/10/26 835 0

Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай ярилцлаа.

 

-УИХ-аар мөнгөний бодлогын төсөл болон 2015 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай уялдуулан эдгээрийн тооцоо, судалгаа, гаргалгаа хэр уялдаа холбоотой, зүй зохистой төвшинд боловсруулагдаж чадав. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Монголбанк нь улсын төсвийн талаарх саналаа Төв банкны тухай хуульд заасан эрхийн дагуу Засгийн газарт жил бүр хүргүүлдэг. Энэ оны хувьд бид хоёр саналтай байгаа. Нэгдүгээрт, улсын төсвийн төслийг боловсруулахдаа өрийг нэмэгдүүлэхгүй байх, бодитой төлөвлөх, нэгдмэл байх гэсэн 3 суурь зарчмыг баримтлаач гэж хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, төсвөө алдагдалгүй баталж, нэмж өр тавихгүй байх, хувийн хэвшлийн тэлэх орон зайг гаргах, төсвийн орлого, зарлага илүү бодитой тооцоолох, Хөгжлийн банкны санхүүжилт зэрэг төсвийн шинж чанартай бүхий л зардлаа төсөвтөө нэгтгэн тооцно гэсэн үг. Хоёрдугаарт, хэрэв энэ зарчмыг баримталбал, 2016 оны төсвийн төслийн орлого, зарлагын төлөвлөгөө энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төлөвлөж, батлуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Эдийн засгийн ирэх оны төлөв, энэ оны орлогын тасалдлыг харвал ингэж төлөвлөх нь зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

-Засгийн газраас зардлаа бууруулж, алдагдлаа 3.25 хувьд хүргэхээр төлөвлөсөн нь хангалтгүй гэж үү?

-Экспортын үнийн индекс 9 дахин өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.долларт хүрч, эдийн засаг 17.3 хувиар өсч байсан 2011 онд улсын төсвийн алдагдал 3 хувьтай байсан. Гэтэл одоо экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт аль аль нь сул, эдийн засаг 3 хүрэхгүй хувьтай өсч байхад улсын төсөв яг хэвээр, бараг илүү алдагдалтай байна. Эндээс үзвэл, нэгдүгээрт хямралтай байна гэж ярьсан сүүлийн 3 жилд сөрөг нөлөөлөл, ачаалал нь улсын секторт очоогүй, харин хувийн хэвшилд хүнд тусч ирсэн. Дараа жил энэ байдал үргэлжилбэл, хувийн сектор удаан тэсч чадахгүй, байдал хүндэрнэ. Хоёрдугаарт, эдийн засаг нэгэнт агшсан тул төрийн үйлчилгээ ч гэсэн нөхцөл байдалдаа нийцсэн илүү цомхон, үр ашигтай байх ёстой болж байна. Гуравдугаарт, хувийн хэвшлийг дэмжих бодлогын орон зай гарч, зохицуулалтыг зөв хийж чадвал бид одоогийн энэ хүндрэлээс гарч чадна. Энэ бүгдийг зөвхөн Монголбанк ч биш, Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд маш тодорхой хэлж, зөвлөж байна.

-Энэ нь мөнгөний бодлого, тэр дундаа макро эдийн засгийн "шинэ тэнцвэр” гэсэн ойлголттой холбоотой юу? Ер нь яагаад шинэ гэж нэрлэв?

-Тийм, төсвийн бодлогыг өөрчлөх нь "шинэ тэнцвэр”-т хүрэх бодлогын нэг хэсэг юм. Бид уул уурхайн супер мөчлөгийн үед уул уурхайн салбараас хэт хамааралтай болж, эдийн засаг, нийгэм нь экспорт, хөрөнгө оруулалтыг дагаж савалдаг, иргэд эдийн засгийн өсөлтийг бага хүртэж, хүндрэл, ачааллыг нь түлхүү авдаг, хуримтлалаас илүү хэрэглээг нь дэмжсэн бодлоготой явж ирсэн. Үүнийг төсөв, гадаад төлбөрийн тэнцвэр нь алдагдаж, хос алдагдалтай болсон "хуучин тэнцвэр” гэж хэлээд байгаа юм.

Харин одоо уул уурхайн бүтээгдэхүүний супер мөчлөг нэгэнт дуусгавар болсон тул төрөлжсөн, дотоодын хуримтлалтай, тогтвортой өсөлттэй эдийн засгийн гадаад, дотоод тэнцлийн тогтвортой тэнцвэрийг "шинэ тэнцвэр” гэж нэрлэж, үүнд чиглэсэн макро эдийн засгийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх санал тавиад байгаа юм.

Энэ бодлогыг хэрэгжүүлэхийг 3 жилийн өмнөөс зорьж байсан хэдий ч урсгал дансны алдагдлыг 3.4 тэрбум ам.доллараас 0.4 тэрбум ам.долларт хүртэл багасган гадаад тэнцлийг хангаж, инфляцийг жилийн 14 хувиас 4.9 хувьд буулгаснаар өнөөдөр хэрэгжүүлэх боломжтой, бүр шаардлагатай ч болж байна.

-Зөвхөн улсын төсвийн алдагдлыг бууруулснаар энэ шинэ тэнцвэр хүрнэ гэсэн үг үү? Өөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна?

-Төсвийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, оновчтой болгох, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулж, нийт экспортын 1/3-д хүргэн гадаад валютын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж, ДНБ-ний 15-20 хувьд хүргэн нэмэгдүүлэх, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог үргэлжлүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх зэрэг олон арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэж бодлогын арга хэмжээг зэрэг, тууштай авч хэрэгжүүлбэл эдийн засгийн шинэ тэнцвэртээ хүрч чадна гэж үзэж байгаа.

-Энэ сарын байдлаар инфляци 4.6 хувьд хүрч буурлаа гэж хэллээ, харин ирэх оны хувьд юу гэж төсөөлсөн вэ?

-Ирэх оны үндсэн чиглэлийг "Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах” гэж томьёолсон. Энэхүү хүрээнд инфляцийг 2016-2018 онд 5-7 хувийн хооронд төсөөлсөн. Инфляцийн нам, тогтвортой бага түвшин нь иргэдийн бодит орлогыг хамгаалж, зохистой эдийн засгийн тэнцвэрийг хангана.

-Гэхдээ инфляци 4.6 хувьд хүрч буурсан байхад бодлогын хүү 13 хувьтай хэвээр байна. Хэзээ мөнгөний хатуу бодлогоо зөөллөж хувийн хэвшлийг дэмжих вэ?

-Тиймээ, мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлсэн хэвээр байна. Өнөөдрийн нөхцөл байдал нь бодлогын мөнгөний бодлогын төлвийг сулруулах боломж олгохгүй байна. Хэрэв төсөв дотоод өрийг нэмэгдүүлэхгүй байхаар батлагдаж, өмнө хэлсэн арга хэмжээнүүдийг авч эхэлбэл мөнгөний бодлогыг зөөлрүүлж тэр орон зайд нь эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын экспорт, хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой болно. Түүнчлэн улсын зээлжих зэрэглэл сайжирч, дотоодын зээлийн хүү буурснаар Засгийн газрын гадаад, дотоод өрийн үйлчилгээний дарамт багасч, төсөв сайжрах боломж бүрдэнэ. Ирэх жилүүдэд бид их хэмжээний гадаад зээлийн төлбөртэй гэдгийг дурьдах нь зүйтэй байх.

-Нэгэнт Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс ярилцлага авч байгаа учраас банктай холбоотой ганц асуулт тавья. Учир нь, чанаргүй зээлийн хэмжээ өссөн үзүүлэлтийн цаана банкны салбарын дархлаа тогтворжиж чадсан уу гэдэг эргэлзээ зарим нэг хүнд төрөхийг үгүйсгэх аргагүй юм?

-Эдийн засгийн идэвхижил суларч, уул уурхайн салбарын өсөлт буурсантай холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээ өссөн байгаа. Манай зүгээс системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор банкуудын төлбөрийн чадварыг хадгалахад хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх, банк болон зээлдэгчдийн ханшийн эрсдэлийг бууруулах, хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, мөчлөг сөрсөн хяналт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цаашид ч банкны салбарын эрсдэл даах чадвар, санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлыг цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай.

-Ам.долларын ханш 2000 төгрөг орчимд байгааг та бодит ханш гэж үзэж байна уу. Эсвэл өөр тайлбар өгөх үү?

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь гадаад худалдаа, шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл зэрэг валютын эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог, одоогийн түвшин нь макро эдийн засгийн өнөөгийн нөхцөлтэй нийцтэй ханш гэдгийг бүгд мэддэг болсон. Гагцхүү энэ нь уул уурхайн экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтад суурилсан бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна гэдэг л асуулт байна. Одоо танд өгч байгаа энэ хүснэгтээс харвал төгрөгийн ханш 9 дүгээр сарын байдлаар ам.долларын эсрэг 6 хувиар суларсан бол Чилийн песо 12 хувиар, Өмнөд африкийн ранд 13 хувиар, Австралийн доллар 17 хувиар, Алжирын динар 19 хувиар суларсан байна. Эндээс төгрөг харьцангуй бага суларсан байгаа нь харагдах байх.

-Энэ хариулт та бид хоёрын ярилцлагыг санхүүгийн боловсрол гэдэг ойлголт руу чиглүүлчихлээ. Энэ чиглэлээр Монголбанкнаас ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Иргэдийн нь санхүүгийн боловсрол өндөр улс оронд эдийн засгийн бодит хандлагыг мэдэрч, тэр дагуу өөрийн орлого, зарлагаа удирдах төлөвшил сайн байдаг. Манай хүн амын 98 хувь нь бичиг үсэгтэй гэж ярьдаг. Санхүүгийн боловсрол ч үүнтэй адил байх ёстой. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хүн бүр банктай, мөнгөтэй харьцдаг. Тэр хэрээр дараа, дараагийн шийдвэр гаргахдаа санхүүгийн мэдлэгээ ашиглаж чаддаг болбол ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгддэг. Иймд хөтөлбөрийг 2016-2021 оны хооронд хэрэгжүүлнэ.

-Насны хэмжүүр бий юу?

-Нийт ард түмнийг хамарсан байх ёстой. Дөрвөн тэргүүлэх чиглэлд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус, хөдөө орон нутгийн иргэд, нийтээр нь хамарсан гэсэн дөрвөн чиглэлд хэрэгжүүлнэ. Сургуулийн сурагчдыг бага ангиас нь хамруулна. Банк гэж юу юм. Хэрхэн мөнгөө хуримтлуулах вэ. Зөв зарцуулалт гэж юу болох. Хүсэл, хэрэгцээ хоёроо хэрхэн ялгах гэх мэт энгийн ойлголтоос эхэлнэ. Залууст бол зохистой санхүүгийн шийдвэрийг хэрхэн гаргах вэ, ирээдүйгээ харсан урьдач байдлаар өөрийн болоод өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулах вэ гэдгийг заана. Малчдын хувьд орлогын эх үүсвэр нь улирлын чанартай байдаг учраас жилийн бусад улиралд өрхийн санхүүгээ хэрхэн хүртээмжтэй удирдах талаарх мэдлэг олгоно. Гол нь иргэдийн санхүүгийн суурь мэдлэг сайжирснаар эдийн засгийн чадавх нь баталгаажаад зогсохгүй банк санхүүгийн салбарын дархлааг бүрэн утгаар нь дэмжих боломжтой болно.

-Мэдээж иргэн бүр дор бүрнээ санхүүгийн боловсролтой болчихвол Монголбанкнаас мөнгөний бодлогын төсөлд тусгасан "Хуримтлалаараа эдийн засгаа тэтгэх” гэдэг үндсэн зарчим зөвхөн төрийнх бус бүх нийтийнх болж хувирах бололтой юм. Тийм үү?

-Үүнтэй холбоотой Норвегийн жишээг харах хэрэгтэй. Улсаараа нэг хуримтлалын сантай. Газрын тосноос олсон орлогоо хуримтлалын сандаа цуглуулж, нөөц нь дуусах цагт тэр сангийнхаа мөнгөөр амьдарна гэж төлөвлөдөг. Санд цугларсан мөнгийг хүн амд нь хуваагаад үзэхээр бүх иргэн нь саятан болчихсон байх жишээний. Бид өнөөдөр ч ийм зорилго тавих хэрэгтэй. АНУ байна. Иргэд нь нийгмийн даатгалаараа хувьцааны бизнес хийх замаар хөрөнгө босгодог. Ийм жишээг бид алсаас хайх бус улс орондоо хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн боловсрол олгох төслийг боловсруулсан гэж ойлгож болно.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Тоймч Г.ОТГОНЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

top